A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 323

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам"-ын 3.4 дэх заалтын "... Ажлын хэсгийг" гэсний дараа "2-оос доошгүй" гэж нэмсүгэй.

2. Мөн журмын 3.2, 3.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Cангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний сонгон шалгаруулалтын талаар 14-өөс доошгүй хоногийн өмнө болон сонгон шалгаруулах үйл явц, шалгарсан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ;

"3.3. Иргэн, хуулийн этгээд нь Cангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төсөл, хүсэлтийг тухайн төсвийн жилд улирал бүрийн эхний 20 хоногийн дотор (жилд 4 удаа) эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.".

3. Мөн журмын 3.5 дахь заалтын "... хэмжээг хэрэгжүүлэх хүсэлтийг" гэснийг "... хэмжээний нийт төслийг хүсэлтийн хамт" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 78

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 226 дугаар тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 37 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 323 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ