- Нүүр
- Эрх зүйн акт
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2021 оны 09 дүгээр сарын 17 ны өдрийн
хуралдааны 05/02 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь бэлчээрийн ашиглалтыг тус сумын бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг бэлчээр ашиглагчдад төлөвшүүлэхтэй холбогдон сумын нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Фотомониторингийн аргаар тодорхойлсон бэлчээрийн даацыг үндэслэн тухайн жилийн бэлчээр зохион байгуулалтыг төлөвлөнө.
1.3.Газрын тухай хуулийн 50.1.1-т заасны дагуу бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч-малчин өрх хариуцна.
Хоёр.Бэлчээр ашиглалтыг төлөвлөх
2.1.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараахь зарчмыг баримтална:
2.1.1.бэлчээрийн экологийн чадавхид суурилах;
2.1.2.бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.
2.2.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид "бэлчээр ашиглалтын төлөвлөгөө" гэх) нь дараах шаардлагыг хангасан байна:
2.2.1.бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ (цаашид "фотомониторинг" гэх)-ний дүнд үндэслэсэн байх;
2.2.2. бэлчээрийг улирлын хуваарьтайгаар ашиглах, сэлгэх, өнжөөх хуваарийг гаргасан байх;
2.2.3. бэлчээрийг хамгаалах, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;
2.2.4.бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх.
2.3.газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө , хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сумын Засаг дарга тогтооно.
2.4.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний төслийг сумын Бэлчээр хариуцсан мэргэжилтэн боловсруулаж холбогдох багийн иргэдийн Нийтийн хурлаар хэлэлцүүлэхээр хүргүүлнэ.
2.5.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн нийтийн хурлын саналыг тусган Газрын тухай хуулийн 20.1.2-т заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн Хурал батална.
2.6.Бэлчээрийн даац хүрэлцээтэй нөхцөлд өөр , сумаас өвөлжиж, хаваржиж болох малын тооны дээд хязгаарыг сумын Засаг дарга тогтооно.
2.7.Тухайн сумын нутаг дэвсгэрт бэлчээрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад улс, донор байгууллагын төсөл хэрэгжүүлэгч нэгж бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэхэд баг, сумын Засаг даргатай хамтран ажиллаж болно.
Гурав. Бэлчээрийг ашиглуулах
3.1.Иргэний хуулийн 481.1-т заасны дагуу зохион байгуулалтад орсон малчид (цаашид "бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг буюу БАХ" гэх)-д сумын Засаг дарга бэлчээрийг Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу болзол, гэрээ (цаашид "бэлчээр ашиглалтын гэрээ" гэх)-гээр ашиглуулж болно.
3.2. БАХ, түүний гишүүн малчин дараахь эрх, үүрэгтэй:
3.2.1.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох ажилд оролцох;
3.2.2.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх;
3.2.3.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх;
3.2.4.Бэлчээр ашиглалтын гэрээнд заасны дагуу бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх;
3.2.5.Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэхгүй байх;
3.2.6.Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх;
3.2.7.Дур мэдэж өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх;
3.2.8.Энэ журмын 3.3-т заасан бэлчээрийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.
3.3.БАХ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх бэлчээрийн сантай байна.
Дөрөв. Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд сум, багийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1. Сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх;
4.2.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.Багийн бэлчээрт фото мониторинг хийж болох цэгийг БАХ-ын оролцоотойгоор тогтоох;
4.2.2.Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх саналыг Багийн засаг дарга сумын Засаг даргад хүргүүлэж ИТХурлаар оруулна.;
4.2.3.Бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох болон бэлчээр ашиглалтын төлөвлөлтөд БАХ, малчныг татан оролцуулах;
4.2.4.Жил бүрийн 6 дугаар сарын 1-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын , гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх;
4.2.5.Бэлчээрийн сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих
Тав.Сумын Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1.Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;
5.1.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
5.1.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийн үр дүнд үндэслэх;
5.1.4.Бэлчээр ашиглалтын гэрээний үүргээ биелүүлж ажиллаж байгаа баг, БАХ, малчин өрхөд давуу эрхтэйгээр хөрөнгө санхүү, бодлогын дэмжлэг үзүүлэх;
5.1.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсоох арга хэмжээ авах;
5.1.6.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас өвөлжих, хаваржих малчин өрхийг оруулахдаа гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх;
5.1.7.БАХ, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах;
5.1.8.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг БАХ, малчдын оролцоотой зохион байгуулах;
5.1.9.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоох;
5.1.10.Бэлчээрийн даацыг тодорхойлох фотомониторингийн цэгийн тоог нэмэгдүүлэх;
5.1.11.Бэлчээрийн сангийн зарцуулалтын байдалд хяналт-үнэлгээ хийх.
5.2.Сумын Газрын даамал, Бэлчээрийн мэргэжилтэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.2.1.Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан сумын газрын мэдээллийн санд бүртгэх;
5.2.2.Сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн БАХ-тай бэлчээр ашиглуулах гэрээ байгуулж, гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх;
5.2.3.Бэлчээр ашиглуулах гэрээний хэрэгжилтийг дүгнэх, холбогдох албан тушаалтан, байгууллагыг мэдээллээр хангах;
5.2.4.Энэ журмын 5.1.9-т заасан өвөлжөө, хаваржаа, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх.
5.3.Багийн Засаг дарга дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.3.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
5.3.2.Энэ журамд заасан бэлчээрийн сангийн хөрөнгийг төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах;
Зургаа. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх
6.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
6.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолд заасны дагуу зохицуулна.
Текст томруулах
A
A
A