- Нүүр
- Эрх зүйн акт
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ ХАРИУЦАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН АРГА
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн
2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн
03 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС ЗАРДЛЫН ТӨЛБӨРИЙГ НЬ
ХАРИУЦАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨЛБӨРИЙН АРГА
Нэг. Ерөнхий зүйл
1.1.Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхэд энэхүү төлбөрийн аргыг баримтална[1].
Хоёр. Төлбөрийн арга
2.1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан "Эрүүл мэндийн байгууллагаас иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ын 2 дугаар бүлэгт заасан лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг "Тохиолдолд суурилсан төлбөрийн арга"-аар тооцно.
2.2."Тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэдгийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т[2] зааснаар ойлгоно.
2.3."Оношийн хамааралтай бүлэг" нь тохиолдолд суурилсан төлбөрийн аргын нэг хэлбэр бөгөөд өвчин эмгэгийн оношийг эмнэлзүйн хувьд төстэй, өртгийн хувьд ойролцоо байдлаар нь сонгон багцалж бүлэг үүсгэх, бүлэг бүрийн дундаж өртгийг урьдчилан тооцож, тухайн бүлэг дэх оноштой хамаарал бүхий тусламж үйлчилгээг санхүүжүүлдэг арга юм.
2.4."Оношийн хамааралтай бүлэг"-ийн төлбөрийн арга нь дараах бүрэлдэхүүнтэй байна:
2.4.1.Оношийн хамааралтай бүлгийн код: Бүлэг нь тусламж, үйлчилгээний нийтлэг онцлогийг илтгэх 7 хүртэлх цифрээс бүрдсэн кодтой байх бөгөөд кодын орон нь дараах утгыг илэрхийлнэ:
2.4.1.1.эхний 2 орон нь тухайн бүлэгт хамрагдах оношийн үндсэн ангилал буюу эрхтэн системийн бүлгийн дугаарыг;
2.4.1.2.дараагийн 3 орон нь тухайн бүлэгт орсон оношийн эмнэлзүйн төстэй байдлыг;
2.4.1.3.сүүлийн 2 орон нь тухайн тусламж, үйлчилгээний төрлийг.
2.4.2.Тухайн бүлэгт хамаарах өвчин эмгэгийн оношийн жагсаалт: Бүлэгт эмнэлзүйн болон өртгийн хувьд ойролцоо оношуудыг жагсаан оруулсан байна. Жилд 50-аас доош удаа тохиолдсон өвчин эмгэгийг эмнэлзүйн болон өртгийн хувьд ойролцоо эсэхийг үл харгалзан нэгтгэж "Ангилагдаагүй бусад" гэсэн бүлэгт хамааруулна.
2.4.3.Өртгийн жин: Тухайн оношийн хамааралтай бүлгийн санхүүжилтийн хэмжээг тодорхойлогч индекс бөгөөд тухайн бүлэгт хамаарах тусламж, үйлчилгээний дундаж өртгийг нийт бүлгүүдийн дундаж өртөгт харьцуулсан харьцаагаар тодорхойлогдоно. Өртгийн жин нь бүлэг бүрээр ялгаатай байна.
2.4.4.Суурь тариф: ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний өртгийн судалгаа, бодлогын тохируулах өөрчлөлт, эдийн засгийн хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэгт үндэслэн тусламж, үйлчилгээний төрлөөр тодорхойлох ба дараах хэмжээтэй байна:
№ |
| Тусламж, үйлчилгээний нэр төрөл | Суурь тариф (төгрөг) |
1 |
| Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ | 850,000 |
2 |
| Амбулаторийн үзлэг, хяналт, эмчилгээ, оношилгоо, шинжилгээ | 30,000 |
3 |
| Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ | 130,000 |
4 |
| Яаралтай тусламж | 85,000 |
5 |
| Түргэн тусламж | 45,000 |
6 |
| Телемедицин | 50,000 |
7 |
| Өдрийн эмчилгээ, үйлчилгээ | 240,000 |
8 |
| Диализ | 55,000 |
9 |
| Хорт хавдрын хими, туяаны өдрийн эмчилгээ | 450,000 |
10 |
| Сэргээн засах тусламж, үйлчилгээ | 250,000 |
11 |
| Хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ | 485,000 |
12 |
| Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ | 450,000 |
2.5.Оношийн хамааралтай бүлэгт багтах өвчин эмгэгийн тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээг бүлгийн суурь тариф болон өртгийн жингийн үржвэрээр тодорхойлно.
Zохб = Cохб * Кохб |
Zохб – тухайн бүлэгт хамаарах оношийн нэг тохиолдлын нийт зардал
Cохб – суурь тариф
Кa –холбогдох оношийн хамааралтай бүлгийн өртгийн жин
Гурав. Суурь тарифыг өөрчлөх
3.1.Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний суурь тарифын хэмжээг дараах нөхцөлийн аль нэг бүрдсэн үед заавал шинэчилнэ:
3.1.1.албан ёсны статистикаар жилийн инфляцийн сүүлийн хоёр жилийн нийлбэр 10 хувиас давсан;
3.1.2.эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн сүлжээг шинэчилсэн;
3.1.3.америк долларын төгрөгтэй харьцах ханш сүүлийн 2 жилийн дотор 20 ба түүнээс дээш хувиар өөрчлөгдсөн;
3.1.4.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн тогтолцооны үнэлгээ болон тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, үр дүнд хийсэн судалгаагаар суурь тарифыг өөрчлөх шаардлагатай нь нотлогдсон.
3.2.Суурь тарифыг өөрчлөлттэй уялдуулан оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жинг өөрчлөхгүй байж болно.
3.3.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь суурь тарифыг өөрчлөх шаардлагатай эсэхэд жил бүр дүн шинжилгээ хийнэ.
---оОо---
[1] Энэхүү төлбөрийн аргыг анхан шатлалын тусламж үйлчилгээний санхүүжилтийн хэмжээг тогтооход ашиглахгүй.
[2] "тохиолдолд суурилсан төлбөрийн арга" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тохиолдол бүрээр зардлыг урьдчилж багцлан тооцож санхүүжүүлэхийг хэлнэ.
Текст томруулах
A
A
A