- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗӨРЧЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 05 сарын 21 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"11.8 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөнхадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,зээлийн үйл ажиллагааны тухай хууль зөрчих
1.Хадгалагч:
1.1.мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан тохиолдолд хадгалуулагчийн хүссэн үед түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүргээ биелүүлээгүй;
1.2.мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан тохиолдолд уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүргээ биелүүлээгүй;
1.3.тодорхой хугацаагаар байгуулсан мөнгөн хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчилсөн, эсхүл хугацаанаас өмнө цуцалсан;
1.4.хуульд өөрөөр заагаагүй бол хугацаатай мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь мөнгөн хадгаламжийн гэрээнд заасан хугацааг дуустал анх тохиролцсон хэвээр хадгалах үүргээ биелүүлээгүй;
1.5.хадгалуулагчийн мөнгөн хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг итгэмжлэгчээр дамжуулан хийлгэх эрхийг зөрчсөн;
1.6.хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах үүргээ биелүүлээгүй;
1.7.хадгаламжийн дансыг харилцах дансны зориулалтаар ашиглахгүй бөгөөд аливаа төлбөрийн хэрэгсэлтэй холбож үйлчилгээ үзүүлэхийг хориглосныг зөрчсөн;
1.8.хадгалуулагч нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах, эрх бүхий этгээдэд олгох, эсхүл тухайн хадгаламжийн гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийгээгүйгээс түүнд хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хадгалагч:
2.1.хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөөс зөвхөн түүний зөвшөөрөл, эсхүл даалгавраар гүйлгээ хийх;
2.2.мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;
2.3.хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах;
2.4.өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;
2.5.хадгалуулагчтай хадгаламжийн гэрээ байгуулахдаа өөрийн үйл ажиллагаатай холбоотой үнэн зөв мэдээллийг өгөх;
2.6.хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулах;
2.7.талуудын харилцан тохиролцсон бусад үүргийг биелүүлэх журам зөрчсөнөөс хадгалуулагчид хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.8.Банк, эрх бүхий хуулийн этгээд нийтэд ил тод зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Банк, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд:
3.1.харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг гүйцэтгэх;
3.2.төлбөрийн нэхэмжлэлээр хийх төлбөрийг гагцхүү төлбөр хариуцагчийн мөнгөн хөрөнгийг зарцуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрсөн нөхцөлд гүйцэтгэх;
3.3.мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг гүйцэтгэхдээ төлбөрийн даалгаврыг шалгах;
3.4.хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн хөрөнгийн шилжүүлгийг хүлээн авсан дэс дарааллыг баримтлан гүйцэтгэх;
3.5.Монголбанкнаас баталсан төлбөрийн даалгавар, мөнгөн хөрөнгийн шилжүүлэгтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам, заавар, шийдвэрийг хэрэгжүүлэх;
3.6.Талуудын харилцан тохиролцсон бусад үүргийг биелүүлээгүйгээс харилцагчид хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Банк, мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд харилцагчийн төлбөрийн даалгаврыг дарагдуулсан, эсхүл гүйлгээг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд:
5.1.зээлдүүлэгч нь зээлийн хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй;
5.2.зээл олгохдоо зээлийн хүүг зээлдэгчээр урьдчилан төлүүлсэн;
5.3.зээлийн гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй;
5.4.гадаад валютаар зээл хүссэн зээлдэгчид ханшийн эрсдэлийн талаарх зөвлөмж, мэдээллийг өгөөгүй;
5.5.гадаад валютын эх үүсвэргүй, эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдаагүй этгээдэд гадаад валютын зээл олгосон;
5.6.зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээн хөтлөөгүй, эсхүл хувийн хэргийн бүрдүүлбэрийг хангаагүй;
5.7.зээлдэгч барьцаат зээлээ төлсөн, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлж, энэ тухай эрхийн улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй;
5.8.зээлдүүлэгч зээлдэгчээс харилцагчийг таньж мэдэх, зээлийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад баримт бичиг, мэдээлэл шаардсан;
5.9.Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хүн, хуулийн этгээд хуульд заасан зээлийн батлан даалт, баталгаа, барьцаалсан эд хөрөнгийн талаарх баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь гэмт хэргийн шинжгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
7.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн "нууц" гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх, дансгүй, эсхүл санхүүгийн тогтвортой харилцаа үүсгээгүй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглосныг зөрчсөнөөс харилцагчид хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
