- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 97
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалт, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулсугай:
1/Үндсэн хуулийг эрхэмлэн дээдлэх, олон нийтэд тайлбарлан таниулах зорилгоор шинээр оюуны бүтээл туурвих, эрдэм шинжилгээний хурал, ёслол хүндэтгэлийн болон шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах;
2/Үндсэн хуулийг боловсруулж, хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүд, уг ажилд оролцсон ажлын хэсэг, зохион байгуулах комисс, эрдэмтэн, судлаачдад хүндэтгэл үзүүлэх, үйл хэргийг нь сурталчлах.
2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, холбогдох зардлыг шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Арга хэмжээг зохион байгуулахдаа коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбогдуулан эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, зөвлөмжийг сахин биелүүлж хэрэгжүүлэхийг холбогдох иргэд, байгууллага болон бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд чиглэл болгосугай.
4.Энэ тогтоолыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
