Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр

Дугаар 339

Улаанбаатар хот

ГАДААДААС 2022 ОНД АВАХ АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТНИЙ ЭЗЛЭХ ХУВИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.4, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2022 онд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажиллагчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад зааснаас бусад салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20-оос дээш ажиллагчидтай аж ахуйн нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт монгол ажиллагчдын 5 хүртэл хувь байхаар тогтоосугай.

3. Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэг болон коронавируст халдвар /КОВИД-19/-ын шинжилгээнд хамруулж байхыг ажил олгогчид, уг үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж, заавраар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хавсралтад заасны дагуу ажиллуулах гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2022 онд авах, Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд хяналт тавих, буцаан гаргах ажлыг зохион байгуулж, улирал тутам Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тайлагнаж ажиллахыг холбогдох сайд нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА