A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 02 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчлийн тухай хуулийн 9.6 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"9.6 дугаар зүйл.Соёлын тухай хууль зөрчих

Хэвлэх

1.Соёлын зориулалтаар ашиглаж байгаа төрийн болон орон нутгийн өмчийн барилга байгууламж, эзэмшил газрыг тухайн байгууллагын үндсэн чиг үүрэгт нь харшлах өөр зориулалтаар ашигласан, эсхүл эзэмшсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Музей, орон нутгийн номын сан болон орон нутаг судлах танхимын мэдээллийн үйлчилгээнд 16 хүртэлх насны хүүхдийг үнэ төлбөргүйгээр хамруулах журам зөрчсөн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Соёлын ажилтны зуучлалын үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Уран сайхан, нийтлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийн нийт агуулгад эзлэх үндэсний болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг баримтлаагүй бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс нь зөвшөөрөл авалгүй, даатгалд даатгуулалгүйгээр соёлын гадаад үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүнийг оролцуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР