- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ЦЭРГИЙН БАГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ҮЕД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Батлан хамгаалахын сайдын 2021 оны
02 дугаар сарын 22-ны өдрийн
А/31 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ЦЭРГИЙН БАГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СУРГАЖ БЭЛТГЭХ, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ҮЕД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1.Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам /цаашид "журам" гэх/-ын зорилго нь энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг төлөвлөх, зохион байгуулж явуулах, үүрэг гүйцэтгэх болон үүрэг гүйцэтгэсний дараах зохион байгуулалтын арга хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журмын эрх зүйн үндэслэл нь Монгол Улсын батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хууль, Монгол Улсын соёрхон баталсан болон нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид "НҮБ" гэх/-ын дүрэм болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгүүд байна.
1.3. Журмын үйлчлэлд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Онцгой байдлын байгууллага /цаашид "төрийн цэргийн байгууллага" гэх/, Тагнуул, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага /цаашид "хууль сахиулах байгууллага" гэх/-ын алба хаагч хамаарна.
1.4. НҮБ болон бүс нутгийн холбогдох бусад байгууллага, ажиллагаа явагдаж байгаа эсхүл хамтран оролцох улс орны зүгээс энэ журамд зааснаас өөр шаардлага тавьсан тохиолдолд энэ журмын 1.2-т заасныг баримтлан хамтран ажиллах санамж бичиг, техникийн гэрээний хүрээнд сургаж бэлтгэх, үүрэг гүйцэтгэх харилцааг харилцан зөвшилцөж шийдвэрлэнэ.
Хоёр. Энхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэлийг төлөвлөх
2.1. Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагч, цэргийн багийн сургалт бэлтгэлийг төлөвлөхдөө Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт дадлагад оролцуулах талаар гарсан Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын тушаал, Зэвсэгт хүчний Жанжин штаб /цаашид "ЗХЖШ" гэх/ -аас батлан гаргасан цэргийн сургалт бэлтгэлтэй холбоотой журам, заавар, стандарт, сургалтын төлөвлөгөөг баримтална.
2.2. Энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчнээс анх удаа цэргийн багийг оролцуулах асуудлыг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1-т заасныг үндэслэн шийдвэрлэнэ.
2.3. Энхийг дэмжих ажиллагаа, түүнтэй холбоотой олон улсын хамтарсан сургалт дадлагын төлөвлөлтийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих ажиллагаа хариуцсан нэгж боловсруулж, бусад холбогдох нэгжүүд бүх талын мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ.
2.4. ЗХЖШ дараа оны энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт дадлагад Зэвсэгт хүчнээс зохион байгуулах, оролцох арга хэмжээ, санхүүжилтийг батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төлөвлөлттэй уялдуулан урьдчилсан төлөвлөлтийг жил бүрийн 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор, үндсэн төлөвлөлтийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор албан бичгээр Батлан хамгаалах яам /цаашид "БХЯ" гэх/-нд хүргүүлнэ.
2.5. Энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хамтарсан сургалт дадлагын төлөвлөлтийн талаар БХЯ-ны холбогдох газар, хэлтсийн саналыг яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар нэгтгэж, жил бүрийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор Батлан хамгаалахын сайдын зөвлөл, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
2.6. Энэ журмын 2.5-д заасан шийдвэр гарсны дараа Батлан хамгаалахын сайдын тушаалын төслийг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар БХЯ, ЗХЖШ-ын холбогдох газар, хэлтэстэй хамтран боловсруулж, жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор батлуулна.
2.7. Цэргийн багийн төрөл, гүйцэтгэх үүргээс нь хамаарч зохион байгуулагдах ажиллагааны өмнөх болон ажиллагааны үед явагдах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, шалгаж үнэлэх зааврыг ЗХЖШ-ын холбогдох газар, хэлтэс, төрлийн цэргийн командлал боловсруулж, ЗХЖШ-ын дарга батална.
2.8. Энхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэлийг ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл, ажиллагааны үеийн сургалт бэлтгэл гэсэн үе шатаар төлөвлөж, цэргийн баг, цэргийн алба хаагчийг бэлтгэнэ.
2.9. Энхийг дэмжих ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл болон ажиллагааны дараах зохион байгуулалтын арга хэмжээг ЗХЖШ, ажиллагааны үеийн сургалт бэлтгэлийг цэргийн багийн захирагч энэ журмын 2.7-д заасны дагуу төлөвлөнө.
2.10. Цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх хууль сахиулах байгууллагын алба хаагч, тусгай мэргэжилтэй зарим энгийн алба хаагч нь ЗХЖШ-аас гаргасан тусгай төлөвлөгөөний дагуу цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдаж, цэргийн тангараг өргөсөн байна.
2.11. Цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэх хууль сахиулах байгууллагын алба хаагч, тусгай мэргэжилтэй зарим энгийн алба хаагч нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаандаа цэргийн цол, цэргийн дүрэмт хувцас хэрэглэнэ.
Гурав. Энхийг дэмжих ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл
3.1. Энхийг дэмжих ажиллагааны өмнөх сургалт бэлтгэл /цаашид "сургалт" гэх/ нь энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагч нэг бүрийг гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах, удирдлага, штабын бэлтгэлжилт, салбарын жигдрэлтийг хангаж ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх бэлтгэлийг хангахад чиглэнэ.
3.2. Сургалт бэлтгэлийн зарчим:
3.2.1.хууль, эрх зүйн үндэслэлтэй байх: Сургалтыг зохион байгуулахдаа Зэвсэгт хүчинд мөрдөж буй хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хүрээнд явуулна;
3.2.2.шинжлэх ухааны үндэстэй байх: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг судалгаа, тооцоонд үндэслэн боловсруулж, орчин үеийн техник, технологийг өргөнөөр ашиглана;
3.2.3.бодитой байх: Сургалтыг бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшин, ажиллагааны газар орны цагийн байдал, үүрэг гүйцэтгэх орчин нөхцөлтэй уялдуулан гүйцэтгэх үүрэгт нь ойртуулсан байдлаар явуулна.
3.2.4.уян хатан байх: Сургалтыг бие бүрэлдэхүүний ажил мэргэжлийн онцлог, албаны ур чадвар, гүйцэтгэх үүргийн түвшинг харгалзан ялгавартайгаар, төрөл бүрийн арга, хэлбэрийг ашиглан явуулна.
3.3. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга цэргийн багийн бие бүрэлдэхүүнтэй ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг зохион байгуулах тухай шийдвэр гаргах бөгөөд хувийг БХЯ-нд хүргүүлнэ.
3.4. Сургалтыг Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв, бусад нэгтгэл, анги, байгууллагын сургалтын материаллаг баазыг түшиглэн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв болон цэргийн багийн удирдлага хамтран зохион байгуулна.
3.5. Сургалтын хугацаа нь тухайн ажиллагааны төрөл, мандат, цэргийн багийн гүйцэтгэх үүргийн онцлогоос шалтгаалан 4-8 долоо хоног байна.
3.6. Цэргийн багийн удирдлага, штабын бэлтгэлжилтийг хангах зорилгоор цэргийн багийн удирдлага, штабтай явуулах сургалтыг энэ журмын 2.7-д заасан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.
3.7. "Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам"-ын 3.2-т заасан албан тушаалд үүрэг гүйцэтгэх алба хаагчийг ЗХЖШ-ын тусгай төлөвлөгөөний дагуу өөрийн улс болон гадаад улсад зохион байгуулагдах олон улсын сургууль, төлөвлөлтийн хурал, семинар болон бусад сургалт дадлагад оролцуулах замаар сургаж бэлтгэнэ.
3.8. Сургалтад хамрагдсан хүн нэг бүрийн бэлтгэл, үүрэг гүйцэтгэх чадварыг энэ журмын 2.7-д заасан шалгаж үнэлэх зааврын дагуу шалгаж үнэлнэ.
3.9. Сургалтын төгсгөлд мотобуудлагын батальоны удирдлага, штабын бэлтгэлжилт, рот /тусгай нэгж/-ын удирдлагын бэлтгэлжилт, мотобуудлагын батальон, рот /тусгай нэгж/-ын жигдрэлтийг энэ журмын 2.7-д заасан шалгаж үнэлэх зааврын дагуу шалгаж үнэлнэ.
3.10. Ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаас биеийн эрүүл мэнд, сахилга хариуцлага, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн алба хаагчийн талаар ЗХЖШ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт мэдэгдэнэ.
3.11. Энэ журмын 3.10-т заасан шалтгаанаар сургалтаас чөлөөлөгдсөн цэргийн багийн алба хаагчийг нөөцийн бүрэлдэхүүнээс нөхөн бүрдүүлэх боломжгүй тохиолдолд "Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам"-ын 3.24-т заасан комисс дээрх журамд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж, ЗХЖШ-ын даргын шийдвэрээр сургалтад хамруулна.
3.12. ЗХЖШ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан нэгж цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүний дархлаажуулалтын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, баяжилт хийх, шаардлагатай дархлаажуулалтын судалгааг гарган бие бүрэлдэхүүнийг товлолт дархлаажуулалтад хамруулна.
3.13. Энэ журмын 3.7-д заасан ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлд хамрагдсан "Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам"-ын 3.1.1-т заасан алба хаагчийг томилуулах асуудлыг ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагаа, хүний нөөц хариуцсан нэгжүүд хамтран ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, саналаа тухай бүр БХЯ-нд хүргүүлнэ.
3.14. Ажиллагааны өмнөх сургалтын дүн болон цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүнийг томилуулах асуудлыг ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагаа, хүний нөөц хариуцсан нэгж хамтран ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, цэргийн багийг ажиллагааны газар орон руу илгээхээс 7 хоногийн өмнө саналаа БХЯ-нд хүргүүлнэ.
3.15. ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагаа, сургалтын бодлого хариуцсан нэгжүүд ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтын туршлага, сургамж, үр дүнг тооцож ажиллана.
3.16. Зэвсэгт хүчний хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгж энхийг дэмжих ажиллагааны сургалт бэлтгэлийн төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргана.
Дөрөв. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх
4.1. Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын, эсхүл бүс нутгийн холбогдох олон улсын байгууллагын явуулж байгаа олон үндэстний энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс оролцох цэргийн баг, алба хаагчдын удирдлагыг олон улсын конвенц, гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд дараах байдлаар хэрэгжүүлнэ:
4.1.1.Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн – Төрийн захиргааны удирдлагыг;
4.1.2.Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчийн - Цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг;
4.1.3.НҮБ, Олон Улсын байгууллагаас томилсон бүрэн эрхт Тусгай төлөөлөгч, Цэргийн хүчний командлагч /Бүсийн командлагч/-Ажиллагааны /тактикийн/ удирдлагыг;
4.1.4.Зэвсэгт хүчний Жанжин штабын энхийг дэмжих ажиллагааг хариуцсан бүтцийн нэгжийн дарга- Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдын Цэргийн захиргааны удирдлагыг;
4.1.5.Үндэсний ахлах төлөөлөгч /Үндэсний ахлаач/ - тухайн ажиллагааны Зэвсэгт хүчний цэргийн баг, алба хаагчдын - Үндэсний удирдлагыг.
4.1.6.Цэргийн багийн захирагч - Зэвсэгт хүчний цэргийн багийн захиргааны болон тактикийн удирдлагыг.
4.2. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын санал болгосноор энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг томилно.
4.3.Цэргийн баг үүрэг гүйцэтгэж буй энхийг дэмжих ажиллагаанд Үндэсний ахлах төлөөлөгчийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар, бусад ажиллагаанд Үндэсний ахлаачийг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр томилон ажиллуулна.
4.4. ЗХЖШ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж нь ажиллагаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчтай энэ журмын хавсралтын дагуу гэрээ байгуулах бөгөөд үүрэг гүйцэтгэсэн талаар цэргийн багийн захирагч, Үндэсний ахлах төлөөлөгч болон Үндэсний ахлаачийн үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тухайн цэргийн алба хаагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хийнэ.
4.5. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийн урьд эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, цалин хөлсийг бүрэн олгоно. Албан тушаалын цалин хөлсийг түүнтэй байгуулсан гэрээг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно.
4.6. Олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн багт үүрэг гүйцэтгэх алба хаагчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу даатгалд хамруулна. Даатгалд хамруулахтай холбогдон гарах зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн төлөвлөлтөд жил бүр тусгана.
4.7. Цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг Монгол Улсаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр ниссэн өдрөөс үүрэг гүйцэтгэж эхэлсэнд тооцно.
4.8. Цэргийн алба хаагч, цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн нь энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үедээ Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүд, эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрэм, олон улсын гэрээ, тухайн ажиллагааны удирдлагаас тогтоосон дүрэм, журмыг чанд сахиж, ажиллагаа явагдаж байгаа улсын хууль тогтоомж, ёс заншлыг хүндэтгэнэ.
4.9. ЗХЖШ нь ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүн, тэдний үүрэг гүйцэтгэлт, ажиллагааны үеийн цагийн байдлын талаар өдөр тутмын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийн, үр дүнг БХЯ-ны удирдлагад танилцуулна.
4.10. Ажиллагааны үеийн сургалт бэлтгэлийг Зэвсэгт хүчний Жанжин штабаас батлан гаргасан цэргийн сургалт бэлтгэлийн журам, заавар, стандарт бусад холбогдох баримт бичгийг баримтлан цэргийн багийн захирагч тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулна.
4.11. Ажиллагааны талаарх зөвшөөрөгдсөн мэдээг олон нийтэд хүргэх, алба хаагчийг ар гэртэйгээ холбогдох нөхцөлийг бүрдүүлэх, цэргийн баг, алба хаагчийг цэргийн мэргэжлийн удирдлагаар тасралтгүй хангах үүргийг ЗХЖШ хариуцна.
4.12. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчийг дараах тохиолдолд хугацаанаас нь өмнө ажиллагааны газар орноос эгүүлэн татна.
4.12.1.үүрэг гүйцэтгэх хугацаа дуусгавар болсон;
4.12.2.Монгол Улсын болон тухайн улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон олон улсын гэрээгээр тогтоосон дүрэм, журмыг зөрчсөн;
4.12.3.ЗХЖШ-ын хүний нөөцийн асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжтэй байгуулсан гэрээний үүргийг зөрчсөн;
4.12.4.эрүүл мэндийн шалтгаанаар үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй тухай холбогдох байгууллага, албан тушаалтны дүгнэлт гарсан.
4.13. Энэ журмын 4.12.2, 4.12.3-т заасан шалтгаанаар хугацаанаас нь өмнө ажиллагааны газар орноос эгүүлэн татахтай холбогдон гарах зардлыг тухайн алба хаагч хариуцна.
4.14. Ажиллагаанаас эгүүлэн татсан алба хаагчийн оронд үүрэг гүйцэтгэх Зэвсэгт хүчний офицер, ахлагчийг дараах хугацааг харгалзан ЗХЖШ-ын даргын санал болгосноор Батлан хамгаалахын сайд томилж, ажиллагааны газар орон руу илгээхтэй холбогдон гарах зардлыг Батлан хамгаалах яам хариуцна.
4.14.1. 6 сарын хугацаатай ажиллагаанд 4 сар үүрэг гүйцэтгэхээр бол;
4.14.2. 12 сарын хугацаатай ажиллагаанд 6 сар үүрэг гүйцэтгэхээр бол.
4.15. Зэвсэгт хүчний офицер, ахлагч нараас бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагч энэ журмын 4.12.2, 4.12.3-т заасан шалтгаанаар хугацаанаасаа өмнө ажиллагааны газар орноос эгүүлэн татагдсан тохиолдолд түүний оронд үүрэг гүйцэтгэх офицер, ахлагчийг энэ журмын 4.14-т заасан хугацааг харгалзан ЗХЖШ-ын даргын санал болгосноор Батлан хамгаалахын сайд томилж, ажиллагааны газар орон руу илгээх зардлыг тухайн алба хаагчийн харьяаллын төрийн захиргааны байгууллага хариуцна.
4.16. Ажиллагаанд удирдах албан тушаал, штабын ажилтан, цэргийн мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагч ээлжийн амралт, чөлөөгөөр явах хугацаандаа зорчих хөдөлгөөн, аялалын мэдээллийн талаар ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагааны асуудал хариуцсан нэгжид мэдэгдэнэ.
4.17. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн 30 хүртэл хоногоор үүрэг гүйцэтгэх хугацааг сунгах асуудлыг тухайн ажиллагааны удирдлага, 30 болон түүнээс дээш хоногоор сунгах асуудлыг НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газраас ирүүлсэн албан бичиг, ЗХЖШ-ын даргын саналыг үндэслэн Батлан хамгаалахын сайд шийдвэрлэнэ.
4.18. Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй холбоотой баримт бичгийг цэргийн багийн удирдлага, штаб хариуцан архивлаж, дараагийн цэргийн багт цахимаар, ЗХЖШ-т хэвлэмэл байдлаар хүлээлгэн өгнө.
4.19. Цэргийн багийн ээлж хүлээлцэх, эгүүлэн татах ажиллагааг Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон комисс тусгай төлөвлөгөөгөөр зохион байгуулах бөгөөд комисс тайлангаа сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
4.20. Цэргийн алба хаагч, цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх хугацааг Монгол Улсын хилээр нэвтэрсэн өдрөөр дуусгавар болсонд тооцно.
Тав. Энхийг дэмжих ажиллагааны дараах зохион байгуулалтын арга хэмжээ
5.1. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн алба хаагчийг үндсэн албан тушаалд нь томилон ажиллуулах хүртэлх ажиллагааны дараах зохион байгуулалтын арга хэмжээг ЗХЖШ хэрэгжүүлнэ.
5.2. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчийг нөхөн сэргээх сувилалд хамруулах бөгөөд хамруулах хуваарь, хамрагдаж буй байдал, үр дүнг ЗХЖШ хариуцна.
5.3. Нөхөн сэргээх сувилалд хамруулах нэг цэргийн алба хаагчид ноогдох хувьсах зардлыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар тогтоон, холбогдох зардлыг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас санхүүжүүлнэ.
5.4. Шаардлагатай тохиолдолд нийтийг хамарсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлалтын арга хэмжээнд бие бүрэлдэхүүнийг хамруулна.
5.5. Цэргийн багийн захирагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн тухай тайланг нийт бие бүрэлдэхүүн эх орондоо ирснээс хойш 14 хоногийн дотор ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанд, 30 хоногийн дотор Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулна. Шаардлагатай тохиолдолд цэргийн багийн удирдлагын холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.
5.6. Цэргийн баг, алба хаагчийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн тухай тайлан нь дараах бүтэцтэй байна:
5.6.1.цэргийн багийн бүтэц, зохион байгуулалт, үүрэг;
5.6.2.ажиллагааны цагийн байдлын өрнөлт, үүсч болзошгүй цагийн байдал, эрсдэлийн үнэлгээ;
5.6.3.ажиллагааны үүрэг гүйцэтгэлт;
5.6.4.байлдааны хангалт;
5.6.5.бие бүрэлдэхүүний эрүүл мэнд, сэтгэл зүй;
5.6.6.материал, техникийн хангалт;
5.6.7.санхүүгийн тайлан;
5.6.8.туршлага, сургамж;
5.6.9.санал, цаашид анхаарах асуудал;
5.6.10.дүгнэлт зэрэг орно.
5.7. "Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах журам"-ын 3.2-т заасан албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн алба хаагч энэ журмын 5.6-д заасны дагуу тайлангаа ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын нэгжид танилцуулна. Шаардлагатай тохиолдолд 7 хоногийн дотор ЗХЖШ-ын даргын зөвлөлд, 14 хоногийн дотор Батлан хамгаалахын сайдын зөвлөлд танилцуулна.
5.8. Үүрэг гүйцэтгэх хугацаанд онцгой амжилт гаргаж, гавьяа байгуулсан цэргийн алба хаагчийг цэргийн багийн захирагч, цэргийн хүчний командлагчийн тодорхойлолтыг үндэслэн шагнаж урамшуулна.
5.9. Зэвсэгт хүчний цэргийн баг, бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон тухай мэдээллийг олон нийтэд түгээх, сурталчлах ажлыг улсын хэмжээнд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, "Соёмбо" редакц, Монгол цэргийн музей, аймаг, орон нутагт Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, тухайн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хариуцна.
5.10. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн баг, алба хаагчийн тайланг ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагаа хариуцсан нэгж нэгтгэн боловсруулж, туршлага, сургамж, үр дүнг тооцож ажиллана.
5.11. Ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчийн овог, нэр, регистрийн дугаар бүхий мэдээллийн сантай байх бөгөөд БХЯ, ЗХЖШ-ын хүний нөөц, энхийг дэмжих ажиллагаа хариуцсан нэгж мэдээллийн аюулгүй байдлыг хариуцаж, хөтөлнө.
5.12. Ажиллагааны төсөв санхүүтэй холбоотой асуудлыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
5.12.1.цэргийн багийн захирагч, удирдлага нь цэргийн багийн эд хөрөнгө, НҮБ-ын эд хөрөнгийн талаарх хариуцлагыг Монгол Улсын хууль тогтоомж, НҮБ-ын холбогдох дүрэм, журмын дагуу хүлээнэ;
5.12.2.ажиллагаанд цэргийн багт ашиглагдаж байгаа зэвсэг, техник, материал хэрэгсэл, өмч хөрөнгийг данснаас хасахдаа "Батлан хамгаалахын эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам"-ыг баримтлан зохион байгуулна;
5.12.3.цэргийн багийн захирагч нь Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан зардал, хуваарилагдсан хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байх бөгөөд зардлын нэр, ангилал хооронд шилжүүлэн зарцуулах шаардлагатай тохиолдолд ЗХЖШ-аар уламжлуулан, зөвхөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар өөрчлөлт оруулан зарцуулж болно;
5.12.4.цэргийн алба хаагчаар болон цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэхээр томилогдсон эрх бүхий албан тушаалтанд бэлэн мөнгө, бусад хангалтыг олгохдоо Батлан хамгаалахын сайдын тушаал, холбогдох баримт бичиг, хүсэлтийг үндэслэн БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс ажлын 15-аас доошгүй хоногийн хугацаанд шийдвэрлэнэ;
5.12.5.ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэнэ;
5.12.6.цэргийн багийн захирагч бие бүрэлдэхүүнд НҮБ-аас сар бүр олгодог болон амралтын мөнгийг тухай бүр алба хаагчид гарт нь олгож, олгосон тухай гарын үсгээр баталгаажуулна;
5.12.7.Батлан хамгаалахын сайдын тушаалаар энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх үед зарцуулсан бэлэн мөнгө, бусад санхүүгийн холбогдолтой тайлан, баримтыг цэргийн багийн захирагч нийт бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн өдрөөс хойш ажлын 10 хоногт, цэргийн алба хаагч ажлын 7 хоногт багтаан БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан нэгжид хүлээлгэн өгч тайлагнана;
5.12.8.тушаалаар баталсан бэлэн мөнгө, бусад хангалтын материал хэрэгслийг зориулалтын дагуу зарцуулаагүй, санхүүгийн анхан шатны баримт, тайланг үндэслэлгүй буруу гаргаж тайлагнасан болон тайлан баримт ирүүлээгүй албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, эргэн төлүүлэх арга хэмжээ авна;
5.12.9.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэсэн хоногийн тооцоог ЗХЖШ-ын энхийг дэмжих болон санхүү хариуцсан нэгж энэ журмын 4.7, 4.20-д заасныг баримтлан хүн нэг бүрээр тооцож, ажлын 3 хоногт багтаан ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсээр хянуулж, БХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст хүргүүлнэ;
5.12.10.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүний нөхөн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хэмжээ, энэ журмын 5.12.9-т тооцсон хугацааг үндэслэж Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгоно. Нөхөн төлбөрийн гадаад валютын ханшийг цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирсэн нислэг тус бүрийн тухайн өдрийн Монгол банкны ханшаар тооцно. /БХС-ын 2022 оны А/347 дугаар тушаааар өөрчлөлт орсныг тусгав/
5.12.11.энэ журмын 4.12.2-4.12.4-т заасан шалтгаанаар үүрэг гүйцэтгэх хугацаанаас өмнө ажиллагааны газар орноос ирсэн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн хугацааны нөхөн төлбөрийг энэ журмын 5.12.9-т заасныг баримтлан олгоно;
5.12.12.энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техник, эд хөрөнгийг оролцуулсны нөхөн төлбөрийн орлогыг бүрэн бүрдүүлэхтэй холбогдсон арга хэмжээг ажиллагааны газар орон дээр цэргийн багийн захирагч хариуцна. Хэрэв цэргийн багийн захирагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нөхөн төлбөрийн орлого буурсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.
5.12.13.энэ журмын 4.19-т заасан комиссын томилолт, визний хураамж, тээврийн зардлыг "Зэвсэгт хүчний хөгжлийн сан"-гаас санхүүжүүлнэ.
Зургаа. Бусад зүйл
6.1. Цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэх хугацаандаа хувьдаа ашиг олох зорилгоор аливаа хууль бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хууль бус үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдвол холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
6.2. Шаардлагатай тохиолдолд цэргийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэлт, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, эд хөрөнгийн ашиглалт, чанар байдалд хяналт хийх, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, шалган туслах зорилгоор БХЯ,
ЗХЖШ-ын хамтарсан ажлын хэсгийг ажиллагааны газар оронд болон нийт бие бүрэлдэхүүнийг эх орондоо ирсний дараа томилон ажиллуулж болно.
6.3. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байхдаа гэмт хэрэг үйлдсэн, захиргааны болон сахилгын зөрчил гаргасан, гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн алба хаагчид эх орондоо ирсний дараа холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A