- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 12 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.1.14, 5.1.15 дахь заалт:
"5.1.14."хамаарал бүхий этгээд" гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг;
5.1.15."цахим виз" гэж гадаадын иргэнд цахим хэлбэрээр Монгол Улсын виз олгосныг нотлох цахим болон хэвлэмэл баримтыг."
2/9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалт:
"9.2.4.тухайлсан улсын иргэнийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн шийдвэрлэх;"
3/9 дүгээр зүйлийн 9.3.5 дахь заалт:
"9.3.5.энэ хуулийн 40.1.5-д заасан олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам батлах;"
4/9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт:
"9.4.2.энэ хуулийн 13.3-т заасан журамд нийцүүлэн хилийн чанадад ажиллах виз мэдүүлгийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулах;"
5/11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэг:
"11.8.Гадаадын иргэнд энэ хуулийн 5.1.12-т заасан визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын, нэг удаагийн, 30 хүртэлх хоногийн хугацаатай, орох визийг олон улсын хилийн боомт дээр олгож болно. Олон улсын хилийн боомт дээр визийн зөвшөөрөлгүйгээр "жуулчин" ангиллын виз олгож болох улсын жагсаалт, виз олгох журмыг энэ хуулийн 9.2.1-д заасан журмаар зохицуулна."
6/16 дугаар зүйлийн 16.2, 16.3 дахь хэсэг:
"16.2.Виз олгох байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж болон виз олгох журмын дагуу зохих ангиллын визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
16.3.Тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа тохиолдолд энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу Монгол Улсын хилийн боомт дээр гадаадын иргэнд зохих ангиллын нэг удаагийн орох, дамжин өнгөрөх визийг олгож болно."
7/22 дугаар зүйлийн 22.2, 22.3 дахь хэсэг:
"22.2.энэ хуулийн 22.1.2-т заасан өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
22.3.Монгол Улсад зорчих, эсхүл нэвтрэх зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй бол Монгол Улсад оруулахгүй байж болно."
8/27 дугаар зүйлийн 27.3.5 дахь заалт:
"27.3.5.харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон."
9/27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэг:
"27.5.Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана."
10/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:
"32.3.Энэ хуулийн 32.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энэ хуулийн 32.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана."
11/34 дүгээр зүйлийн 34.2.4 дэх заалт:
"34.2.4.шүүхээс иргэний хэрэг үүсгэж, тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж гарсан бол."
12/37 дугаар зүйлийн 37.9, 37.10 дахь хэсэг:
"37.9.Энэ хуулийн 37.1.2, 37.1.12-т заасан зөрчил гаргасан гадаадын иргэн хувийн нөхцөл байдал, ар гэрийн гачигдал, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, эсхүл эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүсэлт гаргасан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43.3 дугаар зүйлийн 1.6-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн албадан гаргахаас чөлөөлөх эсэхийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга шийдвэрлэнэ.
37.10.Албадан гаргасан гадаадын иргэний Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга сунгаж болно. Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг сунгахтай холбоотой асуудлыг энэ хуулийн 9.2.3-т заасан журмаар зохицуулна."
13/40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.7 дахь заалт:
"40.1.6.Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэнд үрчлүүлэх шийдвэр гаргах;
40.1.7.Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний гарах-орох мэдэгдлийг бүртгэх. Энэ мэдэгдлийг гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ."
14/401 дүгээр зүйл:
"401 дүгээр зүйл.Гадаадын иргэний виз, бүртгэл,
мэдээллийн нэгдсэн сан
401.1.Монгол Улс нь гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна. Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь төрийн өмч байх бөгөөд улсын хилээр нэвтрэх зорчигчийн бүртгэлийн нэгдсэн сантай холбогдоно.
401.2.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь Монгол Улсын виз мэдүүлсэн, виз олгосон, виз олгохоос татгалзсан, Монгол Улсын хилээр нэвтэрсэн, Монгол Улсад түр ирэгч, албан хэргээр болон хувийн хэргээр оршин суусан, Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсэн, албадан гаргасан, албадан гаргахаас чөлөөлөгдсөн, Монгол Улсад тааламжгүй этгээдээр зарлагдсан зэрэг гадаадын иргэний талаарх цаасан болон цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.
401.3.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн нууцлалыг хангах үүргийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээнэ.
401.4.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх болон төрийн мэдээллийн бусад сантай мэдээлэл солилцох, эрх бүхий байгууллага хамтран ашиглах боломжтой байна.
401.5.Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг ашиглах, мэдээлэл нийлүүлэх, солилцох журмыг хууль зүйн болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."
2 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь заалтын "Монгол Улсаас албадан гаргах" гэсний дараа ", албадан гаргахаас чөлөөлөх" гэж, 37 дугаар зүйлийн гарчгийн, 41 дүгээр зүйлийн 41.7.3 дахь заалтын "албадан гаргах" гэсний дараа ", албадан гаргахаас чөлөөлөх" гэж, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгийн "байгууллагын дарга гаргана." гэсний дараа "Гадаадын иргэн нь албадан гаргасан үндэслэлээс хамааран 1-10 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүй байна." гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5 дугаар зүйлийн 5.1.11 дэх заалт:
"5.1.11."Монгол Улсын виз" гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг;"
2/8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт:
"8.1.4.Монгол Улсын үндэсний эв нэгдлийг бусниулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хуульд нийцээгүй бусад аргаар явуулах, садар самуун, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг түгээх, сурталчлах, хэрэглэх;"
3/9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт:
"9.2.1.Монгол Улсын визийн ангилал болон визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох, Монгол Улсын виз олгох журам батлах;"
4/9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх заалт:
"9.4.1.хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцсөнөөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт визийн асуудал хариуцсан ажилтныг томилж, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;"
5/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:
"11.3.Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно."
6/12 дугаар зүйл:
"12 дугаар зүйл.Цахим виз
12.1.Цахим виз нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 9 дүгээр хавсралтын холбогдох стандартад нийцсэн байна.
12.2.Цахим виз олгохтой холбогдох харилцааг энэ хуулийн 9.2.1-д заасан журмаар зохицуулна."
7/13 дугаар зүйл:
"13 дугаар зүйл.Визийн төв
13.1.Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, хүлээн авсан визийн мэдүүлгийг виз олгох байгууллагад үнэн зөв, шуурхай дамжуулна.
13.2.Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг олон улс, эсхүл тухайн улсдаа энэ төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
13.3.Визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журмыг Засгийн газар батална."
8/15 дугаар зүйл:
"15 дугаар зүйл.Визийн ангилал
15.1.Тухайн гадаадын иргэний хилээр нэвтрэх зорилгыг үндэслэн тодорхой ангиллын виз олгоно. Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын жуулчинд хамаарна.
15.2.Визийн ангиллыг энэ хуулийн 9.2.1-д заасан журмаар тогтооно."
9/16 дугаар зүйлийн 16.1.3 дахь заалт:
"16.1.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар."
10/18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг:
"18.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол нэг болон хоёр удаагийн орох виз нь гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтрэх хүртэл 150 хоногийн хугацаанд хүчинтэй байна."
11/22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалт:
"22.1.2.нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчнөөр өвчилсөн, өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн этгээд байвал;"
12/24 дүгээр зүйл:
"24 дүгээр зүйл.Гадаадын иргэнийг бүртгэх
24.1.Гадаадын иргэнийг улсын хилээр нэвтрэх үед Монгол Улсын хилийн тухай хуулийн 17.6-д заасны дагуу хил хамгаалах байгууллага нь биеийн давхцахгүй өгөгдлийг авч, улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.
24.2.Энэ хуулийн 9.2.2-т заасан журамд энэ хуулийн 24.1-д заасан мэдээллийн санд биеийн давхцахгүй өгөгдлийг бүртгүүлэхээс чөлөөлөгдөх үндэслэлийг тусгана.
24.3.Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэнд түүнийг харьяалах улсын товчлол, төрсөн он, сар, өдөр, хүйс зэрэг өгөгдлийг багтаасан хоорондоо давхцахгүй бүртгэлийн дугаарыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
24.4.Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болно.
24.5.Энэ хуулийн 24.3, 24.4-т заасан зохицуулалтыг энэ хуулийн 9.2.2-т заасан журмаар зохицуулна.
24.6.Гадаадын иргэнд төрийн үйлчилгээ үзүүлэхдээ энэ хуулийн 24.3-т заасан бүртгэлийн дугаарыг ашиглана."
13/40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт:
"40.1.4.гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн цаасан болон цахим мэдээллээс бүрдсэн нэгдсэн санг хөтлөх, сангийн хадгалалт, хамгаалалтын аюулгүй байдлыг хангах, сангаар дамжуулан төрийн холбогдох байгууллагатай харилцан мэдээлэл солилцох;"
4 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын "Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг" гэснийг "оршин суухаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг" гэж, мөн зүйлийн 5.1.6 дахь заалтын "Монгол Улсад 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг" гэснийг "ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг" гэж, мөн зүйлийн 5.1.12 дахь заалтын "гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт" гэснийг "Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт" гэж, 7 дугаар зүйлийн 7.4.5 дахь заалтын "болон" гэснийг ", эсхүл" гэж, 9 дүгээр зүйлийн 9.2.4 дэх заалтын дугаарыг "9.2.5" гэж, мөн зүйлийн 9.3.5 дахь заалтын дугаарыг "9.3.6" гэж, мөн зүйлийн 9.4.2 дахь заалтын дугаарыг "9.4.3" гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн "эхнэр, нөхөр, төрүүлсэн эцэг, эх, хүүхэд" гэснийг "хамаарал бүхий этгээд" гэж, мөн зүйлийн 28.2 дахь хэсгийн "гэр бүлийн гишүүний" гэснийг "хамаарал бүхий этгээдийн" гэж, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн "хөдөлмөр эрхлэлт, боловсролын" гэснийг "хөдөлмөр эрхлэлтийн" гэж, 37 дугаар зүйлийн 37.1.9 дэх заалтын "захиргааны арга хэмжээ авагдсан" гэснийг "хуульд заасны дагуу хариуцлага хүлээсэн" гэж, мөн зүйлийн 37.5 дахь хэсгийн "паспорт, баримт бичигт Монгол Улсад орохыг хориглосон хугацааг заасан тэмдэглэл хийнэ." гэснийг "тухай мэдээлэл, Монгол Улсад орохыг хориглосон хугацааг гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн санд оруулна." гэж, 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтын "гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газарт" гэснийг "хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт" гэж, мөн зүйлийн 40.1.6 дахь заалтын дугаарыг "40.1.8" гэж, 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсгийн "Захиргааны хариуцлагын тухай" гэснийг "Зөрчил шалган шийдвэрлэх тухай" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн "30 хоногоос дээш хугацаагаар" гэснийг, 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсгийн "гарах-орох," гэснийг, 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтын "энэ" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 14, 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.3, 18.4, 18.5 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
