A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫНТОГТООЛ

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 91

Төрийн ордон, Улаанбаатар хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/, Санхүүгийн зохицуулах хороо /Д.Баярсайхан/-нд тус тус даалгасугай:

1/макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх;

2/уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогыг нэгтгэн тодорхойлж, санхүүгийн дэд бүтэц, санхүүжилтийн хүртээмжтэй тогтолцоог бүрдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшилтэй хамтран ажиллах;

3/Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын 2023 оны харилцан үнэлгээнд бэлтгэх ажлын хүрээнд Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж, ФАТФ-ын зөвлөмжийн үнэлгээг дээшлүүлэх, зөвлөмжид нийцүүлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн салбарын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үндэсний эрсдэлийн үнэлгээнд үндэслэн эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог бий болгох, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх;

4/орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлж эхлэх бэлтгэл ажлын хүрээнд Монголбанк хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт 2023 онд багтаан бүрэн шилжүүлэх, энэ хугацаанд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх;

5/Монгол Улсын Их Хурлын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор баталсан "Зээлийн хүүг бууруулах стратеги"-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд гэрээний маргаан шийдвэрлэх үйл явцыг хялбаршуулах, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлэх;

6/уур амьсгалын өөрчлөлтийн эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөг судалж, бүсийн болон олон улсын байгууллагуудаас гаргасан зөвлөмж, санаачилгатай уялдсан тогтвортой санхүүжилтийн бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх;

7/Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний зориулалтыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөж, зээлдэгчид тавьж байгаа зарим нөхцөл, шаардлагыг сулруулан, ажлын байрыг дэмжих зээл, хөдөө аж ахуйг дэмжих зээл, малчдыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн зээл болон бусад төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хяналтыг үргэлжлүүлэх.

3.Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшнийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад, дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллахыг Монголбанк /Б.Лхагвасүрэн/-д даалгасугай.

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР