- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 348
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.14, Инновацийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 995 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам"-д дараах хэсэг, заалт нэмсүгэй.
1/ Журмын 1.5, 1.6 дахь хэсэг:
"1.5. Инновацийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн гарааны компани /цаашид "гарааны компани" гэх/ хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгохтой холбогдсон ерөнхий харилцааг энэ журмаар зохицуулна.
1.6. Гарааны компанийн биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэх, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасахтай холбоотой харилцааг энэ журмын 2.5.10-д заасан Холбооны журмаар зохицуулна."
2/ Журмын 2.4 дэх хэсгийн 2.4.6 дахь заалт:
"2.4.6. Гарааны компанийн биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох хувьцааны бүртгэлийн үйл ажиллагааг шуурхай, ил тод байдлаар зохион байгуулах."
3/ Журмын 2.5 дахь хэсгийн 2.5.10 дахь заалт:
"2.5.10. Гарааны компанийн биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох хувьцааны бүртгэлийн болон гарааны компанийн мэдээллийн ил тод байдал;"
4/ Журмын 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь хэсэг:
"3.4. Гарааны компани нь хувьцаагаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагад хадгалуулж, хаалттай хувьцаат компани хэлбэртэй болох нөхцөлд биржийн бус зах зээлд хувьцаагаа олон нийтэд санал болгоно.
3.5. Энэ журмын 3.4-т заасны дагуу хувьцаагаа биржийн бус зах зээлд санал болгож, шаардлагатай хөрөнгө оруулалтаа амжилттай татсан гарааны компанийн хувьцааг 1 жилийн хугацаанд биржийн бус зах зээлд арилжаалахгүй.
3.6. Гарааны компани нь андеррайтерийн компаниар дамжуулан хувьцаагаа биржийн бус зах зээлд олон нийтэд санал болгох замаар нийт 500 сая төгрөг хүртэлх мөнгөн хөрөнгийг татан төвлөрүүлэх бөгөөд гарааны компанийн нь хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хугацаанаас хамааруулан тодорхой хугацаанд үе шаттайгаар хувьцаагаа санал болгож болно.
3.7. Гарааны компанитай гэрээ байгуулан хамтран ажиллах андеррайтер нь түүний холбогдох этгээд байж болохгүй."
5/ Журмын 4.5 дахь хэсэг болон 4.5 дахь хэсгийн 4.5.1, 4.5.2 дахь заалт:
"4.5. Энэ журмын шаардлага хангасан Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь гарааны компанийн биржийн бус зах зээлд гаргах хувьцааг худалдан авахад дараах шаардлагыг хангасан байх бөгөөд үүнд арилжаанд зуучилсан тухайн этгээдийн брокер хяналт тавина:
4.5.1. энэ журмын 4.3-т заасан иргэн нь тухайн санхүүгийн жилийн хугацаанд нийт цэвэр хөрөнгийн 10-аас дээшгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг гарааны компанийн биржийн бус зах зээлд гаргах хувьцаанд оруулна;
4.5.2. энэ журмын 4.4-т заасан хуулийн этгээд нь тухайн санхүүгийн жилийн хугацаанд нийт өөрийн хөрөнгийн 20-оос дээшгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг гарааны компанийн биржийн бус зах зээлд гаргах хувьцаанд оруулна."
2.Журмын 4.8 дахь хэсгийн "эзэмшиж" гэсний дараа "буй" гэж нэмсүгэй.
3.Журмын 4.2 дахь хэсгийн "арилжаанд оролцоно." гэснийг "арилжаанд оролцох, эсхүл гарааны компанийн биржийн бус зах зээлд санал болгон гаргах хувьцааг худалдан авч болно" гэж, 4.7 дахь хэсгийн "4.5-д" гэснийг "4.6-д" гэж, 7.1 дэх хэсгийн "журмын 2.5.5-д заасан" гэснийг "журмын 2.5.5, 2.5.10-т тус тус заасан" гэж, 8.1 дэх хэсгийн 8.1.11 дэх заалтын "4.5-д" гэснийг "4.6-д" гэж, 2.5 дахь хэсгийн 2.5.10 дахь заалтын дугаарлалтыг "2.5.11" гэж, 2.5.11 дэх заалтын дугаарлалтыг "2.5.12" гэж, 4.5 дахь хэсгийн дугаарлалтыг "4.6" гэж, 4.6 дахь хэсгийн дугаарлалтыг "4.7" гэж, 4.7 дахь хэсгийн дугаарлалтыг "4.8" гэж, 4.8 дахь хэсгийн дугаарлалтыг "4.9" гэж тус тус өөрчилсүгэй.
4.Журамд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан холбогдох дүрэм, журамдаа зохих өөрчлөлтийг оруулан Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулах болон олон нийтэд таниулах арга хэмжээ авахыг "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ /Б.Өлзийбаяр/-д үүрэг болгосугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба /Т.Жамбаажамц /-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
