A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Батлан хамгаалахын сайдын 2021 оны
02 дугаар сарын 22-ны өдрийн
А
/31 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ  БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

1.2. Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам /цаашид "журам" гэх/-ын эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын хуулиуд болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж байна.

 

1.3. Журмын үйлчлэлд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага /цаашид "төрийн цэргийн байгууллага" гэх/, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /цаашид "хууль сахиулах байгууллага" гэх/-ын алба хаагч хамаарна.

 

1.4. Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), бүс нутгийн холбогдох бусад байгууллага, ажиллагаа явагдаж байгаа болон хамтран оролцох улс орны зүгээс энэ журамд зааснаас өөр тусгайлсан нөхцөл, шалгуурыг тавьсан тохиолдолд НҮБ-ын дүрэм, олон улсын гэрээний заалттай нийцүүлэн дагаж мөрдөнө.

 

Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

 

2.1. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 3.1 дэх хэсэгт зааснаас гадна дараах нэр томьёог дор дурдсанаар ойлгоно:

2.1.1. "Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч цэргийн алба хаагч" гэж энхийг дэмжих ажиллагааны удирдах албан тушаалтан, штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээр томилогдсон офицер, ахлагчийг.

 

Гурав. Сонгон шалгаруулалтын хэлбэр, тавигдах шаардлага,

шалгалтын төрөл, зохион байгуулалт

 

3.1. Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалт нь дараах хэлбэртэй байна:

 

3.1.1.цэргийн алба хаагчийн;

 

3.1.1.1.удирдах албан тушаалтны;

 

3.1.1.2.штабын ажилтны;

 

3.1.1.3.цэргийн мэргэжилтний.

3.1.2.цэргийн багийн удирдлагын;

 

3.1.3.цэргийн багийн бие бүрэлдэхүүний.

 

3.2. Энхийг дэмжих ажиллагааны албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл, гүйцэтгэх үүргийн онцлогийг харгалзан энэхүү журмын 3.1.1, 3.1.2-т заасан цэргийн алба хаагч гэдэгт дараах албан тушаалд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг хамруулж ойлгоно:

 

3.2.1.энэ журмын 3.1.1.1-т заасан удирдах албан тушаалтанд цэргийн хүчний командлагч, командлагчийн орлогч, НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт удирдах, түүнтэй дүйцэх албан тушаалд болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны алба, нэгжийн дарга, нэгдсэн штабын удирдах албан тушаалын орон тоонд үүрэг гүйцэтгэх алба хаагчийг;

 

3.2.2.энэ журмын 3.1.1.2-т заасан штабын ажилтанд цэргийн хүчний командлалын штабын дарга, хэлтсийн дарга, бүсийн командлагч, командлагчийн орлогч, штабын дарга, штабын офицер, ахлагчийн албан тушаалд үүрэг гүйцэтгэх алба хаагчийг;

 

3.2.3.энэ журмын 3.1.1.3-т заасан цэргийн мэргэжилтэнд цэргийн ажиглагч, цэргийн холбогч офицер, цэргийн ахлах зөвлөх, цэргийн зөвлөхийн албан тушаалд үүрэг гүйцэтгэх алба хаагчийг;

3.2.4.энэ журмын 3.1.2-т заасан цэргийн багийн удирдлагад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр томилогдсон Зэвсэгт хүчний батальон /рот, тусгай нэгж/-ы захирагч, захирагчийн орлогч, штабын дарга, батальон /рот, тусгай нэгж/-ы ахлагч нарыг.

 

3.3. Энэ журмын 3.1-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнд дараах нийтлэг шаардлага тавигдана:

 

3.3.1.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1-т заасан нийтлэг үүрэг, Цэргийн албаны тухай хуулийн 19.2-т заасан шалгуур үзүүлэлт болон төрийн албан хаагчийн ёс зүйн шаардлагыг хангасан байх;

 

3.3.2.цэргийн зохих шатны мэдлэгтэй, мэргэжлийн болон багаар ажиллах ур чадвартай байх;

 

3.3.3.албан тушаалын үүргийн биелэлт, цэргийн сахилга, сургалт бэлтгэлийн дүнгээр В-ээс доошгүй үнэлэгдсэн байх;

 

3.3.4.цэргийн эмнэлгийн комиссын үзлэгээр орж, биеийн эрүүл мэндээр тэнцсэн байх;

 

3.3.5.хамт олны дунд нэр хүндтэй, зан харьцаа, ёс суртахууны хувьд төлөвшсөн, гэмт хэрэг, сахилгын зөрчил гаргаагүй байх;

 

3.3.6.болзошгүй цагийн байдал, эрсдэлийг үнэлэх, түүнийг даван туулах бие бялдар болон сэтгэл зүйн бэлтгэлжилттэй байх;

 

3.3.7.цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөсөн, цэргийн цолтой байх.

 

3.4. Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай байна.

 

3.5. Энэ журмын 3.1.1.2, 3.1.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь НҮБ-ын холбогдох сургалт, дамжааг дүүргэж, сертификат авсан байна.

 

3.6. Энэ журмын 3.1.1-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчид дараах тусгай шаардлага тавигдана:

 

3.6.1.энэ журмын 3.2.1-т заасан албан тушаалд үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 20-оос дээш жил цэргийн алба хаасан, дэд хурандаа, түүнээс дээш цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 80-аас дээш оноо авсан, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, нэгдсэн штабт ажиллах, англи хэлээр баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай байх;

 

3.6.2.энэ журмын 3.2.2-т заасан цэргийн хүчний командлалын штабын дарга, бүсийн командлагчаар үүрэг гүйцэтгэхээр штабын ажилтны сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 20-оос дээш жил цэргийн алба хаасан, хурандаа, бригадын генерал цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 80-аас дээш оноо авсан, энхийг дэмжих ажиллагаанд энэ журмын 3.6.3-т заасан аль нэг албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах, англи хэлээр баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай байх;

 

3.6.3.энэ журмын 3.2.2-т заасан цэргийн хүчний командлалын хэлтсийн дарга, бүсийн командлагчийн орлогч, штабын дарга, штабын ахлах офицероор үүрэг гүйцэтгэхээр штабын ажилтны сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 16-аас дээш жил цэргийн алба хаасан, дэд хурандаа, хурандаа цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 80-аас дээш оноо авсан, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн мэргэжилтэн, штабын офицероор үүрэг гүйцэтгэсэн туршлагатай, нэгдсэн штабт ажиллах, англи хэлээр штабын төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай байх;

 

3.6.4.энэ журмын 3.2.2-т заасан штабын офицероор үүрэг гүйцэтгэхээр штабын ажилтны сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 12-оос доошгүй жил цэргийн алба хаасан, ахмад, хошууч, дэд хурандаа цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 75-аас дээш оноо авсан, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэсэн туршлагатай, англи хэлээр штабын төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай байх;

 

3.6.5.энэ журмын 3.2.2-т заасан штабын ахлагчаар үүрэг гүйцэтгэхээр штабын ажилтны сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 8-аас доошгүй жил цэргийн алба хаасан, ахлах ахлагч, түүнээс дээш цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 75-аас дээш оноо авсан, энхийг дэмжих ажиллагаанд 2-оос доошгүй удаа үүрэг гүйцэтгэсэн, албан хэрэг хөтлөх, англи хэлээр баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай байх;

3.6.6.энэ журмын 3.2.3-т заасан цэргийн ажиглагч, цэргийн холбогч офицероор үүрэг гүйцэтгэхээр цэргийн мэргэжилтний сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан, ахмад, хошууч, дэд хурандаа цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 70-аас дээш оноо авсан, англи хэлээр хэлэлцээр хийх, баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай, радио холбоо, мэдээллийн техник хэрэгсэл, байршил тогтоогчийг ашиглах чадвартай, 5-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, механик хурдны хайрцагтай автомашин /4х4/-ыг жолоодох ур чадвартай, техник хэрэгсэлд өдөр тутмын техникийн үйлчилгээг бие даан хийх дадлага, туршлагатай байх;

 

3.6.7.энэ журмын 3.2.3-т заасан цэргийн ахлах зөвлөх, цэргийн зөвлөхөөр үүрэг гүйцэтгэхээр цэргийн мэргэжилтний сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 15-аас доошгүй жил цэргийн алба хаасан, ахлах офицерын цэргийн цолтой, англи хэлний түвшин тогтоох шалгалтад 80-аас дээш оноо авсан, нэгдсэн штабт ажиллах, англи хэлээр төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах болон ярианы чадвартай, радио холбоо, мэдээллийн техник хэрэгсэл, байршил тогтоогчийг ашиглах чадвартай, 5-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон, механик хурдны хайрцагтай автомашин /4х4/-ыг жолоодох ур чадвартай, техник хэрэгсэлд өдөр тутмын техникийн үйлчилгээг бие даан хийх дадлага, туршлагатай байх.

 

3.7. Энэ журмын 3.1.1-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь энэ журмын 3.3-т заасан нийтлэг шаардлага, энэ журмын 3.6-д заасан тусгай шаардлагаас гадна НҮБ, бүс нутгийн бусад холбогдох байгууллага, ажиллагаа явагдаж байгаа болон хамтран оролцох улс орны зүгээс тавьсан шаардлагуудыг хангасан байна.

 

3.8. Энэ журмын 3.1.2-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчид дараах тусгай шаардлага тавигдана:

 

3.8.1.энэ журмын 3.2.5-д заасан батальоны захирагчаар үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 20-оос дээш жил цэргийн алба хаасан, дэд хурандаа, хурандаа цэргийн цолтой, стратеги, тактик, команд-штабын мэргэжилтэй, англи хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай байх;

 

3.8.2.энэ журмын 3.2.5-т заасан ротын захирагчаар үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 15-аас доошгүй жил цэргийн алба хаасан, хошууч, дэд хурандаа цэргийн цолтой, команд тактикийн офицер мэргэжилтэй, гадаад хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай байх;

 

3.8.3.энэ журмын 3.2.5-т заасан тусгай нэгжийн захирагч /дарга/-аар үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 15-аас доошгүй жил цэргийн алба хаасан, ахлах офицерын цэргийн цолтой, тухайн чиглэлийн мэргэжлийн сургууль төгссөн, командын офицер мэргэжилтэй, гадаад хэлний ахисан дунд түвшний мэдлэгтэй, удирдан зохион байгуулах, шийдвэр гаргах чадвартай байх;

 

3.8.4.энэ журмын 3.2.5-т заасан батальон /рот, тусгай нэгж/-ы захирагчийн орлогч, штабын даргаар үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 15-аас дээш жил цэргийн алба хаасан, хошууч, дэд хурандаа цэргийн цолтой, команд тактикийн офицер мэргэжилтэй, гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй,штабын ажлын туршлагатай, цэргийн албыг удирдан зохион байгуулах чадвартай байх;

 

3.8.5.энэ журмын 3.2.5-т заасан батальон /рот, тусгай нэгж/-ы ахлагчаар үүрэг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагч нь 10-аас дээш жил цэргийн алба хаасан, ахлах ахлагч, түүнээс дээш цэргийн цолтой, ахлагчийн ахисан түвшний сургалт, дамжааг төгссөн, гадаад хэлний дунд түвшний мэдлэгтэй, даргалах ахлагчийн албан тушаалд ажилласан туршлагатай, цэргийн албыг зохион байгуулах чадвартай байх.

 

3.9. Энэ журмын 3.1.1, 3.1.2, 3.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцох алба хаагчийн насны дээд хязгаарыг Цэргийн албаны тухай хуулийн 10.5, 11.4, 11.5-д заасны дагуу тогтооно.

 

3.10. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн багийн гүйцэтгэх үүргийн онцлогийг харгалзан цэргийн багийн бие бүрэлдэхүүнд тавигдах нэмэлт шаардлагыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага /цаашид "ЗХЖШ" гэх/ тогтооно.

 

3.11. Энэ журмын 3.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг нэг нэгтгэл, ангийн тасаг, салаа, ротоор бүрдүүлэх бодлогыг баримтална. 

 

3.12. Хууль сахиулах байгууллагын алба хаагчийг энэ журмын 3.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцуулж болно.

 

3.13. Албан ажлын хэрэгцээ шаардлага, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ журмын 3.7-д заасан тусгай шаардлагыг хангаагүй боловч энэ журмын 3.3-т заасан нийтлэг шаардлагыг хангасан, зэвсэгт хүчинд 15-аас дээш жил цэргийн алба хаасан офицер, ахлагчийг өөрийн хүсэлт, нэгтгэл, анги, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн энэ журмын 3.1.1.2, 3.1.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцуулж болно.

 

  3.14. Сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчаас дараах төрлийн шалгалтыг авна.

 

               3.14.1.Биеийн тамирын бэлтгэл;

 

               3.14.2.Гадаад хэлний бэлтгэл;

 

               3.14.3.Замын хөдөлгөөний дүрэм, жолоодлогын дадлага;

 

               3.14.4.Мэргэжлийн ур чадвар;

 

               3.14.5.Хууль эрх зүйн бэлтгэл.

 

3.15. Энэ журмын 3.14.1-т заасан шалгалтыг ЗХЖШ-ын даргын 2017 оны А/505 дугаар тушаалаар батлагдсан "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт"-ын дагуу зохион байгуулж, шалгаж үнэлэх ба алба хаагч нь бие бялдрын бэлтгэлжилтийг 70-аас дээш хувиар биелүүлсэн байна.

3.16. Энэ журмын 3.14.2-т заасан шалгалтыг англи хэлний түвшин тогтоох шалгалт /ALCPT/ болон шаардлагатай тохиолдолд герман, франц хэлний түвшин тогтоох шалгалтын дагуу зохион байгуулж, унших, ярих, сонсох болон бичих чадварыг шалгаж үнэлнэ.

 

3.17. Энэ журмын 3.14.3-т заасан шалгалтыг Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хууль тогтоомжийн хүрээнд дүрмийн мэдлэгийг тестийн аргаар, тэнцсэн тохиолдолд механик хурдны хайрцагтай автомашин /4х4/-ыг жолоодох ур чадварыг автодром дээр болон замын хөдөлгөөнд оролцуулж шалгаж үнэлнэ.

 

3.18. Энэ журмын 3.14.4-т заасан шалгалтыг радио болон сансрын холбооны хэрэгсэл, байрлал тогтоогчийг ажилд бэлтгэх, ажиллуулах, компьютерын өргөн хэрэглээний программыг ашиглан ажиллагааны баримт бичиг боловсруулах ур чадварыг дадлагаар, болзошгүй цагийн байдлыг үнэлж, шийдвэр гаргах ур чадварыг дасгал боловсруулах аргаар явуулж, шалгаж үнэлнэ.

 

3.19. Энэ журмын 3.14.5-д заасан шалгалтыг олон улсын хууль эрх зүй, Зэвсэгт мөргөлдөөний хууль, конвенц, НҮБ-ын дүрэм, Монгол Улсын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль тогтоомж, энхийг дэмжих ажиллагааны эрх зүйн баримт бичгийн мэдлэгийн түвшинг тестийн аргаар зохион байгуулж, шалгаж үнэлнэ.

 

3.20. Энэ журмын 3.1.1.1-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчаас НҮБ болон бүс нутгийн холбогдох байгууллагаас тавьсан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон энэ журмын 3.14.2, 3.14.5-д заасан шалгалтыг авна.

 

3.21. Энэ журмын 3.1.1.2-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчаас энэ журмын 3.14.1, 3.14.2, 3.14.4-т заасан, энэ журмын 3.1.1.3-т заасан цэргийн алба хаагчаас энэ журмын 3.14.1, 3.14.2, 3.14.3, 3.14.4-д заасан шалгалтыг тус тус авна.

 

3.22. Энэ журмын 3.1.2-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчаас энэ журмын 3.14.1, 3.14.2, 3.14.4-т заасан, энэ журмын 3.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцох цэргийн алба хаагчаас энэ журмын 3.14.1, 3,14,2-т заасан шалгалтыг тус тус авна. Шаардлагатай гэж үзвэл тусгай мэргэжилтэй алба хаагчаас ур чадварын нэмэлт шалгалтыг авч болно.

 

3.23. Энэ журмын 3.1-т заасан сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион байгуулна:

 

3.23.1.алба хаагч нь энэ журмын 3.1-т заасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ нэгтгэл, анги, байгууллагын захирагч /дарга/-д бичгээр гаргана;

 

3.23.2.нэгтгэл, анги, байгууллага нь сургуулийн жилийн зорилт, үйл ажиллагааны төлөвлөлттэй уялдуулан энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой бүрэлдэхүүний мэдээллийг жагсаалтаар гаргаж, харьяалах байгууллагын мэргэжлийн газар, хэлтэс, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаар дамжуулан ЗХЖШ-т тухайн оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ;

 

3.23.3. ЗХЖШ нь Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн мэргэжлийн газар, хэлтэс, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас ирүүлсэн саналыг харгалзан тухайн жилд энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бүрэлдэхүүний тоог 15 хүртэлх хувийн нөөцийн бүрэлдэхүүнтэй байхаар ажиллагаа тус бүрээр тогтоож, төлөвлөгөө, графикийн дагуу холбогдох байгууллагуудаар дамжуулан нэгтгэл, анги, байгууллагад хүргүүлнэ;

 

3.23.4.нэгтгэл, анги, байгууллага нь энэ журмын 3.1.3-т заасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан бүрэлдэхүүнээс энэ журмын 3.14.1-т заасан шалгалтыг авч тэнцсэн алба хаагчдын хүсэлт, сурлагын дүн, ажлын үзүүлэлт, эрүүл мэнд, сахилга хариуцлагын байдлыг захирагч /дарга/-ийн зөвлөлийн хурлаар хүн нэг бүрээр хэлэлцэн шийдвэр гаргаж, энэ журмын 3.23.5-д заасан материалыг 2 дугаар хавсралтад заасан судалгааны хамт бүрдүүлж, харьяалах байгууллагын мэргэжлийн хэлтэс, газар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаар дамжуулан ЗХЖШ-т хүргүүлнэ.

 

3.23.5.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад оролцох алба хаагч нь дараах материалыг бүрдүүлнэ:

 

3.23.5.1.сайн дурын үндсэн дээр энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хүсэлт бүхий гараар бичсэн өргөдөл;

 

3.23.5.2.ажил байдлын тодорхойлолт;

 

3.23.5.3.нэгтгэл, анги, байгууллагын дарга /захирагч/-ын зөвлөлийн хурлын тэмдэглэл;

 

3.23.5.4.офицер, ахлагч /цэргийн гэрээт алба хаагч/-ийн үнэмлэхийн хуулбар (цол, албан тушаалд томилогдсон хуудасны хамт);

 

3.23.5.5.сүүлийн 3 сард авхуулсан 4х6 см-ийн хэмжээтэй цээж зураг 3 хувь;

 

3.23.5.6.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;

 

3.23.5.7.гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 3-аас дээш жил/;

 

3.23.5.8.энэхүү журмын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан ар гэрийн баталгаа.

 

3.23.6.энэ журмын 3.1.1.3 болон 3.1.3-т заасан сонгон шалгаруулалтад орох алба хаагч нь гүйцэтгэх албан тушаалын үүргийн онцлогоос шалтгаалан жолооны үнэмлэх, мэргэжлийн дамжаа төгссөн сертификатын хуулбарыг нэмэлтээр бүрдүүлнэ.

 

3.24. Энэ журмын 3.1-т заасан сонгон шалгаруулалтыг ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс зохион байгуулна.

 

3.25. Энэ журмын 3.1.1.1, 3.1.2 болон 3.2.2-т заасан цэргийн хүчний командлалын штабын дарга, бүсийн командлагчаар үүрэг гүйцэтгүүлэх штабын ажилтны сонгон шалгаруулалтын комисст БХЯ-ны төлөөллийг оролцуулна.

3.26. Энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасан сонгон шалгаруулалтад оролцох бүрэлдэхүүнийг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд энэ журмын 3.24-т заасан комисс танилцуулна.

 

3.27. Энэ журмын 3.2.1-т заасан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны алба, нэгжийн дарга, нэгдсэн штабын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагч нь ЗХЖШ-ын дарга болон БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын зөвшөөрөлгүйгээр бие даан сонгон шалгаруулалтад орохыг хориглоно.

 

3.28. Энэ журмын 3.1-т заасан сонгон шалгаруулалтад орох алба хаагчийн биеийн эрүүл мэндийн байдлыг Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-д заасны дагуу цэргийн эмнэлгийн комисс тодорхойлж, дүгнэлт гаргана.

 

3.29. ЗХЖШ энэ журмын 3.1.1.2, 3.1.1.3-т заасан сонгон шалгаруулалтыг "Соёмбо" сонин болон БХЯ, ЗХЖШ-ын вэбсайт /https://www.mod.gov.mn/; https://www.gsmaf.gov.mn/gsmaf/-аар нээлттэй зарлана.

 

Дөрөв. Бусад зүйл

 

4.1. Цэргийн зохих шатны сургууль, дамжаа төгссөн, цэргийн гэрээт албанд элссэн болон шинэ албан тушаалд томилогдсоноос хойш 12 сараас доошгүй хугацаагаар алба хаасан офицер, ахлагч, түрүүч, байлдагч энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргаж болно.

4.2. Цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд өмнө нь 6 сарын хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн бол 12 сарын дараа, 12 сарын хугацаагаар үүрэг гүйцэтгэсэн бол 24 сарын дараа энэ журмын 3.1-т заасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ гаргаж болно.

 

4.3. Алба хаагчийг дараах тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй:

 

4.3.1.баримт бичиг дутуу бүрдүүлсэн;

 

4.3.2.эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдаагүй;

 

4.3.3.сонгон шалгаруулалтын явцад сахилгын зөрчил гаргасан болон гэмт хэрэг, зөрчилд холбогдож эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;

 

4.3.4.энэ журмын 4.2-т заасан хугацааг баримтлаагүй бол;

 

4.3.5.батлан хамгаалахын болон бусад их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн сургалт, дамжаанд сурч байгаа;

 

4.3.6.Төрийн албаны тухай хууль, цэргийн сахилгын дүрэмд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй;

 

4.3.7.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонгон шалгаруулалтын нэгдсэн ажиллагаанд 3-аас дээш удаа хоцорсон.

 

4.4. Сонгон шалгаруулах үйл ажиллагаатай холбоотой аливаа маргаантай асуудлыг комисс тухай бүр хянан шийдвэрлэнэ. Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл сонгон шалгаруулалтад оролцогч нь ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад өргөдөл, гомдол гаргаж болно.

 

4.5. Энэ журмыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---оОо---