A

A

A

Бүлэг: 1979

 

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2021 оны 06 дугаар сарын 25 –ны өдрийн

А-155 дугаар тушаалын хавсралт

 

 

БАНКНЫ ТОГТВОРЖУУЛАЛТЫН САНГИЙН ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.            Энэхүү журмын зорилго нь Банкны тухай хуулийн 62, 63 дугаар зүйлд заасны дагуу банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн санг (Цаашид "сан" гэх) бүрдүүлэх, зарцуулах, удирдах, хянах, тайлагнахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.            Энэхүү журам нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Банкны тухай хууль, Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль, Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцтэй байна.

 

1.3.            Сангийн үйл ажиллагааг Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлого хариуцсан нэгж зохион байгуулна.

 

1.4.            Сангийн хөрөнгийн удирдлагыг хариуцагч нь үйл ажиллагааны удирдлагын нэгжээс тусдаа байна.

 

Хоёр. Сангийн хөрөнгө

 

2.1.            Сангийн хөрөнгө бүрдүүлэлт:

 

2.1.1.      Сангийн хөрөнгө нь банкнаас төлсөн жилийн хураамж, онцгой төлбөр, сангийн хөрөнгө оруулалт, сангийн хөрөнгө оруулалтын орлогоос бүрдэнэ.

 

2.1.2.      Банкнаас төлсөн хураамж, төлбөрийг Монголбанкан дахь сангийн дансанд төвлөрүүлнэ.

 

2.1.3.      Банк хураамжийг төлбөл зохих дүнгээс илүү төлсөн тохиолдолд илүү төлсөн хэсгийг Монголбанкан дахь тухайн банкны харилцах дансанд шилжүүлнэ.

 

2.2.            Жилийн хураамж:

 

2.2.1.      Монголбанкнаас Банкны системд нөлөө бүхий банк гэж тогтоосон банк нь жилийн хураамжийг энэ журмын 2.1.2-т заасан дансанд жил бүр төлнө.

 

2.2.2.      Жилийн хураамжийг тооцох суурь нь банкны тухайн оны эхний хагас жилийн эцсийн нийт өр төлбөрийн дүн байна.

 

2.2.3.      Жилийн хураамж нь банк бүрт тэнцүү хэмжээтэй байх үндсэн болон банкны эрсдэлийн түвшингээс хамаарч ялгаатай байх нэмэлт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

 

2.2.4.      Үндсэн болон эрсдэлийн нэмэлт хувийг Монголбанкнаас жил бүрийн аравдугаар сарын 31-ний өдрийн дотор Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцэж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно.

 

2.2.5.      Банк нь жилийн хураамжийг Монголбанкнаас хүргүүлсэн нэхэмжлэлд заасан хугацаанд төлнө.

 

2.2.6.      Банкнаас бүрдүүлсэн жилийн хураамжийн үлдэгдэл банкны системийн нийт хадгаламжийн 1 хувьд хүрсэн тохиолдолд жилийн хураамж хуримтлуулахыг түр зогсоож болно.

 

2.2.7.      Жилийн хураамж төлөх банкны үүрэг нь Банкны тухай хуулийн дагуу банкийг татан буулгах, банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гарсан болон банкны системд нөлөө бүхий банкны жагсаалтаас хасагдсанаар дуусгавар болно.

 

2.3.            Онцгой төлбөр:

 

2.3.1.      Сангийн хөрөнгө нь банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд банкнаас төлөх нийт онцгой төлбөрийн дүнг Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар тогтооно.

 

2.3.2.      Онцгой төлбөр авах шийдвэр гаргахдаа бүтцийн өөрчлөлтөд шаардлагатай санхүүжилтийн тооцоо, судалгааг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцүүлэн, бүтцийн өөрчлөлтийн бусад боломжит санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бүрэн ашигласны дараах дутагдлын хэмжээнд үндэслэн онцгой төлбөрийн хувийг тогтооно.

 

2.3.3.      Онцгой төлбөрийн хувийг Банкны тухай хуулийн 63.3-т заасны дагуу системийн нийт хадгаламжийн 0.3 хувиас хэтрүүлэхгүйгээр тогтооно.

 

2.3.4.      Онцгой төлбөрийн суурийг энэ журмын 2.2.2-т тодорхойлсон жилийн хураамжийн суурьтай ижил сууриар, хувийг энэ журмын 2.2.4-д тодорхойлсон хувиар тооцно.

 

2.3.5.      Монголбанкнаас онцгой төлбөрийн нэхэмжлэлийг банканд хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор банк төлбөрийг төлнө.

 

2.3.6.      Банкнаас төлөх онцгой төлбөр нь "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 3.4-д заасан хөрвөх чадвартай хөрөнгө байна.

 

2.3.7.      Онцгой төлбөр төлүүлэх шийдвэр гаргахаас өмнө онцгой төлбөр төлснөөр банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтэд үзүүлэх нөлөөллийг банк тус бүрээр гаргаж Банкны хяналт шалгалтын хорооны хуралд танилцуулна.

 

Гурав. Сангийн хөрөнгийн зарцуулалт, шийдвэр гаргалт

 

3.1.            Сангийн хөрөнгийг зөвхөн банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэх болон санг удирдахтай холбоотой гарах зардалд зарцуулна.

 

3.2.            Банкны тухай хуулийн 54.1-д заасан үндэслэл бүрдэж, Монголбанкнаас банканд бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гарсан тохиолдолд сангаас Банкны тухай хуулийн 61.1-д заасны дагуу зарцуулж болно.

 

3.3.            Энэ журмын 3.2-т заасны дагуу зарцуулах тохиолдолд шаардлагатай сангийн зарцуулалтын дүнг нарийвчлан тодорхойлж, Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцүүлнэ.

 

3.4.            Монголбанкнаас томилсон Тусгай төлөөлөгч нь сангаас авах санхүүжилтийн хэлбэр, хэмжээний талаарх шаардлагатай мэдээллээр Монголбанкийг хангана.

 

3.5.            Сангийн хөрөнгийг банкны алдагдал буюу хувьцаа эзэмшигчдийн хүлээсэн алдагдлыг нөхөх зорилгоор зарцуулахгүй.

 

3.6.            Сангаас олгох санхүүжилт нь хөрвөх чадвартай хөрөнгө байна.

 

Дөрөв. Сангийн хөрөнгө оруулалт

 

4.1.            Сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцүүлж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батална.

 

4.2.            Сангийн хөрөнгийг Банкны тухай хууль болон энэ журамд нийцүүлэн гаргасан хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн удирдана.

 

4.3.            Сангийн хөрөнгийг найдвартай байдлыг хангах, хөрвөх чадвартай байх зарчмыг баримтлан дараах түргэн борлогдох активуудад байршуулж болно:

 

4.3.1.      Монгол Улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас;

 

4.3.2.      Зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болох Standard & Poors, Fitch, Moody's байгууллагаас тогтоосон AAA, (Aaa), (prime)-ээс доошгүй үнэлэгдсэн гадаад улсын засгийн газрын болон олон улсын санхүүгийн байгууллагын үнэт цаас;

 

4.3.3.      Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын Төв банканд нээсэн хадгаламж.

 

4.4.            Сангийн хөрөнгийн удирдлага хариуцагч нь хөрөнгө оруулалтын саналыг жил бүр холбогдох мэдээллийн хамт Банкны хяналт шалгалтын хорооны хурлаар хэлэлцүүлж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлуулна.

 

4.5.            Сангийн хөрөнгө оруулалтын санал нь дараах мэдээллийг агуулсан байна:

 

4.5.1.      Сангаас хөрөнгө оруулалт хийх боломжтой үлдэгдлийн мэдээ;

 

4.5.2.      Хөрөнгө оруулалтын багц (жигнэсэн дундаж өгөөж, хугацаа, эрсдэлийн мэдээлэл);

 

4.5.3.      Бусад шаардлагатай мэдээлэл, санал.

 

4.6.            Сангийн хөрөнгийн удирдлага хариуцагч нь сангийн хөрөнгийг энэ журмын 4.4-д заасан шийдвэрийн дагуу байршуулна.

 

4.7.            Сангийн хөрөнгийн удирдлага хариуцагч нь хөрөнгө оруулалтын ирэх жилийн төлөвлөгөөг тухайн оны 3 дугаар улиралд багтаан боловсруулж, 4 дүгээр улиралд багтаан Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлуулна. Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд дараах мэдээллийг тусгана:

 

4.7.1.      Хөрөнгө оруулалт хийх боломжтой хөрөнгийн хэмжээ;

 

4.7.2.      Хөрөнгө оруулалтын багцын ерөнхий төлөвлөгөө;

 

4.7.3.      Хөрөнгө оруулалтын багцын актив тус бүрийн өгөөж;

 

4.7.4.      Хөрөнгө оруулалтын өгөөжөөс олох орлогын төсөөлөл.

 

4.8.            Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг жил бүр бэлтгэн Банкны хяналт шалгалтын хороонд танилцуулна.

 

4.9.            Банкны тухай хуулийн 62.3-т заасны дагуу сангийн хөрөнгийн удирдлага хариуцагчийг дотоод болон гадаадын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй, хөрөнгийн удирдлагын туршлагатай, санхүүгийн чадавхтай, найдвартай, мэргэжлийн хуулийн этгээдээр төлөөлүүлэн хэрэгжүүлж болно.

 

4.10.        Сангийн хөрөнгийг энэ журмын 4.9-д заасан мэргэжлийн хуулийн этгээдээр удирдуулсан тохиолдолд холбогдох зардлыг сангийн хөрөнгөөс гаргана.

 

Тав. Сангийн тайлагнал

 

5.1.            Сангийн санхүүгийн тайлан болон бусад үйл ажиллагааны тайланг Монголбанкны  тайлангаас тусад нь бэлтгэнэ.

 

5.2.            Сангийн санхүүгийн тайланг санхүүгийн тайлагналын олон улсын стандарт болон холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн бэлтгэнэ.

 

5.3.            Сангийн санхүүгийн тайланд хараат бус, хөндлөнгийн аудитыг жил тутамд хийлгэнэ.

 

5.4.            Сангийн нийт хураамж, төлбөрийн хуримтлагдсан үлдэгдэл, сангийн хөрөнгө оруулалттай холбоотой орлого, зардал, үлдэгдэл зэргийн талаарх мэдээллийг Монголбанк олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

Зургаа. Банктай харилцах харилцаа

 

6.1.            Жилийн хураамжийн хувь тогтоосон Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор уг тушаалын хуулбарыг, жилийн хураамжийн нэхэмжлэлийн хамт банканд албан бичгээр хүргүүлнэ.

 

6.2.            Монголбанк жилийн хураамжийг хуримтлуулахыг түр зогсоосны дараагаар, хураамжийг үргэлжлүүлэн төлүүлэхээр шийдвэрлэвэл уг шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор банканд албан бичгээр мэдэгдэнэ.

 

6.3.            Монголбанкнаас онцгой төлбөр төвлөрүүлэх тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал гармагц банканд мэдэгдэж, нэхэмжлэл хүргүүлнэ.

 

6.4.            Монголбанк нь банкны төлөх хураамжийн суурь болон хувь бодох тооцоолол, бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай тайлан мэдээг банкнаас шаардан авах эрхтэй.

 

Долоо. Хяналт, хариуцлага

 

7.1.            Банк хураамж, төлбөрийг тогтоосон хугацаанд бүрэн болон хэсэгчлэн төлөөгүй, төлөлт хийгдсэн боловч Монголбанкнаас тогтоосон нөхцөлийн шаардлага хангаагүй тохиолдолд нөхөн төлбөрийг төлүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг Банкны тухай хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу авна.

 

7.2.            Хураамж болон төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн банкны мэдээллийг Монголбанкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тухай бүр мэдээлнэ.

 

7.3.            Сангийн хөрөнгийн удирдлага хариуцагч нь хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг Монголбанкны удирдлагад хагас жил тутамд танилцуулна.

 

7.4.            Сангийн үйл ажиллагаанд Монголбанкны Дотоод аудит хариуцсан нэгж нь жил бүр шалгалт хийж тайлангаа Монголбанкны Ерөнхийлөгчид танилцуулна.

 

7.5.            Сангийн үйл ажиллагаанд энэ журмын 5.3-д заасны дагуу хөндлөнгийн байгууллагын хийсэн аудитын тайланг, дүгнэлтийн хамт Монголбанкны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

7.6.            Энэ журмын хэрэгжилтэд Монголбанкны Дотоод аудит хариуцсан нэгж, Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар тогтмол хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авна.

 

7.7.            Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

------ оОо ------

1