- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- "ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 316
Улаанбаатар хот
"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Тавантолгой түлш" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-д эзэмшүүлэхээр тогтоосугай.
2. "Тавантолгой түлш" ХХК-ийн Засгийн газрын эзэмшлийн 49 хувийн хувьцааны төрийн өмчийн төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр тус тус тогтоосугай.
3. Энэ тогтоолын 1, 2 дахь заалтаар "Тавантолгой түлш" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн хувь хэмжээ болон төрийн өмчийн хувьцаа эзэмшигчийн төлөөллийг хэрэгжүүлэгч этгээдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсантай холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлэхийг "Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатарт даалгасугай.
4. "Тавантолгой түлш" ХХК-ийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өр төлбөрийн асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Бат-Эрдэнэ)-д даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-д доор дурдсан агуулга бүхий 2.92 дахь заалт нэмсүгэй:
"2.92."Тавантолгой түлш" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийн төлөөллийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК, 39 хувийн төлөөллийг Эрчим хүчний яам, 10 хувийн төлөөллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус хэрэгжүүлж, компанийн Хувьцаа эзэмшигчийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийг төлөөлөх этгээдийг томилж, чөлөөлнө."
6. Мөн журмын 2.10 дахь заалтын "2.4-2.91" гэснийг "2.4-2.92" гэж өөрчилсүгэй.
7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Таван толгой түлш" ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 387 дугаар тогтоолын 1, 2, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
