- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 05 сарын 14 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАМШГААС ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.19-4.1.24 дэх заалт:
"4.1.19."гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж аюулт үзэгдэл, ослоос үүдэн хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн байгаа орчин, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж, хүн-нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хэвийн үйл ажиллагаа алдагдахыг;
4.1.20."гамшгаас урьдчилан сэргийлэх" гэж аюулт үзэгдэл, ослын хор уршиг, хохирол, сөрөг үр дагавраас зайлсхийх, таслан зогсоох, бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээг;
4.1.21."хүмүүнлэгийн тусламж" гэж иргэн, байгууллага, хуулийн этгээдээс гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зориулж сайн дурын үндсэн дээр өгч байгаа мөнгөн хөрөнгө, техник хэрэгсэл, бараа материал, ажил, үйлчилгээг;
4.1.22."хорио цээрийн дэглэм" гэж цацраг хими, биологийн осол болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, таслан зогсоох зорилгоор халдварласан, халдвар тээгч, халдварласан байж болзошгүй сэжиг бүхий болон тэдгээрийн харьцагч, хавьтагч хүн, мал, амьтан, эд материалыг тусгай нөхцөлд тогтоосон хугацаагаар бусдаас тусгаарлах, эмчлэх, сувилах, хяналт-ажиглалтад байлгах, ариутгахыг;
4.1.23."хязгаарлалтын дэглэм" гэж засаг захиргаа, нутаг дэвсгэр, голомтын бүсэд гамшгаас хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор хүн, мал, амьтан, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох, иргэн, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаа болон эрхийг хязгаарлахыг;
4.1.24."бэлэн байдал" гэж гамшиг, аюулын сөрөг үр дагаврыг урьдчилан тооцож, хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан, хүрээлэн буй орчин, дэд бүтэц, нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа нэгдмэл удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалтын цогц арга хэмжээг."
2/7 дугаар зүйлийн 7.3.5 дахь заалт:
"7.3.5.хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх."
3/10 дугаар зүйлийн 10.3.7 дахь заалт:
"10.3.7.салбар дундын төлөвлөгөө, мэдээ, мэдээлэл солилцох, хамтран ажиллах."
4/10 дугаар зүйлийн 10.4.6-10.4.17 дахь заалт:
"10.4.6.соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;
10.4.7.харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох, хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах;
10.4.8.голомтын бүсээс хүн, мал, амьтан, эд хөрөнгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, түр орон байр, хүнс тэжээлээр хангах арга хэмжээг зохион байгуулах;
10.4.9.нийгэм-эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад чухал үүрэг бүхий хуулийн этгээдэд тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх;
10.4.10.төрийн болон төрийн өмчит байгууллагын үүрэг, зориулалт, хөдөлмөрийн нөхцөл, ажлын цагийн хуваарийг тогтоосон хугацаагаар өөрчлөх;
10.4.11.улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээг авах;
10.4.12.стратегийн хүнс, бараа, бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл болон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагад чиглэл болгох, хяналт тавих;
10.4.13.олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээн дэх гамшгийн тухай илт худал мэдээллийн тархалтыг бууруулах, зогсоох арга хэмжээг тухайн нөхцөлийн хэр хэмжээнд тохируулан тодорхой хүрээ, хугацаатайгаар авч хэрэгжүүлэх;
10.4.14.эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангуулах;
10.4.15.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед улсын хил хамгаалах байгууллага холбогдох байгууллагатай хамтран хилийн боомтод тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх;
10.4.16.химийн хорт болон аюултай бодис, ачаа тээвэрлэлтийг хязгаарлах, шаардлагатай тохиолдолд түр хугацаагаар зогсоох;
10.4.17.зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс холбогдох мэдээллийг авах бөгөөд тухайн мэдээллийн нууцлалыг хадгалах, түүнчлэн гамшгаас хамгаалахаас бусад зорилгоор урвуулан ашиглахгүй байх."
5/10 дугаар зүйлийн 10.9-10.11 дэх хэсэг:
"10.9.Энэ хуулийн 10.4-т заасны дагуу гарах аливаа шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд доор дурдсан шаардлагыг нэг мөр хангана:
10.9.1.хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан байх;
10.9.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;
10.9.3.энэ хуулийн 10.9.2-т заасан зорилгод хүрэхэд зайлшгүй, тухайн нөхцөлд тохирсон, тодорхой хүрээ, хугацаатай байх;
10.9.4.хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хөндөөгүй байх.
10.10.Гамшгаас хамгаалах зорилгоор гарах шийдвэр, арга хэмжээ нь иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тухайн нөхцөлд тохируулан хамгийн бага хязгаарласан байна.
10.11.Монгол Улсын Их Хурал нь энэ хуулийн 10.4-т заасны дагуу Засгийн газраас гарах шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн эсэхэд тогтмол хяналт тавина."
6/11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт:
"11.2.1.энэ хуулийн 11.2-т заасан "бүрэн" гэдгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг бүхэлд нь, "хэсэгчилсэн" гэдгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим хэсэг, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн тодорхой хэсгийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхийг ойлгоно."
7/17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг:
"17.2.Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, ажиллах журмыг Засгийн газар батална.
17.3.Голомтын бүсэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг тухайн шатны онцгой байдлын байгууллага удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавина."
8/19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэг:
"19.3.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь хүн амыг нүүлгэн шилжүүлэх талбай, байршуулах байр, байгууллага, хуулийн этгээд нь түр цугларах аюулгүйн талбайтай байна."
9/251 дүгээр зүйл:
"251 дүгээр зүйл.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрх
251.1.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал үүссэн үед холбогдох асуудлыг шуурхай хэлэлцэж, Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл, зөвлөмж өгөх."
10/26 дугаар зүйлийн 26.1.6-26.1.8 дахь заалт:
"26.1.6.гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах;
26.1.7.Улсын онцгой комиссын саналын дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг тогтоох, холбогдох хөрөнгийг шийдвэрлэх;
26.1.8.Улсын онцгой комиссын саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хуульд заасан нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг түр хориглох."
11/271дүгээр зүйл.
"271дүгээр зүйл.Онцгой комиссын бүрэн эрх
271.1.Улсын онцгой комисс гамшгаас хамгаалах асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
271.1.1.гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах, хяналт тавих;
271.1.2.гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Засгийн газраас тогтоосон чиглэлийн хүрээнд энэ хуулийн 10.4, 10.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих;
271.1.3.гамшгаас хамгаалах алба, орон нутгийн онцгой комисс, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах асуудлаар хүлээсэн эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох;
271.1.4.гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар тогтоол, албан даалгавар гаргах;
271.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын талаар болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Засгийн газарт танилцуулах;
271.1.6.шаардлагатай тохиолдолд гамшгаас хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах шуурхай штабыг, орон нутагт шуурхай бүлгийг байгуулж, ажиллуулах;
271.1.7.шаардлагатай тохиолдолд төрийн байгууллага, хуулийн этгээдийн мэдээллийг сонсох.
271.2.Орон нутгийн онцгой комисс нь энэ хуулийн 271.1.1, 271.1.2, 271.1.3, 271.1.4, 271.1.5, 271.1.6, 271.1.7-д заасан бүрэн эрхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
271.3.Онцгой комиссын шийдвэр, тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм, түүнийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг сахин мөрдөхийг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, иргэнээс шаардана.
271.4.Шуурхай штаб, шуурхай бүлгийн үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын, орон нутагт Засаг даргын нөөц хөрөнгөөс тус тус санхүүжүүлнэ.
271.5.Улсын онцгой комиссын өдөр тутмын үйл ажиллагааг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.
271.6.Улсын онцгой комисс нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тамга, тэмдэг, бэлгэдэл, хэвлэмэл хуудастай байна."
12/28 дугаар зүйлийн 28.1.11 дэх заалт:
"28.1.11.гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төсвийн төслийг Засгийн газарт оруулж батлуулах."
13/30 дугаар зүйлийн 30.1.18 дахь заалт:
"30.1.18.улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийг бүрдүүлэх, хадгалах, хуваарилах, хяналт тавих, аюулгүй байдлыг хангах."
14/30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэг:
"30.4.Онцгой байдлын байгууллагыг төлөөлөх, төсөв, хөрөнгийг захиран зарцуулах шийдвэр гаргах эрхээ харьяа санхүүгийн нэгжийн дарга, эсхүл энэ хуулийн 42.6-д заасан албан тушаалтанд шилжүүлж болох бөгөөд ийнхүү шилжүүлсэн нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй."
15/32 дугаар зүйлийн 32.1.14 дэх заалт:
"32.1.14.онцгой байдлын байгууллагын салбар, нэгжгүй сум, суурин газарт гамшгаас хамгаалах асуудлыг Засаг даргын тамгын газрын аль нэг албан тушаалтанд хавсран гүйцэтгүүлнэ."
16/33 дугаар зүйлийн 33.1.14 дэх заалт:
"33.1.14.хариуцсан салбарын хүрээнд холбогдох дүрэм, журам, удирдамж, заавар, стандартыг боловсруулж, батлуулах."
17/37 дугаар зүйлийн 37.2.8 дахь заалт:
"37.2.8.хорио цээр болон хязгаарлалтын дэглэм тогтоосон үед эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй зорчих."
18/42 дугаар зүйлийн 42.4.1 дэх заалт:
"42.4.1.энэ хуулийн 42.4-т заасан төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэр, үйлчилгээний байгууллагын дэргэд байгуулсан онцгой байдлын байгууллагын харьяа нэгжийн үйл ажиллагааны бүх зардлыг тухайн байгууллага бүрэн хариуцах."
19/42 дугаар зүйлийн 42.6-42.9 дэх хэсэг:
"42.6.Онцгой байдлын байгууллага нь тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хоёр дэд даргатай байна.
42.7.Нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засаг, байгаль, газар зүй, цаг агаарын онцлогийг харгалзан Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулна.
42.8.Онцгой байдлын байгууллагын бүсийн ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
42.9.Гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах чиг үүрэг бүхий салбар, нэгжийн техник, багаж хэрэгслийн төрөл, хангамжийг стандартаар тогтооно."
20/44 дүгээр зүйлийн 44.1.5 дахь заалт:
"44.1.5.улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийг зохион байгуулах."
21/45 дугаар зүйлийн 45.5 дахь хэсэг:
"45.5.Төрийн болон албаны нууцад хамаарах бараа, материалыг бүртгэх, хадгалах, хамгаалах асуудал эрхэлж байгаа ажилтан нь энэ хуульд заасан алба хаагчийн нэгэн адил эрх, үүрэг хүлээж эрх зүйн баталгаагаар хангагдана."
22/46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг:
"46.6.Онцгой байдлын байгууллагын дүрэмт хувцсыг иргэн, байгууллага, хуулийн этгээд хэрэглэхийг хориглоно."
23/48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэг:
"48.2.Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэргүйгээр алба хаагчаар энэ хуулийн 44.1-д заасан чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
48.3.Энэ хуулийн 48.2-т заасан албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ."
24/50 дугаар зүйлийн 50.10-50.13 дахь хэсэг:
"50.10.Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид тухайн аймгийн харьяалалгүй алба хаагчийг томилон ажиллуулбал түүнд албан тушаалын үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг улирал тутамд олгоно.
50.11.Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөн олговор олгоно.
50.12.Энэ хуулийн 50.10, 50.11-д заасан нэмэгдэл, нөхөн олговор олгох журмыг Засгийн газар батална.
50.13.Онцгой байдлын байгууллагын захиалгаар суралцсан, онцгой байдлын алба хаагчийг бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад цэргийн цолтой ажилласан, хугацаат цэргийн алба хаасан, онцгой байдлын сургуульд сонсогчоор суралцсан, уул уурхайн аврах албанд ажилласан хугацааг онцгой байдлын байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцно."
2 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн "уялдуулан зохицуулах," гэсний дараа "зохион байгуулах," гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын "үйлдвэрлэл" гэсний өмнө "уул уурхай," гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн "үйл ажиллагаа нь" гэсний дараа "урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тулгуурлах бөгөөд" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "8.1-д заасан" гэсний дараа "засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж," гэж, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "Гамшгаас хамгаалах" гэсний дараа "болон гал түймрийн" гэж, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн "онцгой байдлын" гэсний дараа "болон төрийн тусгай чиг үүрэг бүхий" гэж, 29 дүгээр зүйлийн 29.1.12 дахь заалтын "гамшгийн" гэсний дараа "судалгаа, шинжилгээ хийх," гэж, 29.1.17 дахь заалтын "хөгжүүлэх" гэсний дараа ", мэргэжлийн дэмжлэг үзүүлэх" гэж, 34 дүгээр зүйлийн 34.2.3 дахь заалтын "хангах" гэсний дараа ", зарлан мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлэх" гэж, 34.2.8 дахь заалтын "гамшиг" гэсний дараа ", гамшгийн онцгой нөхцөл байдал" гэж, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн "тэргүүн" гэсний дараа "дэд дарга," гэж, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн "тооцно" гэсний дараа "/дүйцүүлэн тооцох хугацааг 1999 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцно/" гэж, 50.4 дэх хэсгийн "далд уурхай," гэсний дараа "ой, хээрийн түймэр, халдварт өвчин, цар тахлын голомт," гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн "бол" гэсний дараа "Төрийн албаны тухай хууль," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай.
1/4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт:
"4.1.2."аюулт үзэгдэл" гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг;"
2/4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт:
"4.1.7."гамшгаас хамгаалах үйл ажиллагаа" гэж гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлэхийг;"
3/4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.12 дахь заалт:
"4.1.11."голомтын бүс" гэж гамшиг, аюул, аюулт үзэгдэл, ослын улмаас хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоон, эсхүл шууд эрэн хайх, аврах, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгах ажиллагаа явуулж байгаа объект, нутаг дэвсгэрийг;
4.1.12."нэрвэгдэгсэд" гэж гамшиг, аюулын улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон иргэдийг;"
4/4 дүгээр зүйлийн 4.1.14-4.1.16 дахь заалт:
"4.1.14."гамшгийн хор уршиг" гэж гамшиг, аюулын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон, мал, амьтан хорогдсон, эд хөрөнгө үрэгдсэн, дэд бүтэц эвдэрсэн, хүрээлэн байгаа орчинд нөлөөлсөн зэрэг сөрөг үр дагаврыг;
4.1.15."гамшгийн хор уршгийг арилгах" гэж энэ хуулийн 4.1.14-т заасан үр дагаврыг зогсоох, бууруулах, хохирол багатай давахад чиглэсэн хойшлуулшгүй арга хэмжээг;
4.1.16."хойшлуулшгүй сэргээн босгох" гэж гамшиг, аюулын улмаас үүссэн нөхцөлийг хэвийн байдалд оруулахад чиглэсэн шинээр босгох, сэргээн засварлах арга хэмжээг."
5/6 дугаар зүйлийн 6.1.6 дахь заалт:
"6.1.6.гамшгаас хамгаалах сургалт, сурталчилгаа зохион байгуулах, мэдээллээр хангах;"
6/7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг:
"7.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд нь өмчийн хэлбэрийг үл харгалзан гамшгийн эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийнэ.
7.2.Гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гүйцэтгэнэ."
7/8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:
"8.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна."
8/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг:
"9.2."Бүтцийн арга хэмжээ" гэж барилга байгууламж, объект, зам, гүүр, далан болон бусад дэд бүтцийн аюулгүй, гамшигт тэсвэртэй байдлыг хангах арга хэмжээг ойлгоно."
9/10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
"10.1.Гамшгаас хамгаалах бэлэн байдал нь дараах зэрэгтэй байна:"
10/10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:
"10.4.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:"
11/10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг:
"10.7.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг бүхэлд нь хэрэгжүүлнэ."
12/11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг:
"11.2.Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт бүрэн, эсхүл хэсэгчилсэн байдлаар, шат дараалан, эсхүл шууд шилжүүлнэ."
13/11 дүгээр зүйлийн 11.3.1-11.3.4 дэх заалт:
"11.3.1.сум, дүүргийн нутаг дэвсгэрт холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн сум, дүүргийн Онцгой комиссын дарга;
11.3.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүрэг, аймгийн нутаг дэвсгэрт холбогдох мэргэжлийн байгууллага болон тухайн сум, дүүргийн Онцгой комиссын даргын саналыг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга;
11.3.3.улсын хэмжээнд, эсхүл нийслэл болон хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрт Улсын Онцгой комиссын даргын саналыг үндэслэн Засгийн газар;
11.3.4.шаардлагатай тохиолдолд хариуцсан салбар, байгууллагыг гамшгаас хамгаалах улсын албаны дарга."
14/11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэг:
"11.5.Энэ хуулийн 13.3.1-д заасан сургалтын үед тухайн шатны Засаг даргын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлж болно."
15/15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг:
"15.1.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, аюулт үзэгдэл, ослын үеийн үйл ажиллагаа дараах арга хэмжээнээс бүрдэнэ:"
16/17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалт:
"17.1.1.аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэр, объектод хор уршгийг арилгах арга хэмжээг шууд удирдан зохион байгуулж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга;"
17/21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг:
"21.3.Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дотоодын болон гадаад улсын, эсхүл олон улсын байгууллага, хуулийн этгээд, иргэдийн хүмүүнлэгийн тусламжийг авч болно."
18/22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг:
"22.3.Гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдлын үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна."
19/22 дугаар зүйлийн 22.5, 22.6 дахь хэсэг:
"22.5.Үндэсний болон орон нутгийн зөвлөл нь хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэл гаргах чиг үүрэгтэй, орон тооны бус байна.
22.6.Салбар дундын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, уялдуулан зохицуулах, мэдээ, мэдээлэл солилцох, хүч хэрэгсэл, нөөцийг оновчтой хуваарилах зорилгоор төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагыг түшиглэн гамшгаас хамгаалах орон тооны бус Улсын албыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум, дүүрэгт орон нутгийн албыг тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна."
20/22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсэг:
"22.9.Үндэсний зөвлөл, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар, гамшгаас хамгаалах улсын албаны бүрэлдэхүүн, ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, мэргэжлийн ангийн ажиллах дүрмийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална."
21/23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:
"23.2.Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ."
22/24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг:
"24.1.Гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл нь онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч, цэргийн албыг дүйцүүлэн хааж байгаа болон цэргийн жинхэнэ алба хаасан иргэн, гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, хуулийн этгээд, эрэлч нохой, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, түүний объект, барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материал байна."
23/25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг:
"25.1.Үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон үед Монгол Улсын Их Хурал уг асуудлыг дараалал харгалзахгүйгээр нэн яаралтай хэлэлцэж, хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг гаргана."
24/26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.2 дахь заалт:
"26.1.1.Монгол Улсын гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, төсөл, хөтөлбөр, дүрэм, журмыг батлах;
26.1.2.Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлах, гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг тогтоох;"
25/26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалт:
"26.1.5.гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар зарлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тогтмол, шуурхай, хүртээмжтэй, дэлгэрэнгүй мэдээлэх;"
26/30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг:
"30.1.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан бүрэн эрхээс гадна доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:"
27/30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт:
"30.1.2.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийг дайчлан гаргах, хуваарилах, оролцуулах;"
28/30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалт:
"30.1.14.онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцийн нэгж, харьяа салбар, нэгжийн бүтэц, орон тоо, цалингийн санг тогтоох, алба хаагч болон бусад ажилтныг томилох, чөлөөлөх;"
29/31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт:
"31.1.3.гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах арга хэмжээг санхүүжүүлэх төсвийг хуулийн дагуу батлах."
30/32 дугаар зүйлийн 32.1.3 дахь заалт:
"32.1.3.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, гамшгаас хамгаалах болон орон нутгийн нөөцийг бүрдүүлэх, түүнийг захиран зарцуулах;"
31/34 дүгээр зүйлийн 34.2.10 дахь заалт:
"34.2.10.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хариуцах."
32/37 дугаар зүйлийн 37.2.7 дахь заалт:
"37.2.7.эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг зөрчсөн, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүйн улмаас хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, учирсан хохирол, хуурамч дуудлага өгсний улмаас гарсан зардлыг нөхөн төлөх;"
33/42 дугаар зүйлийн 42.3, 42.4 дэх хэсэг:
"42.3.Онцгой байдлын байгууллага нь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, штаб, бүсийн төв, аймаг, нийслэл, орон нутгийн онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбар, бүлэг, олон улсын болон агаарын эрэн хайх, аврах баг, эрэлч нохойн алба, шуурхай удирдлага-зарлан мэдээллийн төв, ар тал, тээвэр-ложистик, бүтээн байгуулалт-барилга байгууламж, техник засвар, үйлчилгээ, дүрэмт хувцас, тусгай хэрэгслийн үйлдвэр, эмнэлэг-сувилал, судалгаа шинжилгээ, сургалт, туршилт үйлдвэрлэл, архив, спорт, соёл урлаг болон бусад нэгжтэй байна.
42.4.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харьяа нэгжийг газар зүйн онцлог, хүн амын нягтрал, аюулт үзэгдэл, ослын давтамж, хамрах цар хүрээг харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйлдвэр, үйлчилгээний байгууллагын дэргэд Засгийн газрын шийдвэрээр байгуулна."
34/46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг:
"46.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цэргийн цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална."
35/51 дүгээр зүйлийн 51.2 дахь хэсэг:
"51.2.Гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд аймаг, нийслэл, сум, дүүрэг, төрийн байгууллага тухайн жилийн төсвийнхөө 1.0 хувиас доошгүйг зарцуулахаар тооцон төсөвт тусгаж, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төлөвлөж зарцуулна."
4 дүгээр зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтын "аюулд" гэснийг " аюулт үзэгдэл, осолд" гэж, 10 дугаар зүйлийн 10.4.4 дэх заалтын "хорио цээрийн" гэснийг "хорио цээр, хязгаарлалтын" гэж, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсгийн "10-аас" гэснийг "15-аас", "5-аас" гэснийг "10-аас" гэж, 50 дугаар зүйлийн 50.9 дэх хэсгийн "20" гэснийг "30" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийн "асуудал эрхэлсэн төрийн захиргааны" гэснийг, 10 дугаар зүйлийн 10.3.1 дэх заалтын "нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар" гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийн ", эсхүл түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, 51 дүгээр зүйлийн 51.3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
