- Нүүр
- Эрх зүйн акт
- ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨР ХАРИУЦАХ ЭМИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТООЦОХ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн
2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн
03 дугаар тогтоолын тавдугаар хавсралт
ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨР ХАРИУЦАХ ЭМИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ТООЦОХ,
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1.Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан төлбөрийг нь төр хариуцан амбулаториор эмчлэх өвчин, эмгэг ба түүнд хэрэглэх эм (цаашид "төлбөрийг нь төр хариуцах эм" гэх) жагсаалтад багтсан эмийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд энэхүү журмыг баримтална.
1.2.Төлбөрийг нь төр хариуцах эм олгох үйлчилгээг төрийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, тусгай эмнэлэг үзүүлнэ.
Хоёр. Төлбөрийг нь төр хариуцах эмийг иргэнд олгох
2.1.Төлбөрийг нь төр хариуцах эм олгож байгаа эрүүл мэндийн байгууллага нь энэхүү эм авах шаардлагатай иргэний нөхцөл байдлыг Эмнэлэг хяналтын комиссоор тухай бүр хэлэлцэн баталгаажуулж, иргэнийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байлгана.
2.2.Сүрьеэгийн эмээс бусад эмийг амбулаториор олгохдоо энэ журмын 2.1-т заасны дагуу эмчийн хяналтад байгаа өвчтөнд нэг сарын хугацаанд хэрэглэгдэх эмийг сар бүр олгоно. Эмнэлэг, хяналтын комиссын шийдвэрээр зарим өвчтөнд 3 сар хэрэглэх хэмжээний эмийг олгож болох бөгөөд зориулалтын асуудлыг тухайн өвчтнийг хяналтад авсан эмнэлэг хариуцна.
2.3.Эм олгох үйл ажиллагааг энэ журмын 1.2-т заасан эмнэлгийн байгууллагын эмийн сан эрхэлнэ. Шаардлагатай тохиолдолд төр хариуцах эмийг олгох үйл ажиллагааг сум, тосгоны эрүүл мэндийн төвөөр гүйцэтгүүлж болох бөгөөд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар зохицуулалтыг хийж, төсөв хуваарилах, эмээр хангах ажлыг зохион байгуулна.
2.4.Өвчтний хяналтыг хариуцсан эмч эмийн жорын стандарт MNS 5376:2008-аар батлагдсан жорын маягтад эмийг бичиж, эмчилгээ, хяналтын картад нь тэмдэглэнэ.
2.5.Эдгээр эмээр эмчлэх явцад тунг өвчтөн бүрт эмчлэгч эмч тохируулж, хэрэглээнд хяналт тавина.
2.6.Иргэн оршин суугаа газраасаа шилжсэн тохиолдолд эмчилгээ хийж байсан эмнэлгийн байгууллага нь шилжүүлэг хийж өгөх бөгөөд шилжин очсон газрынх нь харьяаллын эмнэлгийн байгууллага түүнийг бүртгэн авч эмчилгээг нь чирэгдэлгүй үргэлжлүүлнэ.
Гурав. Төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтийг тооцох,
эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх
3.1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийн хэмжээг эмийн хэрэгцээ шаардлага, зах зээл дэх үнэ, эрүүл мэндийн байгууллагад олгосон өмнөх жилүүдийн гүйцэтгэлд үндэслэн эм тус бүрээр тооцно.
3.2.Төлбөрийг нь төр хариуцах эмийн санхүүжилтийн хэмжээг ЭМДЕГ-аас эрүүл мэндийн байгууллагатай хийх тусламж үйлчилгээний гэрээний хавсралтад тусгаж батална.
Дөрөв. Бусад
4.1.Эрүүл мэндийн байгууллагууд төлбөрийг нь төр хариуцах эмийн зарцуулалтын тайланг ЭМДЕГ-т сар тутам гаргаж ирүүлнэ.
4.2.Төлбөрийг нь төр хариуцах эмийг энэ журамд зааснаас өөрөөр олгож зарцуулсан нь нотлогдсон бол албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
Текст томруулах
A
A
A