- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хүүхэд хамгааллын тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт доор дурдсан агуулгатай 91 дүгээр зүйл нэмсүгэй:
"91дүгээр зүйл.Соёл, спортын үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалал
91.1.Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулна.
91.2.Хүүхдийг соёл, спортын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцуулахдаа хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг авна.
91.3.Хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг эцэг, эх, асран хамгаалагч, арга хэмжээнд оролцуулсан этгээд хамтран, сургалтын хөтөлбөр, агуулгын хүрээнд болон төрийн захиргааны байгууллагаас улс, бүс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа арга хэмжээнд оролцсон бол сургуулийн удирдлага тус тус зохион байгуулна.
91.4.Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журмыг соёлын болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж, мөрдүүлнэ."
2 дугаар зүйл.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгийн "тоглоом," гэсний дараа "ном, урлагийн бүтээл," гэж, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн "үйлчилгээ," гэсний дараа "соёлын үйл ажиллагаа, урлагийн тоглолт, арга хэмжээ," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
