- Нүүр
- Эрх зүйн акт
- Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн ажиллах журам
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2021 оны ... дугаар зарлигийн хавсралт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх олон нийтийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ нь орон тооны бус байх ба үйл ажиллагаандаа энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Зөвлөлийн үйл ажиллагааны зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, Нэгдсэн Үндэстний байгууллагын Авлигын эсрэг конвенц, Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр болон холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг татан оролцуулах, тэдний санал, бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар эрх бүхий байгууллагад зөвлөмж өгөхөд оршино.
1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, нууц хадгалах зарчмыг баримтална.
1.4. Зөвлөл нь Авлигатай тэмцэх газрын хараат бус байдал, бие даасан үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандана.
Хоёр. Зөвлөлийн чиг үүрэг
2.1. Зөвлөл нь олон нийтийг төлөөлөн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах талаар санал, санаачилга гарган ажиллах, холбогдох төрийн бус болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах;
2.1.2. авлигын талаар олон нийтийн санал бодлыг Авлигатай тэмцэх газарт уламжлах;
2.1.3. авлигын нөхцөл байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор судалгаа хийх, зөвлөмж гаргах;
2.1.4. Авлигатай тэмцэх газарт өгсөн зөвлөмжийн мөрөөр авсан арга хэмжээний биелэлтийн талаарх мэдээлэл гаргуулан авах;
2.1.5. төрийн байгууллага болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмж, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үр дүнтэй танилцах;
2.1.6. авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй бодлого, үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах сургалт, сурталчилгааны ажилд оролцох;
2.1.7. авлигатай тэмцэх олон улсын байгууллагуудын туршлагыг судлан нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
2.1.8. хууль тогтоомжид заасан бусад.
2.2. Зөвлөл нь хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар шаардлагатай бол зөвлөмж гаргах ба зөвлөмжийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.
Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр
3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Зөвлөлийн хуралдаан /цаашид "Хуралдаан" гэх/ байна.
3.2. Хуралдааныг улиралд 2-оос доошгүй удаа, Ажлын хэсгийн хурлыг зарласнаар хийх ба гишүүдийн олонх оролцсоноор хуралдаан, хурлыг хүчинтэйд тооцно.
3.3. Зөвлөл нь хуралдааны дэг, зохион байгуулалтын асуудлаа өөрөө тогтооно.
3.4. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга, гишүүд санал болгож, хэлэлцэх эсэхийг хуралдаанаар шийдвэрлэнэ.
3.5. Зөвлөл ажлаа Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр тайлагнана. Зөвлөл шаардлагатай гэж үзсэн асуудлыг тухай бүр Ерөнхийлөгчид мэдээлж болно.
3.6. Зөвлөл үйл ажиллагааныхаа жилийн тайлан болон энэ журамд заасан мэдээлэл, зөвлөмжийн талаар олон нийтэд мэдээлж болно.
Дөрөв. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
4.1. Зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба Зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилно.
4.2. Зөвлөлийн гишүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагчийг нэр дэвшүүлэхгүй.
4.3. Зөвлөлийн гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараах үндэслэлээр чөлөөлнө:
4.3.1. гэмт хэрэг үйлдэж гэм буруутайг нь шүүхээс тогтоосон;
4.3.2. төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албанд сонгогдсон, эсхүл томилогдсон, бусад шалтгаанаар иргэний нийгмийн байгууллагыг төлөөлөх боломжгүй болсон;
4.3.3. чөлөөлүүлэх тухай хүсэлтээ өөрөө гаргасан, эсхүл эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;
4.3.4. Зөвлөлийн болон Ажлын хэсгийн үйл ажиллагаанд хүндэтгэх шалтгаангүйгээр оролцохгүй болсон.
4.4. Зөвлөлийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч чөлөөлнө.
4.5. Зөвлөл нь санал зөвлөмжийн төсөл боловсруулах, Зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх үүрэг бүхий дараах Ажлын хэсгийг байгуулан ажиллуулна. Үүнд:
4.5.1. Олон нийттэй харилцах Ажлын хэсэг;
4.5.2. Судалгаа шинжилгээний Ажлын хэсэг.
4.6. Зөвлөлийн хуралдаанаар Зөвлөлийн гишүүдийг Ажлын хэсэгт хуваан харьяалуулна. Зөвлөлийн хуралдаанаас Зөвлөлийн даргыг, Ажлын хэсгийн хурлаар Ажлын хэсгийн ахлагчийг нэр дэвшүүлэн сонгоно.
4.7. Ажлын хэсэг нь Зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааг энэхүү журмын 5.1, 5.2-т заасан чиглэлээр зохион байгуулна.
Тав. Ажлын хэсгийн үйл ажиллагааны чиглэл
5.1. Олон нийттэй харилцах Ажлын хэсэг нь дараах чиглэлийг баримтлан ажиллана:
5.1.1. олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг таниулах, тэдэнд авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх;
5.1.2. авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар хурал, зөвлөгөөн, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;
5.1.3. авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллагуудын болон иргэдийн сайн дурын үйл ажиллагаа, хөдөлгөөнийг дэмжин Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай уялдуулах;
5.1.4. авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах.
5.2. Судалгаа шинжилгээний Ажлын хэсэг нь дараах чиглэлээр ажиллана:
5.2.1. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт болон авлигын нөхцөл байдлын талаар судалгаа хийж, түүнд дүгнэлт өгөх;
5.2.2. авлигын нөхцөл байдал, цар хүрээ, олон нийтийн хандлагын талаарх Авлигатай тэмцэх газрын судалгаанд санал, зөвлөмж өгөх,
5.2.3. авлигатай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал, зөвлөмж гаргах;
5.2.4. Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах болон авлигатай хамтран тэмцэх талаар байгууллага, иргэдэд хандан уриалга, зөвлөмж гаргах;
5.2.5. авлигатай тэмцэх олон улсын сайн туршлагыг судлан, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Зургаа. Зөвлөлийн гишүүн, дарга, Ажлын хэсгийн ахлагчийн бүрэн эрх
6.1. Зөвлөлийн гишүүн нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөх ба дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх;
6.1.2. энэхүү журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх талаар санал, санаачилга гаргах;
6.1.3. авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах;
6.1.4. улс төрийн нам, аливаа эвсэл, хөдөлгөөний шахалт, шаардлагад автахгүй байх, улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулах;
6.1.5. хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд Зөвлөлийн хуралдаан болон Ажлын хэсгийн хуралд оролцох.
6.2. Зөвлөлийн дарга энэхүү журмын 6.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.2.1. Зөвлөлийг төлөөлж Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллага, иргэдтэй харилцах;
6.2.2. Зөвлөлийн хуралдааны товыг зарлан зохион байгуулж, удирдан явуулах;
6.2.3. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг Авлигатай тэмцэх газрын даргад өгөх, зөвлөмжийн үндэслэлийн талаар тайлбарлах;
6.2.4. Зөвлөлийн ажлыг төлөвлөн зохион байгуулж, удирдах;
6.2.5. Зөвлөлийн даргын эзгүйд түр орлох гишүүнийг томилох.
6.3. Ажлын хэсгийн ахлагч нь энэхүү журмын 6.1-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1. Ажлын хэсгийн хурлын товыг зарлан зохион байгуулж, удирдан явуулах;
6.3.2. Зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх Ажлын хэсгээс дэвшүүлсэн асуудлыг Зөвлөлийн даргатай зөвшилцөн хуралдаанд оруулж танилцуулах.
6.4. Зөвлөлийн гишүүн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахыг хориглоно.
Долоо. Авлигатай тэмцэх газрын эрх, үүрэг
7.1. Авлигатай тэмцэх газар нь Зөвлөлтэй хамтран ажиллах талаар дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
7.1.1. хууль, журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж ажиллах;
7.1.2. Зөвлөлийн ажлын өрөө, хуралдаан явуулах байр, шаардлагатай техник хэрэгслээр хангах;
7.1.3. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад туслалцаа, дэмжлэг үзүүлэх ба хууль тогтоомжид заасан чиг үүргийн дагуу хамтран ажиллах;
7.1.4. Зөвлөлд хандан авлигатай тэмцэх тодорхой асуудлаар дэмжлэг туслалцаа хүсэх;
7.1.5. хуульд өөрөөр заагаагүй бол Зөвлөлийг шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
7.1.6. Авлигатай тэмцэх газрын төлөөлөл нь Зөвлөлийн хүсэлтээр хуралдаанд оролцож болох ба тус байгууллагын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар саналаа илэрхийлэх.
---оОо---
Текст томруулах
A
A
A