- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 01 сарын 15 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулга бүхий дараах хэсэг нэмсүгэй:
1/124 дүгээр зүйлийн 124.6 дахь хэсэг:
"124.6.Гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оролцохгүй."
2/127 дугаар зүйлийн 127.4-127.6 дахь хэсэг:
"127.4.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тус тус тусгана.
127.5.Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.
127.6.Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хүргүүлнэ."
2 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2 дахь заалтын "гаргаагүй" гэсний дараа ", эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарсан" гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэг:
"87.1.Захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16.1.6, 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана."
2/123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэг:
"123.2.Дараах үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргана:
123.2.1.анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн;
123.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
123.2.3.шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн."
3/124 дүгээр зүйлийн 124.3-124.5 дахь хэсэг:
"124.3.Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана.
124.4.Энэ хуулийн 124.3-т заасны дагуу гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргаагүй бол татгалзсанд тооцож, энэ тухай тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаана.
124.5.Энэ хуулийн 124.3, 124.4-т заасан тогтоолд шүүгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоол эцсийн шийдвэр байх бөгөөд гомдол гаргахгүй."
4/125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг:
"125.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ."
5/127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг:
"127.1.Хяналтын журмаар хэргийг Улсын дээд шүүхийн таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, энэ хуулийн 105.1-д заасан журмын дагуу шийдвэрээ гаргаж гомдлыг хангасан эсэхийг сонсгоно. Шийдвэрийг шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргах бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно."
4 дүгээр зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн "Ерөнхий шүүгч" гэснийг "Шүүгчдийн зөвлөгөөн" гэж, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн "нэг" гэснийг "гурав хүртэл" гэж, 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсгийн "шүүх хуралдаан даргалагч, илтгэгч шүүгч" гэснийг "шүүх бүрэлдэхүүн" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн "Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль," гэснийг, 20 дугаар зүйлийн 20.1.6 дахь заалтын "давж заалдах, хяналтын журмаар" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсгийг, 128, 129 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
