A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 94

Төрийн ордон, Улаанбаатар хот

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр баталсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хууль, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг, ""Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн сангийн Монголын талын хувь хэмжээг 83,673,494,098 /наян гурван тэрбум зургаан зуун далан гурван сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга ерэн найм/ төгрөгөөр, Оросын талын хувь хэмжээг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлаар Оросын талтай хэлэлцээ хийхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

2.Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд Монголын талаас шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас тус нийгэмлэгт төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон "МОН-П1", "МОН-П2" хөнгөлөлттэй зээлийн үндсэн төлбөрийн авлагаас шилжүүлэн тооцох замаар бүрдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т зөвшөөрсүгэй.

3.Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг Оросын талтай тохиролцсон тохиолдолд тус нийгэмлэгт олгосон "МОН-П1", "МОН-П2" хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг Монголбанкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн албан ханшаар төгрөгт шилжүүлж, уг өдрөөс хойш тооцогдсон хүү, алдангийн төлбөрийг чөлөөлж, дүрмийн санг нэмэгдүүлэхээс бусад зээлийн үлдэгдэл төлбөрийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банканд төлөх хуваарьтай уялдуулан 2021-2025 онд багтаан төлүүлэх арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР