A

A

A

  • Нүүр
  • Эрх зүйн акт
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛОХТОЙ ХОЛБОГДУУЛАН ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 58 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААС АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛОХТОЙ ХОЛБОГДУУЛАН ТОМИЛГООНЫ СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилт нь Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан хуульд заасны дагуу томилгооны сонсгол /цаашид "сонсгол" гэх/ зохион байгуулах нарийвчилсан журам, сонсголын дэгийг тогтооход оршино. 

 

1.2.Сонсгол нь олон талын тэнцвэртэй оролцоо, баримт, судалгаанд үндэслэн  дараах зорилгыг хангана:

 

1.2.1.нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангасан эсэх, зохих мэдлэг, чадвар, туршлага, мэргэшилтэй эсэхийг олон нийтэд танилцуулах;

 

1.2.2.нэр дэвшигч хараат бусаар ажиллах, ёс зүйн шаардлага хангасан эсэхийг нээлттэй, ил тодоор хэлэлцэх;

 

1.2.3.нэр дэвшигчийн хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах.

 

1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

 

1.3.1."томилгооны сонсгол" гэж Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас /цаашид "Улсын Их Хурал" гэх/ албан тушаалтныг томилохтой холбогдуулан зохион байгуулах сонсголыг;

 

1.3.2."нэр дэвшигч" гэж Улсын Их Хурлаас томилох албан тушаалд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас санал болгосон хүнийг;

 

1.3.3."хамаарал бүхий этгээд" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5-д заасныг.

 

1.4.Нэр дэвшигч сонсголд оролцох боломжгүй болсон бол хүндэтгэн үзэх шалтгаанаа тодорхой бичсэн хүсэлтийг холбогдох Байнгын хороонд ирүүлнэ.

 

1.5.Нэр дэвшигч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд оролцоогүй бол Улсын Их Хурал тухайн албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болно.

 

1.6.Хүндэтгэн үзэх шалтгаанаар сонсголд оролцоогүй бол сонсголыг энэ журамд заасны дагуу дахин зарлаж явуулна. 

 

1.7.Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголыг хүчинтэйд тооцно.

Хоёр.Сонсгол зохион байгуулах үндэслэл

 

2.1.Сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо /цаашид "Байнгын хороо" гэх/ зохион байгуулна.

 

2.2.Сонсгол зохион байгуулах танхимыг бэлтгэх, техникийн бэлтгэл хангах, сонсголын тэмдэглэл хөтлөх, сонсгол даргалагчийн даалгаснаар сонсголын журам зөрчигчийг сонсголоос гаргах, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг урьж оролцуулах, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх ажлыг Байнгын хороо хариуцан зохион байгуулна.

 

2.3.Энэ журамд заасны дагуу холбогдох баримт бичиг, зар, бусад мэдээллийг цахим хуудаст байршуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, нийтэд мэдээлэхэд Улсын Их Хурлын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нэгж, мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгж техник, зохион байгуулалт, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

 

2.4.Сонсголыг зохион байгуулахад Нийтийн сонсголын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг удирдлага болгоно.

 

2.5.Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу өндөржүүлсэн, эсхүл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед сонсголыг цахимаар зохион байгуулах эсэхийг Байнгын хороо шийдвэрлэж болно. 

 

2.6.Сонсгол даргалагч нь холбогдох Байнгын хорооны дарга байна.

 

2.7.Байнгын хорооны дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонсголыг даргалах боломжгүй болсон тохиолдолд түүний саналыг харгалзан Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонсгол даргалагчийг томилно.

 

Гурав.Сонсгол зохион байгуулах үе шат

 

3.1.Сонсголыг дараах үе шатаар зохион байгуулна:

 

3.1.1.нэр дэвшигчийг санал болгох;

3.1.2.нэр дэвшигчийг судлах;

3.1.3.сонсголыг товлох, зарлах;

3.1.4.сонсголд оролцогч болон бусад этгээдийг бүртгэх, мэдэгдэх;

3.1.5.сонсголыг зохион байгуулах;

3.1.6.сонсголын тайлан гаргах.

 

Дөрөв.Нэр дэвшигчийг санал болгох

 

4.1.Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хурлаас томилох албан тушаалд нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа талаарх мэдээлэл болон нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хуралд ирүүлнэ.

 

4.2.Байнгын хороо нэр дэвшүүлэх саналыг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу нэр дэвших тухай хүсэлтийг нэр дэвшигчээс гаргуулан авна.

 

4.3.Нэр дэвшигч нь энэ тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Нэр дэвших тухай хүсэлт"-ийг Байнгын хороонд хүлээлгэн өгснөөр сонсголд оролцох болон нэр дэвших тухай хүсэлтийг олон нийтэд мэдээлж, хэвлэн нийтэлнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

4.4.Нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгосон этгээд нь сонсголын журам болон томилгооны сонсголын талаарх мэдээллийг нэр дэвшигчид урьдчилан танилцуулах үүрэгтэй.

 

Тав.Нэр дэвшигчийг судлах

 

5.1.Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчийн талаар судалсны үндсэн дээр сонсголын үеэр асуух асуулт, саналаа бэлтгэнэ.

 

5.2.Байнгын хороо нь нэр дэвшигчийн мэргэшил, чадварын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус нэг, эсхүл хэд хэдэн шинжээч /цаашид "хараат бус шинжээч" гэх/-ийг Байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёрын саналаар томилно.

 

5.3.Энэ журмын 5.2-т заасан хараат бус шинжээч нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

 

5.3.1.нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах;

 

5.3.2.нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулах;

 

5.3.3.нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичих;

 

5.3.4.нэр дэвшигчийн талаарх дэлгэрэнгүй тайланг сонсголд болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулах.

 

5.4.Энэ журмын 4.1, 4.2-т заасан болон холбогдох бусад баримт бичгийг Байнгын хорооны гишүүдэд болон хараат бус шинжээчид цаасан болон цахим хэлбэрээр хүргүүлэх ажлыг Байнгын хороо хариуцан зохион байгуулна.

 

5.5.Нэр дэвшигчийг санал болгосон этгээд болон бусад байгууллага, албан тушаалтан нэр дэвшигчийн талаарх баримт, мэдээллийг Байнгын хорооны гишүүн, эсхүл хараат бус шинжээчийн хүсэлтийн дагуу гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зургаа.Сонсголыг товлох, зарлах

 

6.1.Нэр дэвшүүлэх тухай эрх бүхий байгууллагын санал болон энэ журмын 4.2-т заасан нэр дэвших тухай хүсэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, холбогдох бусад баримт бичгийг Байнгын хороо хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулах бөгөөд хүний хувийн нууцад хамаарах мэдээллийг нийтлэхгүй. Энэ журмын 4.2-т заасан нэр дэвших тухай хүсэлтийг цахим хуудаст заавал нийтэлнэ.

 

6.2.Энэ журмын 6.1-д заасан мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулснаас хойш ажлын таван өдрийн дотор Байнгын хорооны хуралдаанаар томилгооны сонсголын товыг тогтооно.

 

6.3.Томилгооны сонсголын тов болон дараах мэдээллийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас, өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.Үүнд:

 

6.3.1.сонсгол явуулах огноо, цаг, газар;

6.3.2.оролцох хүний тоо;

6.3.3.ажиглагчийн тоо;

6.3.4.оролцогчдыг хэрхэн бүртгэх;

6.3.5.бүртгэл эхлэх, дуусах хугацаа;

6.3.6.нэр дэвшигчийн ажлын туршлага, боловсролын талаарх танилцуулга;

6.3.7.нэр дэвших тухай хүсэлтийг байршуулсан цахим хуудас;

6.3.8.нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг бичгээр хүлээн авах цахим болон шуудангийн хаяг;

6.3.9.бусад холбогдох мэдээлэл.

 

6.4.Нэр дэвшүүлэх тухай эрх бүхий байгууллагын санал, нэр дэвших тухай хүсэлт, нэр дэвшигчийн ажлын туршлага, боловсролын талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн хугацаанд Байнгын хороо сонирхогч этгээдээс нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг цахимаар, эсхүл шуудангийн хаягаар хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй.

 

6.5.Асуулт, санал хүлээн авах хугацааг Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэж, тогтоол гаргана.

 

6.6.Энэ журмын 6.5-д заасан хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор сонсголыг зохион байгуулна.

 

Долоо.Сонсголд оролцогч болон бусад этгээдийг бүртгэх, мэдэгдэх

 

7.1.Нэр дэвшигчээс асуулт асуух, нэр дэвшигчийг дэмжиж, эсхүл дэмжихгүй үг хэлэх, мэдээлэл өгөх тухай хүсэлт гаргасан иргэн болон шинжээчийг сонсголд оролцогч /цаашид "оролцогч" гэх/ гэнэ.

 

7.2.Сонсголыг хууль, журамд заасны дагуу зохион байгуулагдаж байгаад хяналт тавих хүсэлт гаргасан иргэнийг ажиглагч гэнэ. Ажиглагч нь нэр дэвшигч болон бусад оролцогчоос асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.

 

7.3.Сонсголд холбогдох асуудлаар мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, нэр дэвшигчийн талаар саналтай иргэн, хэвлэл мэдээллийн төлөөллийг сонсголд заавал оролцуулна.

 

7.4.Энэ журмын 7.1, 7.2-т заасан оролцогч, ажиглагчийн тоог Байнгын хороо тогтоох бөгөөд нэр дэвшигчийг дэмжих, эсхүл дэмжихгүй саналтай оролцогчийг тэнцвэртэй оролцуулна.

 

7.5.Сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд нь сонсголыг зохион байгуулах өдрөөс ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу холбогдох хүсэлтийг гарган Байнгын хороонд бүртгүүлнэ.

 

7.6.Оролцогч нь нэр дэвшигчийг дэмжих, эсхүл дэмжихгүй талаар санал, мэдээлэл, асуултаа бичгээр гаргаж өгөх эрхтэй бөгөөд энэ нь сонсголд оролцож үг хэлэхэд саад болохгүй.

 

7.7.Энэ журмын 7.5-д заасны дагуу бүртгүүлэх хүсэлтийг цахимаар, эсхүл  шуудангийн хаягаар илгээж болох бөгөөд Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар эрэмбэлэн бүртгэж, баталгаажуулна.

 

7.8.Хэвлэл мэдээллийн байгууллага сонсголд оролцох хүсэлтээ сонсгол зохион байгуулахаас ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө цахимаар, эсхүл шуудангийн хаягаар Байнгын хороонд ирүүлнэ.

 

7.9.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон олон улсын байгууллага, аж ахуйн нэгж, тухайн чиглэлийн мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөллийг сонсгол даргалагчийн болон Байнгын хорооны гишүүний урилгаар сонсголд оролцуулж болно.

 

7.10.Байнгын хороо энэ журмын 7.5, 7.8, 7.9-д заасны дагуу бүртгэсэн нэрсийг сонсгол даргалагчид танилцуулж, ажлын хоёр өдрийн өмнө Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулах бөгөөд сонсголд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, шинжээч нарт мэдэгдэнэ.

 

Найм.Сонсгол даргалагчийн эрх, үүрэг

 

8.1.Сонсгол даргалагч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

 

8.1.1.сонсголын бэлтгэлийг хангах;

8.1.2.сонсголыг товлосон цагт эхлүүлж, дэгийн дагуу зохион байгуулах;

8.1.3.гишүүдэд болон оролцогчид асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

8.1.4.сонсголд уригдан ирсэн хүмүүст гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх зөвшөөрөл өгөх;

8.1.5.сонсголын тайланг хэлбэржүүлэх, ёсчлох ажлыг зохион байгуулах;

8.1.6.хүндэтгэн үзэх шалтгаантай гишүүнд чөлөө өгөх;

8.1.7.сонсголын дэгийн биелэлтэд хяналт тавьж, сонсголд оролцогчдоос түүнийг биелүүлэхийг шаардах;

8.1.8.сонсголын дэг зөрчигчид энэ журамд заасан арга хэмжээ авах;

8.1.9.оролцогчийн асуулт, санал, мэдээлэл нь сонсголын сэдэвт хамааралгүй, эсхүл ялгаварлан гадуурхсан, доромжилсон, хувийн шинжтэй, эсхүл зохисгүй үг хэллэг хэрэглэсэн бол таслан зогсоох;

8.1.10.сонсголын дэгийг зөрчсөн болон энэ журмын 9.5-д заасан үйлдэл гаргасан оролцогчийн үг хэлэх эрхийг сануулахгүйгээр хасах;

8.1.11.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх;

8.1.12.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах.

                       

Ес.Сонсголд оролцогчийн болон бусад этгээдийн эрх, үүрэг

 

9.1.Сонсголд оролцогч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.

 

9.2.Эрхэлж байгаа албан тушаалын хувьд сонсголд оролцох үүрэг хүлээсэн төрийн албан хаагч сонсголд оролцох, тайлбар өгөхөөс татгалзсан бол Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.17-д заасан нийтийн сонсголыг зохион байгуулах, сонсголд оролцох журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

9.3.Оролцогч нь нэр дэвшигч тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан эсэх талаар санал хэлэх, нэр дэвшигчээс асуулт асууж болох бөгөөд Байнгын хорооны гишүүний асуултад хариулна.

 

9.4.Оролцогчийн асуулт, үг болон холбогдох мэдээлэл нь нэр дэвшигчийн мэдлэг, чадвар, туршлага, мэргэшил, ёс зүй, хараат бус, бие даасан байдал, тухайн албан тушаалд томилогдвол хийх ажлын төлөвлөгөөний талаар байна.

 

9.5.Оролцогч нь сонсголын явцад санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух, асуултад хариулахдаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, бусдын өмнөөс үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.

 

9.6.Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор сонсголыг дохионы хэлмэрчтэй явуулна.

 

9.7.Сонсголд хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцох боломжийг хангасан байхаар зохион байгуулна.

 

9.8.Нэр дэвшигч нь Байнгын хорооны гишүүнтэй хамаарал бүхий этгээд бол гишүүн энэ тухайгаа сонсгол эхлэхээс өмнө нийтэд мэдэгдэх үүрэгтэй.

 

Арав.Сонсголын дэг, сонсголыг зохион байгуулах

 

10.1.Сонсгол даргалагч сонсголын зорилго, сонсгол зарласан огноо, оролцогч, ажиглагчдын тоо, сонсголд дуудагдсан албан тушаалтан, холбогдох этгээд, шинжээч, тайлбар хийх хүний нэр, сонсголын дэгийг 10 минутад багтаан танилцуулна.

 

10.2.Сонсгол даргалагч нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг 10 минутад багтаан танилцуулна.

 

10.3.Нэр дэвшигч нь 20 минутад багтаан тухайн албан тушаалд томилогдвол хийх ажил, нэр дэвшсэн үндэслэл, эзэмшсэн боловсрол, ажлын туршлагаа танилцуулна.

 

10.4.Энэ журмын 5.2-т заасны дагуу томилсон хараат бус шинжээч дүгнэлтээ 20 минутад багтаан танилцуулна.

 

10.5.Нэр дэвшигчээс болон хараат бус шинжээчээс асуулт асуух Байнгын хорооны гишүүдийн дарааллыг сонсгол даргалагч тогтооно. Дарааллыг тогтоохдоо олонх болон цөөнхийн төлөөлөл тэнцвэртэй асуух зарчим баримтална.

 

10.6.Байнгын хорооны гишүүний асуулт асуух хугацаа 4 минут байх бөгөөд 4 хүртэл удаа нэмэлт асуулт асуух эрхтэй. Хариулт хангалтгүй гэж үзвэл нэмэлт хугацаа олгох эсэхийг сонсгол даргалагч шийдвэрлэнэ. 

 

10.7.Энэ журмын 10.6-д заасны дагуу Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссаны дараа сонсголд оролцогчдын зүгээс нэр дэвшигчээс асуулт асууна. Оролцогчийн асуулт асуух хугацаа 4 минут байх бөгөөд 1 удаа нэмэлт асуулт асуух эрхтэй.

 

10.8.Энэ журмын 6.4-т заасны дагуу ирүүлсэн асуулт, саналыг сонсгол даргалагч танилцуулж нэр дэвшигчээс хариулт авна. 

 

10.9.Байнгын хорооны гишүүд болон оролцогчид нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авч дууссаны дараа нэр дэвшигчтэй холбогдуулан үг хэлж болно.

 

10.10.Сонсголд оролцогчийн үг хэлэх хугацаа 5 минут байна. Шаардлагатай тохиолдолд нэмэлт цаг сунгах асуудлыг хуралдаан даргалагч шийдвэрлэнэ. Сонсголд үг хэлэхдээ нэр дэвшигчийг дэмжсэн болон эсрэг саналтай оролцогчийн үгийг тэнцвэртэй сонсох зарчим баримтална.

 

10.11.Оролцогч үг хэлэх, асуулт асуухдаа энэ журмын 9.5-ыг зөрчсөн бол сонсгол даргалагч дэгийг сахиулж шаардлагатай арга хэмжээ авч болно.

 

10.12.Сонсголд оролцогч бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, бусдын яриаг таслах, сонсгол даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх зэргээр сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан болон сонсгол даргалагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзвал сонсгол даргалагч сонсголын дэгийг баримтлахыг шаардах, шаардлагыг үл биелүүлбэл оролцогчийг сонсголоос гаргана.

 

10.13.Сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон нийгмийн сүлжээгээр шууд (live) дамжуулан олон нийтэд ил тод явуулна.

 

10.14.Сонсгол даргалагч сонсголыг хааж үг хэлнэ.

 

Арван нэг.Сонсголыг хаалттай явуулах

 

11.1.Сонсголыг нээлттэйгээр зохион байгуулна. Сонсголын үед Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т заасан хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гарсан бол сонсголыг хаалттай хэлбэрээр үргэлжлүүлж болно.

 

11.2.Энэ журмын 11.1-д заасны дагуу сонсголыг хаалттай хэлбэрээр үргэлжлүүлэх шийдвэрийг сонсголд оролцож байгаа Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

 

11.3.Сонсголыг хаалттай хэлбэрээр үргэлжлүүлэн явуулахад энэ журмын 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7, 10.8, 10.9, 10.10, 10.11, 10.12, 10.13, 10.14-т заасныг баримтална.

 

Арван хоёр.Сонсголыг цахимаар явуулах

 

12.1.Энэ журмын 2.5-д заасан тохиолдолд сонсголыг цахим хуралдааны программ хангамж ашиглан явуулна. Сонсголд оролцож байгаа Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар сонсголыг танхимын болон цахим хэлбэрээр хослуулан явуулж болно.

 

12.2.Цахим хуралдааны программ нь Байнгын хорооны гишүүд, сонсголын оролцогч болон ажиглагчид байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байна.

 

12.3.Оролцогч холбогдох хууль тогтоомж, энэ журам, сонсголын дэг, эрх, үүрэгтэй танилцсан тухай мэдэгдлийг ирүүлсний дараа цахим хуралдааны холбоосыг илгээнэ.

 

12.4.Энэ тогтоолын 3 дугаар хавсралтад заасан оролцогчийн бүртгэлд бичсэн цахим хаягаар цахим хуралдаанд оролцох холбоосыг хүргүүлнэ.

 

12.5.Сонсголыг цахимаар болон танхимаар хослуулан явуулахад энэ журмын 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6, 10.7, 10.8, 10.9, 10.10, 10.11, 10.12, 10.13, 10.14-т заасан дэгийг баримтална.

 

12.6.Сонсгол эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн Байнгын хорооны гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

 

Арван гурав.Сонсголын тайлан гаргах

 

13.1.Сонсголыг зохион байгуулснаас хойш ажлын нэг өдрийн дотор сонсголд оролцсон Байнгын хорооны гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих шаардлага хангасан, эсхүл хангаагүй талаарх дүгнэлтийг цуглуулсан баримт, мэдээлэл, сонсголын дүнд үндэслэн олонхын саналаар шийдвэрлэж сонсголын тайланд тусгана.

 

13.2.Сонсголд оролцсон гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хуралдааныг хүчинтэйд тооцох бөгөөд зөвхөн сонсголд оролцсон Байнгын хорооны гишүүд тайланг хэлэлцэж санал хураалгана.

 

13.3.Сонсголын тайланг ажлын таван өдрийн дотор Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ.

 

13.4.Энэ журмын 13.1, 13.2-т заасны дагуу сонсголын тайлан гаргах хуралдаанд сонсголд оролцоогүй гишүүн оролцож болох бөгөөд саналын эрхгүй байна.

 

13.5.Сонсголын тайланг энэ тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу бэлтгэнэ. Тайлан нь нэр дэвшигч шаардлага хангасан эсэх тухай дүгнэлт, түүний үндэслэлийг агуулсан байх бөгөөд тайланд нэр дэвшигчийн танилцуулга, нэр дэвших тухай хүсэлт, холбогдох бусад баримт бичгийг хавсаргана. Сонсголын явцад ил болсон асуудал, түүнийг шийдвэрлэх зөвлөмж, эсхүл бусад асуудлын талаар сонсголын тайланд тусгаж болно.

 

13.6.Сонсголын тайланг нийтлэх өдрөөс ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө нэр дэвшигч болон түүнийг санал болгосон этгээдэд хүргүүлнэ.

 

13.7.Энэ журмын 13.1-д заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор сонсголын тайланг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст нийтэлнэ.

 

13.8.Сонсголын тайланг Улсын Их Хурлын бүх гишүүнд хүргүүлэх бөгөөд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.

 

13.9.Сонсголын тайланд нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гарсан эсэхээс үл хамааран Байнгын хорооны хуралдаанаар  нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах бөгөөд эрх бүхий этгээд томилгооны шийдвэр гаргахдаа тухайн тайланд дурдсан дүгнэлт, түүний үндэслэл, баримт, мэдээллийг харгалзан үзнэ.

 

Арван дөрөв.Бусад

 

14.1.Улсын Их Хурлын Тамгын газар сонсголын дууны бичлэгийг ажлын хоёр өдрийн дотор, тэмдэглэлийг ажлын таван өдрийн дотор бэлтгэж, сонсгол даргалагч гарын үсэг зурж баталгаажуулан байгууллагын албан ёсны цахим хуудаст ажлын тав хоногийн дотор байршуулна.

 

14.2.Сонсголын тэмдэглэлд сонсголыг зохион байгуулсан огноо, байрлал, эхэлсэн, дууссан цаг, сонсгол даргалагч, оролцогчийн ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, сонсголын ирц болон оролцогчид эрх, үүргийг тайлбарласан байдал, оролцогчийн тайлбар, баримтыг шинжилсэн талаар бичнэ.

 

14.3.Сонсгол дууссаны дараа сонсголын үйл ажиллагаа болон сонсголын үед хэлэлцэгдсэн асуудал, асуулт, хариулт, мэдээлэл, дүгнэлт зэрэгтэй холбогдуулан аливаа маргаан үүсгэхгүй бөгөөд аливаа арга хэмжээ авагдахгүй.

 

14.4.Энэ тогтоолыг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудас /www.parliament.mn/-т хавсралтуудын хамт байршуулна.

 

 

---оОо--