- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:
1/91 дүгээр зүйл:
"91 дүгээр зүйл.Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ
91.1.Аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлж болно.
91.2.Ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагад тавих шаардлага, бүртгэх журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
2/23 дугаар зүйлийн 23.1.14 дэх заалт:
"23.1.14.Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлд заасан дагалднаар суралцах ажилтны ажил олгогчоос болон ажилтнаас төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцан төлөх."
2 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4 дэх заалтын "контракт" гэснийг "онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ" гэж, 22 дугаар зүйлийн 22.1.7 дахь заалтын "хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг" гэснийг "хөгжлийн бэрхшээлтэй хүнийг" гэж, 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийн "хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний" гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.2.4 дэх заалтын "Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүний" гэснийг "хөгжлийн бэрхшээлтэй хүний" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
