A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЗӨВЛӨМЖ

2007 оны 11 дүгээр сарын 15 өдөр                                                                                                            

Улаанбаатар хот                                       

                                                  ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ХЯНАХ ТУХАЙ

Хэвлэх

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлгийн 179-182 дугаар зүйлүүдэд "шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл, уг үндэслэлээр шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах, түүнийг хянах журам, мөн биелэгдсэн шийдвэрийг цуцлах" тухай тус тус заажээ.

   Шүүхийн практикт сүүлийн үед шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргах явдал нэмэгдэх хандлагатай байна.

   Монгол Улсын Дээд шүүх сүүлийн хоёр жилд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай 44 хүсэлт, Нийслэлийн шүүх 25 хүсэлтийг тус тус хянан хэлэлцжээ.

   Энэ байдал нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ажиллагааг хуульд заасан журмын дагуу практикт зөв төлөвшүүлснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх явдлыг хангах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчмын ач холбогдолтой болохыг харуулж байна.

   Иймд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэх явдлыг хангах зорилгоор Шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.4-т заасныг удирдлага болгон Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимаас ЗӨВЛӨХ нь:

НЭГ. ШИНЭЭР ИЛЭРСЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫН УЛМААС ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНАХ ҮНДЭСЛЭЛ

   1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлийг заажээ. Энд заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж болох "хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр" гэдэгт сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шийдвэр, аймаг, нийслэлийн шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолыг хамааруулан ойлгоно. Мөн шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэрэгждэг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хамаарна.

   1.2. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянаж болох шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ёстой. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох гэдэг нь дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:

   а) Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэргийн зохигч (түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч) гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргаагүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

   б) Зохигчоос давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлын дагуу хэргийг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргасан:

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй буюу үндэслэлгүй бол гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн;
  • Мөн зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулсан;
  • Мөн зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн бөгөөд эдгээр магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

   в) Давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд уг гомдлыг хяналтын шатны шүүх хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-176.2.4 дахь заалтын дагуу:

  • шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон,
  • шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулсан,
  • магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн, өөрчилсөн тохиолдолд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

   Эдгээрээс гадна шүүхийн шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хүчин төгөлдөр магадлал, тогтоол, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрт хамааруулан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж болно.

   1.3. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах нэг үндэслэл нь шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй нотлох баримт илэрсэн байх явдал юм. Хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй нотлох баримт гэдэг ойлголтын гол шинжүүд нь:

   -хэргийг шүүх шийдвэрлэх явцад бодит байдалд байсан боловч хэргийн оролцогч тухайн нөхцөл байдлыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул уг байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, гаргуулах, бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах боломжгүй байдаг.

   -шинэ нөхцөл байдал тогтоосон нотлох баримт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа илэрч мэдэгдсэн байна.

   -энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад шаардлагатай тул хэргийг анхан шатны журмаар зайлшгүй дахин хянан шийдвэрлэхэд хүргэдэг байна.

   Харин энэ ойлголт нь хэрэгт авагдаагүй, "шинэ нотлох баримт"-аас ялгаатай.

   Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед тухайн нотлох баримтын талаар зохигч мэдэж байсан буюу мэдэх бололцоотой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, түүнийг бүрдүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргах эрх болон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нөхөн гаргасан тохиолдолд шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхгүй.

   Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тухайн үйл баримтын талаар шинээр бий болсон нотлох баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

   Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт авагдаагүй шинэ нотлох баримт гаргаж ирүүлэх, зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй, эсхүл нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй буюу түүнийг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргах нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болохгүй.

1.4. Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт хуурамч байсан бол шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болно.

   "Нотлох баримт хуурамч байсан" гэдэг ойлголтыг тодорхойлох шинжүүд нь:

   -шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт байна. Хэрэгт авагдсан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт энд хамааралгүй юм.

   -Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтын төрлүүд болох гэрчийн мэдүүлэг худал, шинжээчийн дүгнэлт хууль бус, орчуулга ташаа байсан, эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь хуульд заасан журмын дагуу шалгагдан тогтоогдсон байна.

   -дээрх байдлаар нотлох баримт хуурамч болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон буюу гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

   Дээрх байдлын талаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн зэрэг нь "нотлох баримт хуурамч байсан"-ыг шууд тогтоохгүй юм.

   1.5. Шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх үед гаргасан хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол тухайн хэргийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах үндэслэл болно.

   Энэ нь "нотлох баримт хуурамч байсан" гэсэн ойлголтын шинж тэмдгийн адил агуулдгаас гадна шүүх хуралдааны оролцогч болон тэдгээрийн үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг.

   Тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд дээрх субъектуудын явуулсан үйл ажиллагаа, үйлдэл /эс үйлдэхүй/ хууль бус байсны улмаас шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, буруу гарсан, эсхүл уг үйл ажиллагаа ийнхүү хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн болох нь тогтоогдсон буюу гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон явдал шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдоно.

   1.6. Шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр хууль бус байсны улмаас хүчингүй болсон явдал нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг дахин хянах үндэслэл болдог.

   Шүүхийн шийдвэр хууль бус байсан гэдэгт доорх байдлыг ойлгоно:

   а) Иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол хууль бус байсны улмаас дээд шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байна.

   б) Иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон иргэний болон захиргааны хэргийн шийдвэрээс гадна шүүхийн тогтоол, шийтгэвэр, шүүгчийн захирамж зэрэг нь хууль бус байсны улмаас дээд шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон байна.

   Төр, захиргааны шийдвэр хууль бус байсан гэдэгт төрийн захиргааны байгууллага болон тэдгээрийн албан тушаалтны аливаа шийдвэр, үйл ажиллагааг шүүхийн, эсхүл дээд шатны байгууллагын, эсхүл өөрийн шийдвэрээр хууль бус байсан гэдгийг тогтоож, хүчингүй болгосон байхыг ойлгоно.

   Бусад байгууллага гэдэгт төрийн захиргааны байгууллагаас бусад буюу орон нутгийн өөрөө удирдах байгууллага /иргэдийн хурал, түүний тэргүүлэгчид/, төрийн бус байгууллага, аливаа хороо, комисс, аж ахуйн нэгж, хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, тэдгээрийн албан тушаалтан зэргийг хамааруулан үзнэ.

   Хууль бус байсны улмаас хүчингүй болсон төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь тухайн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гаргах үндэслэл нотолгоо болсон байна. Иргэний хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч шийдвэрийн үндэслэл болоогүй байгууллагын шийдвэр хүчингүй болох нь иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах үндэслэл болохгүй.

   Дээрх үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах шалгуур нь:

   а) Эдгээр шийдвэр нь хүчингүй болсон байна. Уг шийдвэрийг хүчингүй болгох эрх бүхий этгээд хуульд заасан журам, үндэслэлээр хүчингүй болгосон байна.

   б) Тухайн шийдвэр хүчингүй болох үндэслэл нь "хууль бус байсан" байна. Уг шийдвэр цаг үеийн шаардлага, нөхцөл байдал өөрчлөгдсөн зэрэг шалтгаанаар хүчингүй болсон явдал үүнд хамаарахгүй юм.

   в) Хууль бус байсны улмаас хүчингүй болсон шийдвэр нь хянуулах тухай хүсэлт гаргаж байгаа шүүхийн тухайн шийдвэрийн үндэслэл нотолгоо болсон байх учиртайг анхаарах нь зүйтэй.

ХОЁР. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЯНУУЛАХ ТУХАЙ ХҮСЭЛТ ГАРГАХ

   2.1. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлд заасны дагуу гаргана. Мөн хуулийн 179 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон тохиолдолд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргах боломж хэргийн оролцогчид үүснэ.

   2.2. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргах журам нь дараах байдлаар тодорхойлогдоно. Үүнд:

   а) Хүсэлтийг шинээр илэрсэн нөхцөл байдал бий болсныг мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гаргана.

   б) Тухайн хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд тэдгээр нь төлөөлөгч, өмгөөлөгчөөрөө дамжуулан шийдвэрийг хянуулах тухай хүсэлтээ гаргаж болно.

   в) Уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүйн улмаас шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргана.

   г) Шүүхийн шийдвэрт гарсан давж заалдах гомдлоор аймаг, нийслэлийн шүүх хэргийг хянан хэлэлцэж, магадлал гаргасан бол хүсэлтийг тухайн аймаг, нийслэлийн шүүхэд гаргана.

   д) Шүүхийн шийдвэр, магадлалд гарсан хяналтын гомдлоор хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, тогтоол гаргасан бол хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана.

   е) Шийдвэрийг хянуулах хүсэлтийг тухайн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хүлээн авч, хэргийн хамт зохих шүүхэд хүргүүлнэ.

   ж) Хүсэлтийг заавал бичгийн хэлбэрээр гаргах ба түүндээ шинээр илэрсэн нөхцөл байдлыг нотлох баримтын эхийг эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргасан байвал зохино.

   Мөн хүсэлтийг ямар шүүхэд гаргаж байгаа, хүсэлт гаргаж буй этгээдийн нэр, хаяг, албан тушаал, хуулийн этгээдийн оршин байгаа газар, аль шүүхийн ямар шийдвэрийг хянуулах хүсэлтэй байгаа хийгээд шинээр илэрсэн нөхцөл байдал, түүнийг мэдсэн хугацаа зэргийг заасан байх шаардлагатай.

ГУРАВ. ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ

   3.1. Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

   3.2. Шүүх хуралдаанаар:

   а) Шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл, нөхцөл байдал шинээр илэрсэн болохыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хүсэлт гаргасан эсэхийг шалгана;

   б) Хүсэлтийг эрх бүхий этгээд буюу зохигч, гуравдагч этгээд гаргасан эсэх, төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт зохигч, гуравдагч этгээдийн хүсэл зоригт үндэслэсэн эсэхийг хянана;

   в) Хүсэлтэд заасан үндэслэл, түүнд хавсарган ирүүлсэн баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцогдох боломжтой эсэх, шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянана;

   г) Хүсэлтийн үндэслэл, түүнд хавсаргасан баримт шүүхийн шийдвэр болон үндэслэлд хэрхэн нөлөөлөх эсэхийг хянаж тогтооно;

   д) Дээр дурдсан зүйлүүдэд тулгуурлан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ.

   3.3. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах бүрэлдэхүүнд зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцсон шүүгч орж болохгүй. Давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч, мөн анхан шатны шүүхийн шийдвэр гаргахад оролцоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаанд оролцсон шүүгч хуулийн энэ хязгаарлалтад хамаарахгүй.

   3.4. Хүсэлт гаргасан этгээд уг хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал шүүх хуралдаан болох товыг түүнд тухайн шүүх заавал мэдэгдэх үүрэгтэй. Харин хүсэлт гаргасан этгээд шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол түүний оролцоогүйгээр хүсэлтийг хянан хэлэлцэнэ.

   3.5. Шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангах эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана.

   Хүсэлтийг хангасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлал, тогтоол (шүүхийн шийдвэрийн адил хэрэгжих захирамж)-ыг хүчингүй болгох тул хэргийг анхан шатны шүүх ердийн журмаар хянан хэлэлцэнэ.

   Ердийн журам гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно.

   Дээрх ойлголт, нөхцөлүүдийг нягтлан судалж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэхдээ анхаарч хэрэглэхийг зөвлөж байна.

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ