- Нүүр
- Монгол Улсын хууль
- СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2021 оны 07 сарын 02 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/8 дугаар зүйлийн 8.6, 8.7, 8.8 дахь хэсэг:
"8.6.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг улсын хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам, соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалтад бүртгэх журмыг Засгийн газар батална.
8.7.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журам, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд нэр дэвшүүлэх, хянан шийдвэрлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8.8.Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан зэрэглэлийг шатлан дэвшүүлэх зарчмаар тогтоох бөгөөд давхардуулж тогтоохгүй."
2/13 дугаар зүйлийн 13.1.14 дэх заалт:
"13.1.14.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн соёлын биет бус өвийг төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний жагсаалт болон соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтыг тус тус батлах;"
3/14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь заалт:
"14.1.17.түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалт болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх, соёлын биет бус өвийг ЮНЕСКО-ийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;"
4/141 дүгээр зүйлийн 141.1.10 дахь заалт:
"141.1.10.дэлхийн өвийн урьдчилсан жагсаалт болон Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, сэргээн засварлах, ЮНЕСКО-ийн төлөөллийн болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хамгаалж, бэхжүүлэх арга хэмжээг жил бүрийн улсын төсөвт тусган хэрэгжүүлэх;"
5/37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг:
"37.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга хот, суурин газарт орших түүхэн дурсгалт барилга, архитектурын дурсгалын харагдах сүр барааг хадгалах зорилгоор түүний эргэн тойронд шинээр барих барилга байгууламжид өндрийн хязгаар тогтооно. Өндрийн хязгаар тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална."
6/45 дугаар зүйлийн 45.5, 45.6 дахь хэсэг:
"45.5.Түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд байгаа үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтын байдлыг сайжруулах зорилгоор түүний эх төрх, бүрэн бүтэн байдалд нь хохирол учруулахгүй байх хэлбэрээр шинээр барилга байгууламж барьж, судалгаа, сурталчилгааны зориулалтаар ашиглаж болно.
45.6.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энэ хуулийн 45.1-д заасан хамгаалалтын бүсийн эргэн тойронд Соёлын тухай хуульд нийцүүлэн соёлын орчин, орон зайг бий болгож болно."
7/52 дугаар зүйлийн 52.9 дэх хэсэг:
"52.9.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хувийн өмчид байгаа түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг дурсгалт зүйлийг өмчлөгч, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгоно. Улсын хилээр нэвтрүүлэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл нь энэ хуулийн 20.7, 32.2.2-т заасан бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна."
2 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "илэрхийлэгдэх" гэсний дараа "дангаар болон цогцолбор байдлаар орших" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтын "үлдэгдэл," гэсний дараа "түүхэн дурсгалт барилга," гэж, 6 дугаар зүйлийн 6.1.17 дахь заалтын "соёлын" гэсний дараа "хөдлөх" гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "холбогдох" гэсний дараа "бусад" гэж, 9 дүгээр зүйлийн гарчгийн "Соёлын" гэсний дараа "биет" гэж, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн "түүх, соёлын" гэсний дараа "хөдлөх" гэж, 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь заалтын "Соёлын" гэсний өмнө "харьяалах аймаг, нийслэлийн" гэж, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн "тогтооно." гэсний дараа "Хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох шалгуур үзүүлэлтийг хот байгуулалтын болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална." гэж, мөн зүйлийн 45.3.3 дахь заалтын "гэр" гэсний өмнө "энэ хуулийн 45.5-д зааснаас бусад зорилгоор" гэж, 52 дугаар зүйлийн гарчгийн "соёлын" гэсний дараа "хөдлөх" гэж, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсгийн "хамгаалалтад" гэсний дараа "соёлын болон" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг:
"8.1.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хамгаалалтын зэрэглэл тогтооно.
8.2.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн эх төрх бүрэн бүтэн байдал, түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан үнэт, хосгүй үнэт зэрэглэл тогтооно."
2/8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг:
"8.4.Соёлын биет бус өвийг түүх, соёл, урлаг, гоо зүйн болон шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдлыг харгалзан соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний жагсаалт болон яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад бүртгэнэ."
3/12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт:
"12.1.1.төрөөс соёлын өвийг хамгаалах талаар баримтлах бодлогыг тодорхойлох;"
4/13 дугаар зүйлийн 13.1.7, 13.1.8 дахь заалт:
"13.1.7.улсын хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах;
13.1.8.түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтыг батлах;"
5/13 дугаар зүйлийн 13.1.12 дахь заалт:
"13.1.12.түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон дурсгалт газарт хамгаалалтын бүс тогтоох, өөрчлөх, цуцлах;"
6/14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалт:
"14.1.5.аймаг, нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлах;"
7/14 дүгээр зүйлийн 14.1.11, 14.1.12 дахь заалт:
"14.1.11.түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх зөвшөөрөл олгох;
14.1.12.мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;"
8/15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг:
"15.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батална.
9/20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг:
"20.3.Соёлын өвийн үндэсний төв нь соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалах, сэргээн засварлах, авран хамгаалах, сурталчлах чиг үүрэг бүхий соёл, эрдэм шинжилгээний байгууллага байна."
10/27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэг:
"27.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа хийх болон соёлын биет бус өвийн судалгаа хийх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх харьяалах Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно."
11/30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэг:
"30.5.Олдворыг эзэмшүүлэх, түр хадгалах зорилгоор музей, эрдэм шинжилгээний байгууллага болон холбогдох бусад байгууллагад шилжүүлэх асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олдворыг анх илрүүлсэн эрдэм шинжилгээний байгууллага, судлаачийн саналыг харгалзан шийдвэрлэнэ."
12/50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг:
"50.1.Төрийн болон орон нутгийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээр гадаадад үзэсгэлэн гаргах ажлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон байгууллага зохион байгуулна. Энэ заалт хувь хүн, хуулийн этгээд хувийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлээр гадаадад үзэсгэлэн гаргахад хамаарахгүй."
13/52 дугаар зүйлийн 52.3, 52.4 дэх хэсэг:
"52.3.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 52.1-д зааснаас бусад нийтийн өмчийн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг дараах зорилгоор эргүүлэн авчрах нөхцөлтэйгөөр улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгоно.
52.4.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг хоёр жилээс дээшгүй хугацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас уг хугацааг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн нэг удаа 1 жил хүртэл хугацаагаар сунгаж болно."
14/52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэг:
"52.8.Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шүүх болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг холбогдох журмын дагуу музей, эрдэм шинжилгээний байгууллагад шилжүүлнэ."
4 дүгээр зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.14 дэх заалтын дугаарыг "13.1.15" гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.17 дахь заалтын дугаарыг "14.1.18" гэж, 141 дүгээр зүйлийн 141.1.10 дахь заалтын дугаарыг "141.1.11" гэж, 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн "Соёлын өвийн судалгаа" гэснийг "Палеонтологи, археологийн хайгуул, малтлага судалгаа" гэж, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн "анхны төрх байдал" гэснийг "эх төрх, бүрэн бүтэн байдал" гэж, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн "зүйл" гэснийг "зүйлийг" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтын "чулуужсан" гэснийг, 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн "эх олдворыг" гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.3, 8.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.13 дахь заалт, 141 дүгээр зүйлийн 141.1.4, 141.1.9 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.3.4 дэх заалт, 54, 55, 56, 57 дугаар зүйл, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Соёлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
