- Нүүр
- Эрх зүйн акт
- СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ БОЛОН ОТОР НҮҮДЭЛ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Сумын ИТХ-ын Төлөлөөлөгчдийн 2021 оны 3-р сарын 3-ны өдрийн
04 дугаар тогтоолын хавсралт
СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТ БОЛОН
ОТОР НҮҮДЭЛ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
Газрын тухай хуулийн 20-р зүйлийн 20.1, 20.2, 52-р зүйлийн 52.1, 52.2, 52.4, 52.6, Хөрс хамгаалах цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.4 дэх хэсгийг удирдлага болгон бэлчээрийг зөв зохистой ашиглаж хамгаалах өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх, зуслан, намаржаа, отрын нутаг, өнжөөж чөлөөлсөн газар нутгийг ашиглах талаар малчин иргэд, айл өрхүүд, бэлчээр ашиглалтын хэсэг, малчдын бүлэг нөхөрлөл уг журмыг мөрдлөг болгон ажиллана.
НЭГ: ЗОРИЛГО
Нүүдлийн мал аж ахуйн тэжээлийн үндсэн эх үүсвэр нь байгалийн бэлчээр юм. Зун нь хур бороо муутай байж бэлчээрийн даац муудан ган тохиовол, өвөл нь цас их орж зуд болдог зүй тогтол монголын цаг агаарын нэг онцлог юм. Энэхүү байгалийн гэнэтийн болон давагдашгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад отор нүүдэл хийх аргыг өргөн хэрэглэсээр ирсэн бөгөөд өөрийн болон бусад аймаг сумдаас мал оруулж өвөлжүүлж, хаваржуулах, бэлчээр ашиглалтыг бэлчээрийн нөөц чадавхид тохируулах, хариуцлагажуулахад эдийн засгийн хөшүүрэг бий болгох, бэлчээрийн даацад тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг хангах, хамгаалах, хяналт үнэлгээ хийх, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
ХОЁР. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРЧИМ
Журмыг хэрэгжүүлэхдээ дор дурдсан зарчмыг баримтална. Үүнд:
2.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт үнэлгээ хийх, хамгаалах, нөхөн сэргээх, сэлгэж өнжөөх, амраах арга хэмжээг малчдын оролцоотойгоор төлөвлөх, хэрэгжүүлэх
2.2.Бэлчээрийн экологийн чадавхи бүтээмжит чанар даацад нийцүүлэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх
2.3.Улирлын бэлчээр, бэлчээр дэх бусад нөөц /хужир шүү, байгалийн усны эх үүсвэр/-ийг ашиглахад оролцогчдын тэгш байдлыг хангах
ГУРАВ. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТ
3.1.Бэлчээр ашиглалтын талаар тухайн жилд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөж багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлнэ.
3.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний үндэс болно.
3.3.Бэлчээр ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төсөл хөтөлбөрийн байгууллагууд, малчдын бүлэг, бэлчээр ашиглалтын хэсгийн чиглэлээр бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган төрийн байгууллагатай хамтран ажиллана.
3.4.Тухайн жилд өнжөөж чөлөөлөх болон отрын бүс нутгийг сумын Засаг даргын өргөн мэдүүлсэнээр иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэнэ.
3.5.Бэлчээрийн даацаас хэтэрсэн хонин толгой тутамд тооцож бэлчээрийн санд хөрөнгө оруулалт хийнэ.
ДӨРӨВ. БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАХ, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТОГТООХ
4.1.Сумын Засаг даргын Тамгын газар бэлчээрийн даацад үндэслэсэн дараахь тооцооллыг гаргаж жил бүрийн 08 дүгээр сарын 15-ны дотор багийн засаг даргад зөвлөмж байдлаар хүргүүлнэ.
4.1.1.Хонин толгойд шилжүүлснээр өвөлжих малын тооны дээд хязгаарыг тогтоох
4.1.2.Багийн Засаг дарга нь энэхүү зөвлөмжийн дагуу дараах арга хэмжээг тодорхойлж багийн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдэд танилцуулан багийн иргэдийн Ниитийн Хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудлыг батлуулна./тухайн оны 10 дугаар сарын 01-ний дотор/
4.1.3.Малчин өрх тус бүрийн өвөлжүүлэх малын тооны дээд хязгаар тогтоох
ТАВ. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БҮХ ШАТНЫ ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН БОЛОН МАЛЧДЫН ҮҮРЭГ
5.1.Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг
5.1.1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх бэлчээрийн журмыг баталж мөрдүүлнэ.
5.1.2.Бэлчээр ашиглалтын журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй иргэн, малчдын хэсэгт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнал урамшил төрийн дээд одон медальд тодорхойлох
5.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлын чиг үүрэг
5.2.1.Бэлчээр ашиглалтын журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах
5.2.2.Үүлдэр угсааг сайжруулах зорилгоор цөөн тооны мал суурилсан бол гэрээ байгуулж бэлчээрийг ашиглуулна.
5.2.3.Мал оруулж өвөлжүүлэх тохиолдолд гэрээ байгуулсаны дараа газар нутаг, хугацааг зааж өгнө.
5.2.4.Суманд өөр аймаг, сумаас отроор өвөлжиж, хаваржих малын тооны дээд хязгаарыг тогтооно.
5.3.Сумын Засаг даргын чиг үүрэг
5.3.1.Гол горхи, хадлангийн талбай , булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсооно.
5.3.2.Суманд өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа журамд нийцүүлэн айл өрхтэй гэрээ байгуулан бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлнэ.
5.4.Багийн Засаг даргын чиг үүрэг
5.4.1.Сумын бэлчээр ашиглалт болон отор нүүдэл зохицуулах тухай журмыг багийн иргэдэд танилцуулж мөрдүүлнэ.
5.5.Малчдын чиг үүрэг
5.5.1.Малчдын бүлэг, нөхөрлөл бэлчээр ашиглалтын хэсэг нь хамт олны зохион байгуулалтанд нэгдэж бэлчээр ашиглах үйл ажиллгаанд оролцоно.
5.5.4.Бэлчээрийг өнжөөж чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх
5.5.5.Өөр аймаг, сум, бэлчээр ашиглалт хамгаалалтаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржааг бусдад дамжуулан ашиглуулахгүй байх
5.5.6.Бэлчээрт байгаа малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэх
5.5.8.Тогтоосон журмын дагуу нэгдсэн зохицуулалтаар малаас чөлөөлсөн бэлчээр буюу өвөлжөө, хаваржаа түүний ойр орчинд дураар мал оруулахгүй байх
5.5.9.Улирлын бэлчээрээс бусад газарт дур мэдэн нутаглах, бэлчээр ашиглалтын хуваарь болон гэрээний заалтыг зөрчих, хог хаягдал, хортой зүйлс, шавхай бууц, сэг зэмээр хашаа хороо, өтөг бууц, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх
5.5.10.Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, нийтийн бэлчээрийн талбайг хашиж хамгаалахгүй байх
5.5.11.Малын урьдчилсан сэргийлэх арга хэмжээнд хамрагдаагүй, эрүүл мэндийн дэвтэргүй малыг сум багийн нутаг дэвсгэрт оруулахгүй байх
ЗУРГАА: УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
6.1.Сумын засаг даргаар ахлуулсан "Отор нүүдэл хийх, оторлох бүс нутгийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл" ажиллаж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.
6.1.1.Баг бүрээр тухайн жилийн зуншлага, ургамлын ургацад тулгуурлан бэлчээрийн даацыг нь тодорхойлуулж, нутагтаа өвөлжиж, хаваржих боломжтой эсэхийг тогтоолгон, гадагш отор нүүдэл хийхээр бол оторлох малын төрөл, тоо, малчдын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий саналыг нь 9 дүгээр сарын 01-ний дотор авч газар дээр нь шалган үзэж, нэгтгэн дүгнэлт гаргана.
6.2.Байгаль цаг уурын онцгой хүндрэл тохиолдож сумын Зөвлөлийн зохих шийдвэр гарснаас бусад тохиолдолд гаднаас мал өвөлжүүлж, хаваржуулахыг зохицуулна.
6.3.Өөр аймаг сумын малчид оторлож ирсэн тохиолдолд аймаг сумын ИТХ-аас тогтоосон хэмжээ төлбөр хураамжийг авч орон нутгийн орлогод төвлөрүүлнэ.
6.4.Бусад сумаас тус суманд мал оруулж өвөлжүүлэх талаар ирсэн хүсэлтийг, өөрийн сумын отор нүүдлийн асуудлыг шийдвэрлэсний дараа сумын зуншлагын байдал бэлчээрийн даац, малын тоо толгойг үндэслэн тооцоо судалгаа хийж, бусад сумаас отроор мал оруулах бололцоо байгаа эсэхийг тогтоож, хэрэв тэднийг оруулах боломжтой гэж үзвэл холбогдох багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн саналыг авч оторлох газрын байршил, малын төрөл, тоо толгой, заасан газрыг шийдвэрлүүлнэ. Сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
6.5.Бусад аймаг,сумаас мал оруулж оторлуулах ажлыг тухайн аймаг, сумын удирдлагатай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ журмыг удирдлага болгон тэдэнтэй гэрээ байгуулж түүний дагуу зохион байгуулна.
ДОЛОО: БЭЛЧЭЭР ХАМГААЛАЛТ, АШИГЛАЛТ
7.1.Тус сумын бэлчээрийг талхлагдалаас сэргийлэх зорилгоор оторлох малын бүтэц, тоо, ялангуяа адуун сүргийн тооны талаар Зөвлөлөөс гарсан шийдвэрийг чанд мөрдөнө.
7.2.Оторчид нь сумын зөвлөлийн хуваарилснаас өөр газар болон гэрээ байгуулаагүй, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй мал бүхий айл, өрхийг нутаглуулахыг хориглоно.
НАЙМ: ОТОРЧДОД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨЛБӨР ХУРААМЖ
8.1.Оторлож яваа малчдаас гаргасан санал хүсэлт, маргаан зөрчлийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлүүлэх, мал хулгайлах болон бусад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох арга хэмжээг авч шийдвэрлэнэ.
8.2.Отроор яваа малчдаас сумын ИТХ-аас тогтоосон тогтоолын дагуу хонин толгойд шилжүүлснээр бодож сард 100 төгрөгийг нэмэлт санхүүлжилтийн дансанд төвлөрүүлнэ.
8.3.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авна.
8.4.Хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг байгаль цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг малчдад хүргэх зохион байгуулалт, арга хэлбэрийг оновчтой тодорхой болгох талаар сум, багийн Засаг дарга, мал бүхий аж ахуйн нэгж байгууллагын дарга нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх.
8.5.Сумдын эрүүл мэндийн байгууллагын түргэн тусламжийн машин, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэлийн нөөц бүрдүүлэн цаг агаарын хүндрэл бэрхшээл тохиолдсон үед шуурхай ажиллах нөхцөл бололцоог хангаж ажиллах.
ЕС: ОТОРЛОЖ БУЙ МАЛЧДЫН ҮҮРЭГ
9.1.Оторлож буй малчид нь сумын зөвлөл, оторлож буй сумын удирдлагын хууль ёсны гэрээг биелүүлэх талаар тавьсан шаардлагыг хэрэгжүүлж ажиллана.
9.2.Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилга туулгалт, вакцинжуулалт, арьсны болон хамрын гуурны боловсруулалт хийх зэрэг мал эмнэлгийн арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай бүрэн хийлгүүлэх, өвчин эмгэггүй, эрүүл байх үүнийг батлах харъяалах сумын мал эмнэлэгийн гэрчилгээтэй байх ба өрхийн малын эрүүл мэндийн дэвтрийн хөтлөлтийг бүрэн хийлгэсэн байх.
9.3.Зөвшөөрөгдсөн тооны бод, бог малыг тухайн заасан бүс нутагт оруулж, нэр зааж оноосон өвөлжөө, хаваржаанд нутаглана.
9.4.Оторт очсон малчид /иргэд/ тухайн бүс нутагт байгаа байгалын баялаг, ан амьтныг хамгаалах, уст цэг, өвөлжөө, хаваржааны хашаа хороог бүрэн бүтэн ашиглаж, бэлчээрийн аливаа хог, сэг зэмийг устгаж, тухайн сумын удирдлага болон зөвлөлд хүлээлгэн өгнө.
9.5.Суманд өвөлжиж хаваржсаны төлбөрийг сумын тогтоосон үнэлгээний дагуу зохих дансанд цаг хугацаанд нь төвлөрүүлнэ.
9.6.Гал түймрээс урьдчилан сэргийлж, түүнтэй тэмцэх багаж хэрэгсэлтэй байх ба түймэр гарсан үед унтраах ажилд шуурхай орж холбогдох хүмүүст хэл хүргэх ажлыг зохион байгуулна.
АРАВ: ОТРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ГЭРЭЭ
10.1.Оторлогч болон отор хүлээн авагч сумын Засаг дарга дор дурдсан үлгэрчилсэн загварын дагуу хамтран ажиллах гэрээ байгуулж, мөрдөж ажиллана.
АРВАН НЭГ. ХАРИУЦЛАГА
12.1.Бэлчээр ашиглалт, отор нүүдэлтэй холбоотой зөрчил, хариуцлагын асуудлыг дараах нөхцөлд авч үзнэ.
12.1.1.Энэхүү журам нь отор нүүдэл болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг биелүүлэхээс хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа татгалзаж зөрчсөн бол
12.1.2.Сумын малчин мал бүхий иргэд отроор яваа гадны харъяалалгүй иргэн сумын нутаг дэвсгэрт гадны аймаг сумын малыг дур мэдэн оруулах, бэлчээр нутаг, хашаа хороо, уст цэгийг үнэлж дамжуулан ашиглуулсан, худалдсан бол холбогдох хууль журмын дагуу эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэж хариуцлага хүлээлгэхээс гадна суманд бүртгэлтэй өвөлжөө хаваржааны эзэмшлийн гэрчилгээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.
12.1.3.Шаардлагатай гэж үзвэл бэлчээрт учирсан хохирлыг тооцож тухайн зах зээлийн ханшаар төлүүлэх арга хэмжээ авна.
12.1.4.Журамтай холбогдсон маргааныг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
12.1.5.Шаардлагатай нөхцөлд хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ.
12.1.6. Орон нутагт төвлөрсөн хөрөнгө зарцуулалтыг сумын ИТХ-аар шийдвэрлэнэ.
АРВАН ГУРАВ. Журам хүчин төгөлдөр болох
13.1.Энэхүү журмыг 2021 оны......дүгээр сарын .......-нээс эхлэн дагаж мөрдөнө
Текст томруулах
A
A
A