A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 336

Улаанбаатар хот

МУЗЕЙ НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Иргэний хуулийн 31.3 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.10-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоож, "Чингис хаан" музейд нэгтгэсүгэй.

2. Монгол төрийн түүхийн музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг "Чингис хаан" музейд балансаас балансад шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Соёлын сайд Ч.Номин, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.

3. Үйл ажиллагааг нь нэгтгэж байгаатай холбогдуулан Монгол төрийн түүхийн музейд одоо ажиллаж байгаа 18 албан хаагчийг зохих журмын дагуу "Чингис хаан" музейд шилжүүлэн байршуулах арга хэмжээ авахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 87 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээ авч" гэснийг, 2 дахь заалтын "Монголын төрийн түүхийн музейн орон тооны хязгаарыг 18" гэснийг, 3 дахь заалтын "Монголын төрийн түүхийн музейг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тус тус" гэснийг, "Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээлттэй болгох тухай" Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1, 4 дэх заалтын "Монгол төрийн түүхийн музейг" гэснийг тус тус хасч, мөн тогтоолын 2, 7, 8 дахь заалт, "Монгол төрийн түүхийн музей байгуулах тухай" Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Соёлын сайд Ч.НОМИН