- Нүүр
- Эрх зүйн акт
- ХҮНД БОЛОН ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны 11 сарын 08-ны өдрийн А/381/А/274/А-313 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ХҮНД БОЛОН ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ЭРХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасны дагуу эрдэм шинжилгээний байгууллагад хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрх олгох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журмын 1.1-д заасан эрдэм шинжилгээний байгууллага гэж Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2.1, 11.2.2, 11.2.3 дахь заалтад тус тус заасан байгууллагыг ойлгоно.
1.3. Технологийг ашиглаж байгаа үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг нөхцөлдүүлж байгаа техник, технологи, эдийн засгийн үзүүлэлтүүдийн тухайн үе дэх хам нөлөөллийг тодорхойлсон тоон илэрхийлэл бүхий үнэлэлт, дүгнэлтийг "технологийн түвшний үнэлгээ" /цаашид "үнэлгээ" гэх/ гэж ойлгоно.
Хоёр. Зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт
2.1. Эрдэм шинжилгээний байгууллагад эрх олгох, цуцлахад зөвлөмж, санал, дүгнэлт гаргах, хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй тус тус хамтран батална.
2.2. Зөвлөлийн дарга нь хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгжийн дарга, нарийн бичгийн дарга нь тус нэгжийн албан хаагч байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн хуралдаанд саналын эрхгүй оролцоно.
2.3. Зөвлөл нь технологийн болон хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, дарга, нарийн бичгийн даргаас бүрдсэн 10 (арав) хүний бүрэлдэхүүнтэй байна.
2.4. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь хуралдсан хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.5. Зөвлөл нь асуудлыг хамтын журмаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн хуралдааны шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж байна.
2.6. Тухайн технологийг ашиглаж байгаа үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Зөвлөлийн хуралдаанд бусад төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллагын төлөөллийг саналын эрхгүйгээр оролцуулж болно.
2.7. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар шаардлагатай тохиолдолд тухайн салбарын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж санал, дүгнэлт гаргуулж болно.
2.8. Зөвлөл нь дараах чиг үүрэгтэй ажиллана:
2.8.1. Үнэлгээ хийх эрх хүссэн эрдэм шинжилгээний байгууллагыг энэ журмын 4.2-д заасан шаардлагад нийцэх эсэхэд санал, дүгнэлт боловсруулж, үнэлгээ хийх эрх олгох эсэх талаар зөвлөмж гаргах;
2.8.2. Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд үнэлгээ хийх эрх бүхий байгууллагыг томилон ажиллуулах санал гаргах, хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.8.3. Технологи дамжуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын технологийн түвшинд эрх бүхий байгууллагын хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх, дүгнэлт, зөвлөмж гаргах;
2.8.4. Үнэлгээ хийх эрх бүхий байгууллагаас хийгдсэн үнэлгээ бүрийн тайлан, нэгтгэлийн талаарх мэдээллийг хагас жил тутам хэлэлцэн дүгнэлт гаргах.
Гурав. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг
3.1. Технологийн болон хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Зөвлөлийн зөвлөмжид үндэслэн үнэлгээ хийх эрхийг энэ журмын 1.2-д заасан байгууллагад хамтран олгоно.
3.2. Эрх бүхий байгууллагаас хийгдсэн үнэлгээ бүрийн тайлан, нэгтгэлийн талаарх мэдээллийг хагас жил тутам авч, мэдээллийн санд хадгална.
3.3. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын талаарх мэдээллээр иргэн, хуулийн этгээдийг хангана.
Дөрөв. Үнэлгээ хийх эрх бүхий байгууллага, тавигдах шаардлага, эрх, үүрэг
4.1. Энэ журмын 4.2-д заасан шаардлагыг хангаж, энэ журмын 3.1-д заасны дагуу үнэлгээ хийх эрх авсан эрдэм шинжилгээний байгууллага /цаашид "эрх бүхий байгууллага" гэх/ үнэлгээг хийнэ.
4.2. Эрх бүхий байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:
4.2.1. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2.1, 11.2.2, 11.2.3 дахь заалтад тус тус заасан хэлбэрээр байгуулагдсан байх;
4.2.2. Хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, үнэлгээний онол, арга зүйн мэдлэг, туршлагатай эрдэмтэн, судлаачтай байх;
4.2.3. Хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн чиглэлийн зөвлөх зэрэгтэй инженертэй байх;
4.2.4. Хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр шинэ бүтээл, оновчтой саналууд гаргасан, нэвтрүүлсэн туршлагатай байх;
4.2.5. Журмын 4.2.2-д заасан ажиллагсдын гуравны хоёроос доошгүй нь тухайн байгууллагын үндсэн орон тооны ажилтан байх.
4.3. Эрх бүхий байгууллагын эрх, үүрэг:
4.3.1. Үнэлгээг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр онол арга зүй, мэргэжил, мэргэшил, ёс зүйн өндөр түвшинд гүйцэтгэх;
4.3.2. Үнэлгээ хийхэд шаардагдах баримт бичиг, бусад зүйлийг холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулах;
4.3.3. Үнэлгээтэй холбоотой нууцад хамаарах асуудлыг Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу чандлан хадгалах;
4.3.4. Гүйцэтгэсэн үнэлгээний талаар тайлан, дүгнэлт, батламж гаргаж, үнэлгээний үнэн бодит байдлыг бүрэн хариуцах;
4.3.5. Үнэлгээ хийсэн технологи, оюуны өмч, судалгаа хөгжлийн зардал, технологийн шинэчлэлийн талаарх мэдээлэл, нэгдсэн тайланг хагас жил тутам гаргаж, технологийн болон хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.
Тав.Үнэлгээ хийх байгууллагад эрх олгох, цуцлах
5.1. Энэхүү журмын 1.2-д заасан байгууллага нь үнэлгээ хийх эрх авах хүсэлтээ энэ журмын 5.2-д заасан материалын бүрдүүлбэрийн хамт асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.2. Үнэлгээ хийх эрх авах хүсэлтийн материалын бүрдүүлбэр:
5.2.1. Хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаягийг тусгасан, үнэлгээ хийх эрх авахаар эрх бүхий албан тушаалтнаас гаргасан өргөдөл /албан бичиг/;
5.2.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар батлуулсан/;
5.2.3. Хуулийн этгээдийн товч танилцуулга;
5.2.4. Эрдэмтэн, судлаачийн анкет, дипломын хуулбар /нотариатаар батлуулсан/;
5.2.5. Зөвлөх зэрэгтэй инженерийн анкет, үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/;
5.2.6. Хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн технологи, үнэлгээний чиглэлээр хийгдсэн ажил, шинэ бүтээл, оновчтой саналуудын танилцуулга;
5.2.7. Ажлын байр, хэмжилт судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гэрчилгээ, фото зураг бүхий товч танилцуулга;
5.2.8. Ажил олгогч, ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажсан тайлан, лавлагаа.
5.3. Асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 22 өдөр багтаан холбогдох материалыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж зөвлөмж гаргуулан, үнэлгээ хийх эрх олгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
5.4. Үнэлгээ хийх эрхийг 3 жилийн хугацаатай олгоно.
5.5. Дараах тохиолдолд эрх бүхий байгууллагын үнэлгээ хийх эрхийг цуцална:
5.5.1. Үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь энэхүү журамд заасан эрх, үүргийг зөрчсөн бол;
5.5.2. Үнэлгээг холбогдох хууль тогтоомж, журам, аргачлалын дагуу хийгээгүй, бусдад хохирол учруулсан нь тогтоогдсон бол;
5.5.3. Эрх бүхий байгууллагаас үнэлгээ хийх эрхээ цуцлуулах хүсэлт гаргасан;
5.5.4. Тухайн эрдэм шинжилгээний байгууллага татан буугдсан бол.
Зургаа.Бусад зүйл
6.2. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A