- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар А/279.
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Уул уурхайн сайдын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаар тушаалаар баталсан
"Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журам"-д хавсралт ёсоор нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
2.Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмын нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /Г.Батбаяр/, Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/-т тус тус даалгасугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Газрын тосны бодлогын газар /Б.Анхбаяр/, Ашигт малтмал, газрын тосны газар /Х.Хэрлэн/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Г.ЁНДОН
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны
11 дүгээр сарын 22 -ны өдрийн А/279 дүгээр тушаалын хавсралт
ГАЗРЫН ТОС, УЛАМЖЛАЛТ БУС ГАЗРЫН ТОСНЫ ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл
Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журам
д доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй
1 дүгээр зүйлийн 1.9, 1.10, 1.11 дэх хэсэг:
"1.9.Мэргэшсэн болон зөвлөх инженер нь мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн дүрэм, шалгалт авах журам болон сургалтын хөтөлбөртэй байна. Сургалтын хөтөлбөрийг салбар, шинжлэх ухааны хөгжилтэй уялдуулан шинэчлэн батлуулж байх.
1.10.Салбарын инженер гэдэгт "Монгол Улсын үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08"-д заасан дараах мэргэжил, индекс /кодтой/ газрын тосны инженер, мэргэжилтэн хамаарна:
2114-11 Геологич
2114-15 Геологич инженерийн
2114-16 Геологич инженер /газрын тосны/
2114-17 Геологич инженер /хайгуулын/
2114-18 Геологич иженер /эрэл- зураглалын/
2114-25 Геофизикч
2143-13 Инженер, байгаль орчны
2143-15 Байгаль орчны нөхөн сэргээх мэргэжилтэн
2144-25 Инженер, хийн хоолойн
2144-40 Механикч инженер, хийн хоолойн
2145-11Инженер, байгалийн хийн үйлдвэрлэлт, хуваарилалтын
2145-12 Инженер, нефть, түлшний технологич
2145-14 Инженер, химийн /нефть, байгалийн хийн, химийн боловсруулалтын/
2145-15 Технологич инженер, нэрэх процессын
2145-26 Технологич шатахууны
2146-14 Инженер, нефть, байгалийн хийн
2146-18 Инженер, газрын тос болон байгалийн хий олборлолтын
2141-11 Инженер, аж үйлдвэрийн
2141-12 Инженер, байгууламжийн
2141-13 Инженер, машин тоног төхөөрөмжийн
2141-17 Инженер, техник засварын
2141-18 Инженер, төлөвлөлтийн
2141-19 Инженер, төсвийн
2141-25 Инженер, хөдөлмөрийн аюулгүй байдлын
2141-27 Инженер, хангамж түгээлтийн
2141-28 Инженер, чанарын
2141-33 Инженер, тосолгооны тоног төхөөрөмжийн
2141-34 Инженер, хийн хоолойн
2141-35 Инженер, хэмжил зүй, эталоны, шалгалт, тохируулгын
2142-21 Инженер, шугам хоолойн
2631-17 Эдийн засагч, үйлдвэрийн
1322-12 Дарга, мастер /менежер/, алба, хэлтэс тасаг, цех, ээлжийн /үйлдвэрийн менежер/ (газрын тос, хий гаргаж авах)/
2113-22 Химич, нефтийн
2113-50 химич газрын тосны, технологич
"Монгол Улсын Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт -08"-д ирээдүйд нэмэгдэж болох мэргэжилүүд
1.11.Энэ журмын 1.9-т заасан ёс зүйн дүрэм, шалгалт авах журам болон сургалтын хөтөлбөрийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн газрын тосны холбогдох мэргэжлийн салбар, тэнхим боловсруулж, Зөвлөлийн дарга батална."
2 дугаар зүйл
Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмын 1.1 дэх хэсгийн "зэрэг олгох," гэсний дараа "сунгах, цуцлах," гэж, 3.1 дэх хэсгийн "үнэмлэх, гэрчилгээ" гэсний дараа "нийгмийн даатгал төлснийг баталгаажуулсан баримт болон" гэж, 6.1 дэх хэсгийн "сургалтанд" гэсний өмнө "танхимийн болон цахим" гэж, 6.2, 6.5 дахь хэсгийн "танхимын" гэсний дараа " болон цахим сургалтын " гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл
Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмын доор дурдсан хэсэг, заалтыг дараах агуулгаар өөрчлөн найруулсугай:
1/. 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг:
"1.5.Газрын тосны салбарын инженерийн зэрэг нь мэргэшсэн ба зөвлөх гэсэн шатлалтай байх бөгөөд мэргэшсэн инженер нь тухайн үйлдвэрлэлийн түвшинд, зөвлөх инженер нь үйлдвэрлэл ба салбарын түвшинд ажил, үйлчилгээ эрхэлнэ."
2/1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэг:
"1.8.Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтын материал, мэдээлэл, бусад холбогдох баримт бичгийг сургалт явуулж буй байгууллагын мэдээллийн санд архивын нэгж болгон хадгална. Зөвлөлийн шийдвэрийг салбарын төрийн захиргааны төв байгууллагад хадгална."
3/2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалт:
"2.1.1.Мэргэшсэн зэрэг горилогч нь төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан газрын тосны чиглэлээр их, дээд сургууль төгсөж дээд (бакалавр, магистр, доктор) боловсрол эзэмшсэн бөгөөд бакалаврын боловсрол эзэмшсэнээс хойш сүүлийн 8-аас, эсвэл магистрын зэрэг хамгаалсанаас хойш 5-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жил тасралтгүй газрын тосны салбарт ажилласан байна. Түүнчлэн, мэргэжлийн чиглэлээр ерөнхий мэдлэгийн шалгалтанд тэнцсэн байна."
4/5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэг:
"5.7. Зөвлөл нь горилогчийн бүтээлийг холбогдох яам, агентлаг, мэдээлийн төв, мэргэжлийн холбоо, сургуулиас тодруулан хянан магадлах явцад бүтээлээ худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг буруу баталгаажуулсан байдал илэрвэл буруутай этгээдэд зэрэг олгохоос түдгэлзэх, урьд авсан зэргийг нь бууруулах эсвэл хүчингүй болгоно."
4 дүгээр зүйл
Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг олгох журмын 1.6, 6.5 дахь хэсгийн "Геологи, газрын тосны сургуульд түшиглэсэн Сургалт-мэдээллийн сектор төв" гэснийг "Геологи, уул уурхайн сургуулийн газрын тосны холбогдох мэргэжлийн салбар, тэнхим" гэж,
6.4 дэх хэсгийн "мэргэшлийн зэрэг олгох сургалтын багц цагийг танхимын бус дараах хэлбэрийн үйл ажиллагаагаар хангаж болно" гэснийг "мэргэжлийн зэрэг олгох сургалтын багц цагийг танхим болон цахим бус дараах хэлбэрийн үйл ажиллагаагаар хангаж болно" гэж тус тус өөрчилсүгэй.
---о0о---
Текст томруулах
A
A
A
