A

A

A

Бүлэг: 1979

ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЗТБХБС-ын 2010 оны 111-р тушаалд/

2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 278

Улаанбаатар хот

Монгол Улсын "Засгийн газрын тухай" хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, "Иргэний нисэхийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 111 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар баталсан ИНД-75 "Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт", "Дүрэм батлах тухай" Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм", "Дүрэм батлах тухай" Дэд бүтцийн Сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар баталсан ИНД-108 "Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр" дүрмүүдэд орох өөрчлөлтийг хавсралтаар тус тус баталсугай.

2.Өөрчлөлт орсон дүрмүүдийг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

З.ИНД-75 "Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт", ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм", ИНД-108 "Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр" дүрмүүдэд орсон өөрчлөлттэй холбогдуулан зохих сургалтыг зохион байгуулж, дүрмийн өөрчлөлтийг сурталчлан, хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т үүрэг болгосугай.

САЙД Х.БАТТУЛГА

Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Сайдын

2011 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн 278 дугаар

 тушаалын Хавсралт

 

ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм",

ИНД-75 "Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт", ИНД-108 "Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр" дүрмүүдэд оруулах өөрчлөлт

 Нэг. ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"-д орох өөрчлөлт:

1. Дүрмийн "ХНД-ийн үнэмлэхүй өндөр болон өндрийн цуваачлал" гэсэн 91.425-р зүйлийн (a)-г  дараах байдлаар өөрчлөх:

        (a) Эрх бүхий байгууллагаас 8900 метрээс 12500 метрийн өндрийн агаарын зайг RVSM агаарын зайгаар тогтоосон, эсвэл зарласан тохиолдолд Монгол Улсын агаарын зайд ХНД-ээр нислэг үйлдэж буй агаарын хөлгийн дарга нь дор дурдсан үнэмлэхүй өндөр буюу нислэгийн өндрийн цуваачлалыг хэрэглэнэ:

1/   Монгол улсын нисэхийн мэдээллийн эмхэтгэл (AIP)-д тухайн аэродромын шилжих үнэмлэхүй өндөр болон 1013.25 гПа-ийн (760 мм.муб) түвшингээс дээшхи доод цувааны өндрийн аль ихээр нь 8400 метр, түүнээс доош өндрийн цуваанд:

1.1     Соронзон чиглэлийн 360 градусаас цагийн зүүний дагуу 179 градуст, 2100 метр, эсвэл газрын гадаргуугаас дээш 900 м-ийн аль их үед 600 метрээр ихсэх 8100 метр хүртэлх сондгой тоотой зуут бүхий үнэмлэхүй өндөр (1500, 2100, 2700 г.м);

1.2     Соронзон чиглэлийн 180 градусаас цагийн зүүний дагуу 359 градуст, 1800 метр, эсвэл газрын гадаргуугаас дээш 900 м-ийн аль их үед 600 метрээр ихсэх 8400 метр хүртэлх тэгш тоотой зуут бүхий үнэмлэхүй өндөр (1800, 2400, 3000 г.м );

2/               1013.25 гПа-ийн (760 мм.муб) түвшингээс дээш 8900-12500 метрийн хоорондох өндрийн цуваанд нислэг үйлдэж байвал:

2.1    Соронзон туйлын 360 градусаас цагийн зүүний дагуу 179 градуст,  далайн түвшнээс дээш 8900 метрээс эхлэн 600 метрээр ихсэх 12500 метр хүртэл  сондгой тоотой зуут бүхий цувааны өндөр;

2.2 Соронзон туйлын 180 градусаас цагийн зүүний дагуу 359 градуст,  далайн түвшнээс дээш 9200 метрээс эхлэн 600 метрээр ихсэх 12200 метр хүртэл тэгш тоотой зуут бүхий цувааны өндөр;

3/   1013.25 гПа-ийн (760 мм.муб) түвшингээс дээш 12500м буюу түүнээс дээш өндөрт 600 м-ийн босоо цуваачлал тогтооно.

2. Дүрмийн 91.239-ийн (а), (б)-д "760 м.у.б (1013.25 гПa)" гэснийг "1013.25 гПa (760 мм.муб)", 91.313-ын (а), (г)-д "(760.0 м.у.б)" гэснийг "(760 мм.муб)" гэж тус тус өөрчлөх.

Хоёр. ИНД-75 "Агаарын навигацийн үйлчилгээний зайчлалын стандарт"-д орох өөрчлөлт:

1. Дүрмийн 75.5-д дараах товчлол нэмэх: Багасгасан босоо зайчлал- RVSM (Reduced vertical separation minimum) 2. Дүрмийн "Энгийн босоо зайчлал" гэсэн 75.101-р зүйлийг дараах байдлаар өөрчлөх:

75.101. Босоо зайчлал

(а) Монгол Улсын, 8900 метрээс 12500 метрийн өндрийн агаарын зайг эрх бүхий байгууллагаас RVSM агаарын зайгаар тогтоосон, эсвэл зарласан тохиолдолд нислэг үйлдэж буй агаарын хөлгүүдийн хооронд дараах босоо зайчлал тогтоогдоно:

1/   нислэгийн цуваа 8400 метрээс доош 300 метр;

2/   нислэгийн цуваа 8400 метрээс 8900 метрт 500 метр;

3/   нислэгийн цуваа 8900 метрээс 12500 метрт 300 метр;

4/  нислэгийн цуваа 12500 метрээс дээш 600 метр.

Гурав. ИНД-108 "Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр"-д орох өөрчлөлт:

1.      Дүрмийн дугаарлалтыг дараах байдлаар өөрчлөх:

108.1, 108.2, 108.3, 108.4 гэснийг 108.1, 108.3, 108.5, 108.7 г.м. алгасаж дугаарлах

            2. Дүрмийн "Аюулгүй байдлын шаардлага- орон нутгийн нислэгт", "Аюулгүй байдлын шаардлага- олон улсын нислэгт" зүйлүүдийн 1/-д "ИНД-91.5-д" гэснийг "ИНД-91.9-д" гэж өөрчлөх

            3. Дүрмийн "Аюулгүй байдлын шаардлага- олон улсын нислэгт" гэсэн зүйлийн (б)-д дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулах:

            12/ нислэгээс хоцорсон зорчигчийн тээшийг тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү зүйлийн 17-д заасны дагуу зөвшөөрөл авсан байх

            17/ зөвхөн агаарын тээвэрлэгчийн зөвшөөрсөн тээшийг тээвэрлэх.

------------ х ------------