- Нүүр
- Улсын дээд шүүхийн тогтоол
- НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ, ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ
1997 оны 10 сарын 13
№ 380
Улаанбаатар хот
НӨХӨРЛӨЛ, КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ
УЛСЫН ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛ, ХЭСЭГ,
ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ
Нөхөрлөл , компанийн тухай Монгол улсын хуулийн зарим зүйл,хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:
Нөхөрлөл, компанийн тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг дор зааснаар тайлбарласугай.
1. Нөхөрлөл, компанийн тухай Монгол улсын хуулийн (цаашид "Хуулийн" гэх 6 дугаар зүйлийн "компаний салбар, төлөөлөгчийн газар", гэсний "салбар" гэдэгт Монгол Улсын Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсноор тухайн компанийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний чиг үүргийг бүгдийг буюу заримыг гүйцэтгэдэг нэгжийг; Харин " төлөөлөгчдийн газар " гэдэгт компаний хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалан нэрий нь өмнөөс эрх зүйн үйлдэл хийдэг нэгжийг тус тус ойлгоно. Салбар, төлөөлөгчдийн газар нь өөрийн эрх, үүргийг тодорхойлсон дүрэмтэй байж эрх баригчид нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр, дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулна. Харин компани өөр компанийн гаргасан хувьцааг худалдан авч толгойлох болон хараат компаний харилцаа үүсгэсэн явдал нь энэ ойлголтод хамаарахгүй.
2. Хуулийн 13 дугаар зүйлийн "Нөхөрлөл, компани хуульд заасан төрөл, хэлбэрээр , энэ хуульд заасан журмын дагуу өөрчлөгдөн зохион байгуулагдах" гэдэгт Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс түүнд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд бүгд гарсан тохиолдолд уг нөхөрлөл бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан, 75 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн компани нэгдэх, нийлэх, эсхүл 83 дугаар зүйлд зааснаар нэг компанийг хэд хэдэн компани болгон хуваах, тусгаарлах замаар хувьцаат буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож өөрчлөхийг ойлгоно.
3. Хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дугаар заалтын "саналын эрхийн дийлэнх, олонхийг эзэмшиж байгаа гишүүд" гэдэг нь нөхөрлөл, компанийн гишүүдийн бүх саналын эрхийн гуравны хоёроос дээшхийг эзэмшиж байгаа нэг буюу хэд хэдэн гишүүн байна.
4. Хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дүгээр заалтын "хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн" гэсний "удаа дараа зөрчсөн" гэдгийг Монгол улсын хууль тогтоомжийг нөхөрлөл, компани нь гурав буюу түүнээс дээш зөрчсөнийг, "ноцтой зөрчсөн" гэдгийг нөхөрлөл,компани нь дүрмийн санг хуурамчаар бүрдүүлсэн буюу дүрмийн санг багасгаснаа бүртгүүлээгүй, тусгай зөвшөөрөл шаардлагатай буюу хориотой үйлдвэрлэл, үйлчилгээг хууль бусаар эрхэлсэн, тайлан, тэнцлээ санаатай будлиантуулж, татвараас зайлсхийсэн, хууль тогтоомж бусад хэлбэрээр зөрчсөн нь төр, иргэд, аж ахуйн нэгж, бусад байгууллагад их хэмжээний хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэргийг ойлгох бөгөөд эдгээр нь нөхөрлөл, компанийг татан буулгах үндэслэл болж болно.
5. Хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалтын "нийтэд мэдээлэх" гэдэгт төр, засгийн төв, орон нутгийн байгууллагын албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслэл, түүнчлэн Засгийн газрын үндсэн болон дэд бүтцэд багтдаг байгууллагын албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр олон түмэнд мэдээлэхийг ойлгоно.
6. Хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "татан буулгах комисс тухайн нөхөрлөл, компани, гишүүдийн хооронд үүссэн маргаан" гэдэгт татан буулгах комисс, нөхөрлөл, компанийн удирдлагын хооронд гарсан маргаан, татан буулгах комисс нөхөрлөл, компанийн гишүүдийн хооронд гарсан маргаан болон татан буулгах үйл ажиллагаатай холбоотойгоор нөхөрлөл компанийн удирдлага болон гишүүд, түүнчлэн гишүүдийн хооронд гарсан маргааныг хамааруулна.
7. Хуулийн 18 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын "нөхөрлөл,компанийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан" гэдэгт нөхөрлөл, компани нь байгуулагдах, бүртгүүлэх талаар хуулийн 10, 20, 30, 32, 88 дугаар зүйлд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн өргөдөлдөө хавсарган бүртгэх байгууллагад өгч, бүртгэлийн гэрчилгээ авалгүйгээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулсан, түүнчлэн хуулийн11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2 дугаар заалтын дагуу бүртгэлээс хасагдсан боловч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан, хууль өөрчлөгдсөний улмаас түүний заалт ёсоор улсын бүртгэлд шинэчилсэн бүртгэл хийлгээгүй буюу нөхөрлөл, компани өөрчлөн байгуулагдсан хийгээд оршин байгаа газраа өөрчилсөн зэргээс улсын бүртгэлд хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй зэргийг ойлгоно.
8. Хуулийн 18 дугаар зүйлийн 3 дугаар заалтын " гэрээ дүрэмд зааснаас өөр төрлийн үйлдвэрлэл,үйлчилгээ явуулсан" гэдгийг нөхөрлөл, компани нь өөрийн гэрээ, дүрэм,улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнээс өөр төрлийн үйлдвэрлэл , үйлчилгээ байнга явуулсан байхыг ойлгоно.Нөхөрлөл,компани нь өөр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах тохиолдолд Нөхөрлөл, компаний тухай Монгол улсын хуульд заасан журмын дагуу гэрээ, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байвал зохино.
9. Хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "гишүүн тус бүрийн саналын эрхийн тоог гэрээнд тусгана" гэдэг нь бүх гишүүдээс нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгийг үнэлж нэгж саналд оногдох хөрөнгийг тогтоосны үндсэн дээр гишүүн бүрийн саналын эрхийн тоог тодорхойлон гэрээндээ тусгах явдал болно.
10. Хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дугаар заалтын "гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн" гэдэгт нөхөрлөлийн гишүүн нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тухайн нөхөрлөлийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, их хэмжээний хохирол учирсан, явуулбал зохих үйлдвэрлэл, үйлчилгээ тасалдсан түүнчлэн тухайн гишүүний хариуцсан болон оролцоотойгоор явагддаг үйлдвэрлэл, үйлчилгээний төрлийг зогсоосон буюу өөрчлөхөд хүрсэн зэргийг хамааруулна.
11. Хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "… гэрээнд заасан үнэлгээ,нөхцлийг баримтална" гэдэгт нөхөрлөлийг татан буулгасан тохиолдолд түүний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа гишүүдийн оруулсан эд хөрөнгийг биет байдлаар нь буцаан олгох боломжгүй тохиолдолд гишүүдийн нөхөрлөлд оруулсан хувь хөрөнгийг гэрээнд заасан үнэлгээг үндэслэн буцаан олгох талаар заасан журмыг баримтлан шийдвэрлэхийг хэлнэ.
12. Хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Нөхөрлөлийн эд хөрөнгө төлбөр барагдуулахад хүрэлцэхгүй бол… хувийн өмчийн эд хөрөнгөнөөс гаргуулж, харилцагчдын төлбөрийг бүрэн барагдуулна" гэдэг нь гэрээнд гишүүн тус бүр саналын нэг эрхтэй байхаар заасан тохиолдолд адил хэмжээгээр, бусад тохиолдолд тэдний оруулсан хувь хөрөнгөтэй хувь тэнцүү хэмжээгээр хувийн өмчийн эд хөрөнгөнөөс нь төлбөрийг гаргуулах ажиллагаа болно.
13. Хуулийн 28 дугаар зүйлийн 7 дугаар хэсгийн "оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд… оруулсан хөрөнгөө тэргүүн ээлжинд буцаан авах давуу эрхтэй байна" гэдгийг нөхөрлөлийг татан буулгах үед тухайн нөхөрлөлийн төлбөрийг бүрэн барагдуулсны дараа оруулсан хөрөнгөнийхөө хэмжээгээр хариуцлага хүлээдэг гишүүд зөвхөн өөрсдийн оруулсан хөрөнгөө биет байдлаар буюу үнийг гэрээнд заасан үнэлгээг үндэслэн тэргүүн ээлжинд буцаан авах эрхтэй байхыг ойлгоно.
Харин нөхөрлөлийн үлдсэн хөрөнгийг уг хуулийн 25 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хуваах журмын дагуу хуваарилна.
14. Хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "төлөөлөх эрх бүхий этгээд " гэдэгт иргэн ба хуулийн этгээдээс иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу өөрийнхөө нэрийн өмнөөс хувьцааны захиалга хийлгэх бүрэн эрх олгосон шийдвэр гаргасан буюу итгэмжлэл олгосон иргэн,эрх бүхий албан тушаалтныг хамааруулна.Ийнхүү төлөөлөх эрх бүхий этгээд захиалгын хуудсанд гарын үсэг зурсан бол захиалга хийгдсэн гэж үзнэ.
15. Хуулийн 33 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хувьцаат компанийг үүсгэн байгуулах зохион байгуулах хуралд оролцож байгаа хувьцаа захиалагч бүр саналын нэг эрхтэй байх тул мөн зүйлийн 4 дэх хэсгийн "захиалагчдын дийлэнх олонхи оролцсоноор хурал хүчин төгөлдөр болох бөгөөд хуралд оролцогчдын дийлэнх, олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болно" гэдгийг хувьцаа захиалагчдын гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болж харин хуралд оролцсон хувьцаа захиалагчдын гуравны хоёроос доошгүйн санал авснаар шийдвэр хүчин төгөлдөр болно гэж ойлгож болно.
16. Зохион байгуулах хуралд оролцож байгаа захиалагч нь Хуулийн 31 дүгээр зүйлийн 4 ба 6 дахь хэсэгт заасны дагуу захиалгын хуудсанд гарын үсэг зурж захиалга хийсэн, түүнчлэн захиалсан хувьцааныхаа 30-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний урьдчилсан төлбөрийг төлсөн байна.Хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хувьцааны төлбөрийг оюуны өмчийг үнэлэх хэлбэрээр хийх тохиолдолд үнэлгээ үнэн зөв, үнийн дүн түүнд ногдох хувьцааны үнэтэй тохирч байгаа эсэхийг Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дүгээр заалт, Патентийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дүгээр заалтад тодорхойлсон чиг үүргийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулна.
17. Хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн " гишүүдийн хурлаас гарах шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдэнэ" гэдгийг хувьцаат компаний гишүүдийн хурлыг зарлах үед хурлаас гарах шийдвэрийн төслийг гишүүдэд өөрсдөд нь буюу зуучлан үйлчилдэг үнэт цаасны компаниудад хүргэсэн байхыг ойлгоно.
18. Хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшиж байгаа гишүүд" гэдэгт хуралд оролцсон гишүүд нь хувьцаат компанийн дүрмийн санд оруулсан эд хөрөнгө,оюуны өмчийн үнэд дүйцүүлэн эзэмшсэн буюу худалдан авсан хувьцаагаараа компанийн эд хөрөнгийн эрхийн 50-иас дээш хувийг өмчлөх, түүндээ тэнцэх оногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг хамааруулна. Харин хувьцаат компани нь Нөхөрлөл, компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хувьцааг худалдаж авсан тохиолдолд уг хувьцааг хурлын ирц, оногдол ашиг, авах саналын эрхэд оруулан тооцохгүй. Хувьцаат компани өөрөө худалдан авсан хувьцааг хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг ашиглах журмыг гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
19. Хуулийн 44 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн " хуралд оролцох гишүүдийн тооны доод хязгаарыг зааж болно" гэдгийг тухайн компанийн гишүүдийн тоо, хэлэлцэх асуудлын төрөл зэрэг онцлогоос шалтгаалан тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэх компанийн гишүүдийн хуралд оролцох гишүүдийн тооны доод хязгаарыг дүрмээрээ тогтоож болно гэж ойлгоно. Тэгэхдээ эдгээр тооны гишүүд нь заавал саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшиж байвал зохино.
20. Хуулийн 44 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "дахин хуралдах өдрийг товлоно" гэдэг нь гишүүдийн хуралд саналын эрхийн 50-иас дээш хувийг эзэмшигчид оролцоогүйгээс хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл тухайн хуралд ирсэн гишүүдийн саналыг үндэслэн дахин хуралдах өдрийг товлохыг ойлгох бөгөөд уг хугацааг товлоход хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаа хамаарахгүй. Харин хэлэлцэн шийдвэрлэх асуудалд өөрчлөлт орсон тохиолдолд дахин хуралдах хугацааг 30-аас доошгүй хоногоор тогтоож шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдэнэ.
21. Хуулийн 44 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "ээлжийн бус хуралд гишүүн заавал биечлэн оролцоно" гэдэгт гишүүн өөрөө буюу хуулийн 43 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан журмын дагуу бичгээр олгосон итгэмжлэлтэй төлөөлөх этгээд оролцохыг ойлгоно.
22. Хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн "Гишүүдийн хуралд оролцогчдын саналын эрхийн дийлэнх олонхиор шийдвэр хүчин төгөлдөр болно" гэдэг нь тухайн хуралд оролцож байгаа гишүүдийн саналын эрхийн гуравны хоёроос дээш хувийг эзэмшигчдийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болохыг ойлгоно.Харин төрийн өмчийн оролцоотой хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг сонгоход Төрийн болон орон нутгийн өмчийн тухай Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу төрийн өмчийн төлөөлөгч нь бусад өмчлөгчөөс сонгогдож байгаа гишүүдэд санал өгөхгүй тул хуралд оролцсон уг төлөөлөгчөөс бусад гишүүдийн саналыг эрхийн дийлэнх олонхийн санал авсан төрийн бус өмчлөгчдийг төлөөлөх хүнийг төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдсонд тооцно.Энэ нь хуулийн 92 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төлөөлөн удирдах зөвлөлд нэгэн адил хамаарна.
23. Хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт " Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг Иргэний хуулийн 308-312 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэнэ" гэсэн заалтыг компани өөрийн дүрэм болон гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээнд түүний эрх, үүрэг, хариуцлага, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс урамшуулал зэргийг Иргэний хуулийн дээрх зүйлд болон энэ хуулийн 50 дугаар зүйлд нийцүүлэн нарийвчлан тогтооно гэж ойлгоно.
24. Шүүх, энэ тогтоолын 23 дугаарт заасан асуудлаар гарсан маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн хуулийг бус Иргэний хуулийн зохих зүйл, хэсэг, заалтыг баримтлан дүрэм, гэрээг үндэслэх бөгөөд Нөхөрлөл, компаний тухай хуулийн 50 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс албан ёсоор томилсон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг компанийг төлөөлүүлэн оролцуулна.
25. Хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийг төлөөлж болно" гэдгийн " эрх хэмжээ" нь компаний дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан түүний хөлсөөр ажиллах гэрээгээр тодорхойлогдох бөгөөд уг гэрээ дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд компанийг төлөөлж болно гэж ойлгоно.
Харин хуулийн энэ зүйлийн 2 дахь хэсгийн " гүйцэтгэх захирал нь компанийн үйл ажиллагаатай холбогдолтой гэрээ хэлэлцээрийг төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний дотор хийнэ" гэдэг нь гүйцэтгэх захирал гэрээ хэлэлцээр хийх эрх хэмжээг мөн компанийн дүрэм, түүний хөлсөөр ажиллах гэрээнд тусгасан байх бөгөөд хуулийн 46 дугаар зүйлийн 4-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар тогтоосон эрх хэмжээний дотор гэрээ, хэлэлцээр хийж болно гэж ойлгоно.
Төлөөлөн удирдах зөвлөлөөс гэрээ, хэлэлцээр бүрт тухайлан эрх хэмжээ тогтоон өгч болно.Ийнхүү компанийн дүрэм,хөлсөөр ажиллах гэрээнд болон төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тухайлан тогтоогоогүй бол түүний компанийг төлөөлөх болсон гэрээ, хэлэлцээр хийх эрх хэмжээг хязгаарлаагүй гэж үзнэ.
26. Хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "дотоод хяналт" гэдэгт компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээ, компанид ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн болоод технологийн сахилга, тэдгээрийн хүрээнд дагаж мөрдвөл зохих хууль тогтоомжийн биелэлтэд тавих компанийн дүрэмд заасан журмын дагуу төлөөлөн удирдах зөвлөлөөс хэрэгжүүлэх хяналтыг ойлгоно. Харин гишүүдээс төлөөлөн удирдах зөвлөл болон компанийн санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг хуулийн 52 дугаар зүйлд заасан хянан шалгагч / хянан шалгагчдын зөвлөл/-аар дамжуулан гүйцэтгэнэ.
27. Хуулийн 53 дугаар зүйлийн 2 дахь заалтын "урьд нь дампуурсан компанийн удирдлагад ажиллаж байсан этгээд" гэдэгт шүүхээс дампууруулсан хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал, захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүний үүрэг гүйцэтгэж байсан хүнийг хамааруулан ойлгоно.
28. Хуулийн 53 дугаар зүйлийн 3 дахь заалтын " компанийн удирдлагын төрөл садан" гэдэгт компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд гүйцэтгэх захирал, захирлын төрсөн болон үрчилж авсан эцэг , эх, төрсөн буюу үрчилж авсан хүүхэд , ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хадам эцэг, эх, ач, зээ болон гэр бүлийн гишүүдийг хамааруулна.
29. Мөн заалтын " ямар нэг шалтгаанаар компанийн удирдлагын нөлөөнд автсан" гэдэг ойлголтонд нам, төрийн бус байгууллагын сонгуульт албаны хувьд компанийн удирдах хүмүүсийн шууд удирдлагад нь ажилладаг болон хамтарч аж ахуй эрхэлдэг, өмч хөрөнгийн хувьд харилцан хараат байдалтай буюу аль нэгэндээ зээл ба өр төлбөртэй зэрэг компанийн удирдлагад байгаа этгээдээс хянан шалгагчид нөлөөлж болох нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
30. Хуулийн 56 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар " хянан шалгагч гишүүдийн хурлыг зарлан хуралдуулсан" тохиолдолд уг хуулийн 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан журмын дагуу гишүүдийн хурал хуралдуулах товыг 30-аас доошгүй хоногийн өмнө зарлаж, гарах шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдсэн байна.
31. Хуулийн 59 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн "гомдолд заасан зүйл үндэслэлтэй бөгөөд ноцтой байдал тогтоогдвол" гэдэгт компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тухайд дүрэмд заасан хугацаа дууссан, бүрэлдэхүүний дийлэнх олонхи нь компанийн гишүүн байх хуулийн заалт зөрчигдсөн гишүүн өөр нөхөрлөл компанийн удирдлагад сонгогдож болохгүй тухай компанийн дүрмийн заалт зөрчигдсөн,зөвлөл ээлжит хурлаа хуульд заасан хугацаанд хийгээгүй , Нөхөрлөл , компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан болон дүрэмд тодорхойлсон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, компанийн гишүүдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үл нийцэх үйл ажиллагаа явуулсан буюу хувийн эрх ашгийг хичээж эд хөрөнгөнд нь хохирол учруулсан, компанийн төлбөрийн чадварт муугаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан, гишүүдийн хурлыг зарлах, хурлаас гарах шийдвэрийн төслийг гишүүдэд бичгээр мэдэгдэж журам зөрчсөн болон саналын эрхийн 10-аас доошгүй хувийг эзэмшиж байгаа гишүүдээс болон хянан шалгагчаас гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах үйл явцыг саатуулсан; хянан шалгагч (хянан шалгагчдын зөвлөл)-ийн тухайд хуулийн 54 дүгээр зүйлд заасан болон дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй,хянан шалгагч байхыг хориглосон үндэслэл тогтоогдсон, компанийн санхүүгийн үйл ажиллагааны талаар гишүүдээс гарсан гомдлыг зохих ёсоор шийдвэрлэж хариу өгөөгүй, компанийн эд хөрөнгө завшсан, үргүй зардал гаргасан дутагдлыг мэдсээр байж хаацайлсан, хяналт тавихаас үндэслэлгүйгээр татгалзсан зэрэг асуудлаар гомдол гарсан бөгөөд тэдгээр нь үндэслэлтэй болох нь шүүхийн буюу эрх бүхий байгууллага,албан тушаалтны хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болох байсныг ойлгоно. Энэ тохиолдолд шүүх гишүүдийн хурлыг хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж болно.
32. Хуулийн 65 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "компанийн үйл ажиллагаанд зөвхөн саналын эрхээр дамжуулан нөлөөлнө" гэдэг нь оролцогч болон толгойлох компани нь хувьцааг эзэмшиж буй компанийхаа хуралд өөрийн эрх бүхий төлөөлөгчийг оролцуулж,хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн компанид оногдох саналын эрхийн тоогоор санал өгөх замаар хурлаас гарах шийдвэрт нөлөөлөхийг хэлэх бөгөөд үүнээс өөр замаар хувьцааг нь эзэмшиж байгаа компанийн үйл ажиллагаанд оролцож болохгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ А.ДОРЖГОТОВ
Текст томруулах
A
A
A
