- Нүүр
- Сайдын тушаал
- Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр
Дугаар А/278
Улаанбаатар хот
Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-д доор дурдсан агуулгатай Зургаа1, Ес1 дүгээр зүйл, 8.5 дахь хэсэг, 6.2.9, 7.2.8, 7.3.8, 7.3.9 дэх заалтыг тус тус нэмсүгэй:
1/ Зургаа1 дугаар зүйл:
"Зургаа1.Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн
улсын бүртгэл хөтлөх
61.1.Улсын бүртгэгч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч /цаашид "эцсийн өмчлөгч" гэх/-ийн мэдээллийн улсын бүртгэл хөтлөхөд энэ журмын Зургаа1 дугаар зүйлд заасныг баримтална.
61.2.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагын улсын бүртгэл хөтлөхөд энэ журмын Зургаа1 дугаар зүйл хамаарахгүй.
61.3.Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс гаргасан эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу хүлээн авна.
61.4.Энэ журмын 61.3-т заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
61.4.1.эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар;
61.4.2.үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий гадаадын хуулийн этгээд бол тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, түүний орчуулгын баталгаажуулсан хувь.
61.5.Улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ нөхөн бүртгүүлэхэд энэ журмын 61.3-т заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
61.5.1.энэ журмын 61.4-т заасан баримт бичиг;
61.5.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
61.6.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхэд энэ журмын Зургаа, Долоо, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ журмын Наймд заасан өргөдлийн хамт мөн журмын 61.3-т заасан маягтыг үнэн зөв бөглөн тус тус хавсаргаж, эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлнэ.
61.7.Улсын бүртгэгч хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран шууд болон шууд бусаар өмчилж байгаа этгээдийг улсын бүртгэлийн мэдээллийн санд эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ.
61.8.Хуулийн этгээд энэ журмын 61.7-д заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд дор дурдсан этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ:
61.8.1.хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа;
61.8.2.өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа;
61.8.3.энэ журмын 61.8.1, 61.8.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж эсхүл хяналт тавьж байгаа.
61.9.Энэ журмын 61.7-д заасан "хөрөнгийн дийлэнх хэсэг" гэж Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тухайн компанийн нийт хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам"-ын 4.3-т заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 33, түүнээс дээш хувийг ойлгоно.
61.10.Эцсийн өмчлөгчийн доор дурдсан мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө:
61.10.1.эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
61.10.2.регистрийн дугаар;
61.10.3.иргэний харьяалал;
61.10.4.эзэмшиж байгаа хувьцааны хувь, хэмжээ.
61.11.Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн доор дурдсан мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө:
61.11.1.хуулийн этгээдийн нэр;
61.11.2.регистрийн дугаар;
61.11.3.харьяалах улсын нэр;
61.11.4.эзэмшиж байгаа хувьцааны хувь, хэмжээ.
61.12.Энэ журмын 61.11-т заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 61.7-61.10-т заасан эцсийн өмчлөгч хувь хүн хүртэл задлан бүртгэнэ.
61.13.Хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлж, бүртгүүлнэ.
61.14.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу гаргаж өгнө."
2/ Ес1 дүгээр зүйл:
"Ес1.Улсын бүртгэлийн гэрчилгээ олгох
91.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дахь хэсэгт заасны дагуу олгоно.
91.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид "гэрчилгээ" гэх/ дараах төрөлтэй байна:
91.2.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цаасан болон цахим гэрчилгээ;
91.2.2.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын цаасан болон цахим гэрчилгээ.
91.3.Гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
91.3.1.улсын бүртгэлд бүртгэсэн огноо, хувийн хэргийн болон регистрийн дугаар;
91.3.2.хуулийн этгээдийн нэр, хэлбэр, үүсгэн байгуулах баримт бичгийн нэр, үүсгэн байгуулсан шийдвэрийн нэр, дугаар, огноо;
91.3.3.хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, хоршооны дарга гэх мэт холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдийн албан тушаалын нэр, овог, нэр, бүртгэсэн огноо;
91.3.4.улсын бүртгэлд бүртгүүлсэн эцсийн өмчлөгчийн тоо, бүртгэсэн огноо;
91.3.5.үйл ажиллагааны код, чиглэл;
91.3.6.үйл ажиллагаа эрхлэх хугацаа, үүсгэн байгуулагчийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (мян.төг);
91.3.7.хуулийн этгээдийн хууль ёсны хаяг;
91.3.8.улсын бүртгэлд бүртгэсэн байгууллагын нэр, улсын бүртгэгчийн овог, нэр, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг.
91.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ/цаашид "гэрчилгээ" гэх/-нд дараахь мэдээллийг тусгана:
91.4.1.Иргэний хуульд заасан салбар, төлөөлөгчийн газрын тодорхойлолт, тухайн хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар, салбар, төлөөлөгчийн газрын нэр;
91.4.2.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тодорхойлолт, хувийн хэргийн болон регистрийн дугаар, нэр
91.4.3.салбар, төлөөлөгчийн газар байгуулсан эрх бүхий этгээдийн нэр, шийдвэрийн нэр, дугаар, огноо;
91.4.4.салбар, төлөөлөгчийн газрын захирал, дарга, эрхлэгч гэх мэт холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдийн албан тушаалын нэр, овог, нэр, бүртгэсэн огноо;
91.4.5.үйл ажиллагааны код, чиглэл;
91.4.6.үйл ажиллагаа эрхлэх хугацаа;
91.4.7.салбар, төлөөлөгчийн газрын хууль ёсны хаяг;
91.4.8.улсын бүртгэлд бүртгэсэн байгууллагын нэр, улсын бүртгэгчийн овог, нэр, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг;
91.4.9.улсын бүртгэлд бүртгэсэн огноо.
91.5.Гэрчилгээг дахин олгох тохиолдолд регистрийн дугаар өөрчлөгдөхгүй бөгөөд мэдээлэлд оруулсан өөрчлөлтүүдийг гэрчилгээнд тусгаж, энэ журмын Аравдугаар зүйлд зааснаар улсын бүртгэл хөтөлнө."
3/ 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
"8.5.Хуулийн этгээдийн эрх өөр этгээдэд шилжиж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрээгээр эрх нь бүрэн шилжиж буй этгээдэд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын маягтыг олгоно."
4/ 6 дугаар зүйлийн 6.2.9 дэх заалт:
"6.2.9. хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /маягт-12/."
5/ 7 дугаар зүйлийн 7.2.8, 7.3.8, 7.3.9 дэх заалт:
"7.2.8. хууль, дүрэмд заасан тохиолдолд гэрээ."
7.3.8.улсын бүртгэлээс хасагдаж буй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиар/;"
7.3.9.улсын бүртгэлээс хасагдаж буй хуулийн этгээдийн хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт."
2.Мөн журмын Наймдугаар зүйлийн 8.2.2 дахь заалтын "эзэмшигч" гэсний дараа ", гишүүн" гэж, 8.3.6 дахь заалтын "гэрээ," гэсний дараа "гэрээслэл," гэж, 8.3.13, 10.2.5 дахь заалтын "хураамж" гэсний дараа ", үйлчилгээний хөлс" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 1.4 дэх хэсэг:
"1.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг тухайн хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгэнэ."
2/ 2.1.11 дэх заалт:
"2.1.11.улсын бүртгэгч баталгаажуулсан болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг тусгасан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивт шилжүүлэх."
3/ 5.3 дахь хэсэг:
"5.3.Улсын бүртгэгч энэ журмын 5.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивт шилжүүлнэ."
4/ 7.1, 7.2 дахь хэсэг:
"7.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон хэлбэр өөрчлөгдсөн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйлийг баримтална.
7.2.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон хэлбэр өөрчлөгдсөн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
7.2.1.өөрчлөн байгуулах тухай шийдвэр /тогтоол/;
7.2.2.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;"
5/ 7.3.3 дахь заалт:
"7.3.3.нэгтгэх тохиолдолд нэгтгэсэн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;"
6/ 8.2.4, 8.2.11 дэх заалт:
"8.2.4.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувь, гишүүний хувь хөрөнгийн хэмжээ;
8.2.11.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл."
7/ 8.3.1, 8.3.12 дахь заалт:
"8.3.1.хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, нэр өөрчилсөн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
8.3.12.тухайн хуулийн этгээдийн харьяалагдах татварын албаны тодорхойлолт;"
8/ 9.1 дэх хэсэг:
"9.1.Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газар, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17, 22 дугаар зүйлийг баримтална."
9/ 11.3.7 дахь заалт:
"11.3.7.хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /маягт-08/;"
10/ 12.1, 12.2 дахь хэсэг:
"12.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ.
12.2.Улсын бүртгэгч энэ журмын 12.1-д заасан үндэслэлээр улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулж, эрх бүхий этгээдийн шийдвэр, дүгнэлтийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивт шилжүүлнэ."
4.Мөн журмын 7.5 дахь хэсэг, 9.2.1, 9.2.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.НЯМБААТАР
Текст томруулах
A
A
A
