A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ "СУРГАЛТ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР" БОЛГОН ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 321

Улаанбаатар хот

ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙГ "СУРГАЛТ-ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР" БОЛГОН ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор" болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай:

1.1. Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэх;

1.2. Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах;

1.3. Орхон аймаг дахь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх.

1.4. Хөшигийн хөндийд дижитал их сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлсэн хэв шинжтэй дээд боловсролын сургалтын байгууллагыг шинээр байгуулах.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 293 дугаар тогтоолоор нэмсэн)

2. Орон нутаг дахь төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх, зээл олгох асуудлыг холбогдох журамд тусгаж, шаардагдах эх үүсвэрийг тухайн жилийн батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэж байхыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3. Орон нутаг дахь төрийн өмчит их, дээд сургуульд ажиллаж байгаа багш, ажилтны нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутагт тогтвор суурьшилтай ажилласан бол зохих тэтгэмж олгох, хөнгөлөлттэй зээлд хамруулдаг байх зохицуулалт бий болгох асуудлыг судлан, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. "Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор"-ыг орон нутагт хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгах, тухайн орон нутгийн онцлог, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон хот, тосгоны батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төв, орон нутаг дахь их сургуулийн хотхоны техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах, газар олголт, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолын 1.1-д заасан төрийн өмчийн их, дээд сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг улсын төсвийн төсөлд тусгахыг Сангийн сайд Б.Жавхлан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт, 1.2-т заасан Шинжлэх ухаан, технологийн сургуулийн харьяа сургууль байгуулахад шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн төсөв болон тухайн орон нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэх арга хэмжээ авахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарт, 1.3-т заасан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа "Эрдэнэт цогцолбор" дээд сургууль, Монгол Улсын Их сургуулийн бүрэлдэхүүн "Эрдэнэт" сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх болон нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэх зохих арга хэмжээ авч ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга С.Батжаргал, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ (Х.Бадамсүрэн) нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН