- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 88
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн этгээдүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувь болон төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн 1 хувьтай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр ногдол ашиг тооцон хуваарилж төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авахыг чиглэл болгон ажиллах;
2/Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн албанд ашиглаж байгаа суудлын автомашины ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас бусад төрийн байгууллагын суудлын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах;
3/2022 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх;
4/улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах;
5/улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах;
6/Монгол Улсын тухайн жилийн төсвийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэх, хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх;
7/төсвийг төлөвлөх, шат шатанд өргөн мэдүүлэх, нэгтгэх, дүн шинжилгээ хийх үйл явцыг цахим хэлбэрт шилжүүлж, ил тод, нээлттэй болгох;
8/Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитын дүгнэлтэд дурдсан төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр электрон тамхинд онцгой албан татвар ногдуулах асуудлыг судлан үзэж, шаардлагатай бол холбогдох хуулийн төслийг боловсруулж, 2022 оны 01 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.
2.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий аудитор /Д.Занданбат/-т даалгасугай:
1/Монгол Улсын тухайн жилийн нэгдсэн төсвийн төсөлд аудит хийсэн дүгнэлтээ Улсын Их Хуралд ирүүлэхдээ холбогдох судалгаа, тооцооллыг хавсаргадаг байх;
2/энэ тогтоолын 2.1 дэх дэд заалтад тусгагдсан аудитын дүгнэлтэд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах.
3.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
