A

A

A

Бүлэг: 1979

             Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын               

                                                              2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн

                                                              А/193 дугаар тушаалын хавсралт

АЖЛЫН ЦАГИЙГ НЭГТГЭН БОДОХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

            1.1.Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан хуулиар тогтоосон өдрийн болон долоо хоногийн ердийн ажлын цагийн хязгаарыг баримтлах боломжгүй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны ажлын цагийг нэгтгэн бодоход энэхүү журмыг баримтална.

 

            1.2.Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч тодорхой хугацаанд буюу оргил ачааллын /Жишээлбэл: ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, барилга байгууламжийн угсралт, засвар, үйлчилгээний ажил хийх, авто зам, замын байгууламжийн арчлалт, засварын ажил гүйцэтгэх, ургац хураах, хадлан, тэжээл бэлтгэх, богино хугацаанд их хэмжээний ажлын захиалга биелүүлэх болон эдгээртэй адилтгаж болох цаг үеийн, улирлын шинжтэй ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэх гэх мэт/ үед ажлын өдрийн үргэлжлэх цагийг уртасгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 84.1, 84.2-т зааснаас хэтрүүлэн ажилласан ажлын цагийг оргил ачааллын бус үед ажилтныг нөхөн амраах байдлаар зохицуулахад ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэнэ.

 

1.3.Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна.

1.4.Ажил олгогч ажлын цагийг нэгтгэн бодох зохицуулалтыг хэрэглэхтэй холбоотой асуудлыг хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгаж болно.

1.5.Ажил олгогч ажлын цагийг нэгтгэн бодох хугацаа, ажлын өдрийн үргэлжлэх цагийг тодорхой тусгасан шийдвэр гаргаж, ажилтанд урьдчилан мэдэгдэнэ. 

 

Хоёр.Ажлын цагийг нэгтгэн бодож тодорхойлох

 

2.1.Ажилтны ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед ажилласан нийт цагийг тодорхойлохдоо тухайн хугацаанд ажилласан өдрийн тоог ажлын өдрийг уртасган тогтоосон цагаар үржүүлж тооцно.

 

Жишээ 1: Ажил олгогчийн шийдвэрт ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын хугацааг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс  2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байхаар, ажлын өдрийн үргэлжлэлийг 11 цаг байхаар тус тус тогтоосон бол энэ хугацаанд ажилтны нийт ажилласан цаг 473 (43 өдөр × 11 цаг) болно.

 

2.2.Ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед ажилласан ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо ажилтны нийт ажилласан цагаас  тухайн хугацааны ердийн ажлын өдрийн үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна.

 

Жишээ 2: "Ж" компаний ажил, үйлчилгээ, үйлдвэрлэлийн оргил ачааллын үед 12 дугаар сарын 01-ний өдрөөс  12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд байдаг бөгөөд захирлын тушаалд оргил ачааллын хугацааг дээрх хугацаагаар, ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цаг байхаар тусгасан.  Ажилтан "Б"  энэ хугацаанд 20 өдөр ажилласан ба ердийн ажлын өдрийн  үргэлжлэл 8 цагаар тооцоход тухайн хугацааны ажлын цаг нь 160 (20 өдөр × 8 цаг) бөгөөд ажлын цагийг нэгтгэн бодоход хэтрүүлэн ажилласан нийт цаг нь 80 (20 өдөр × 12 цаг-160 цаг) болно.

 

2.3.Ажил олгогч ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийг ажлын ачаалал хэвийн үед дараах байдлаар зохицуулна:

2.3.1.нөхөн амраах;

2.3.2.ажлын өдрийн үргэлжлэх цагийг богиносгох;

2.3.3.долоо хоногийн ажлын өдрийн тоог цөөрүүлэх;

2.3.4.ээлжийн амралтын хугацаан дээр нэмэгдэл амралт олгох.

 

2.4.Ажилтан ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагаа бүтнээр, эсвэл тодорхой хэсгийг нь биеэр нөхөн амрахгүйгээр ажиллах хүсэлтэй бол энэ тухай хүсэлтээ ажил олгогчид бичгээр гаргана. Энэ тохиолдолд ажил олгогч ажилтны хүсэлтийг харгалзан ажиллуулж болно.

 

2.5.Ажил олгогч энэ журмын 2.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй тохиолдолд ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 109.1-д заасны дагуу тухайн ажилтны нэг цагийн дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

 

Жишээ 3: Ажилтан "Э"-ийн холбогдох журмын дагуу тооцсон нэг цагийн дундаж цалин хөлс нь 3520 төгрөг бөгөөд тэрээр оргил ачааллын хугацаанд ердийн ажлын цагийг 90 цагаар хэтрүүлэн ажилласан. Ажил олгогч нь түүний хэтрүүлсэн ажилласан 20 цагийг ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох, 15 цагийг долоо хоногийн ажлын өдрийг цөөрүүлэх, 32 цагийг нэмэгдэл амралт олгох хэлбэрээр зохицуулсан бол үлдсэн 23 (90 цаг-20 цаг-15 цаг-32 цаг) цагийн цалин хөлсийг тухайн ажилтны нэг цагийн дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж 121,440 төгрөг (23 цаг × 3520 төгрөг × 1.5) олгоно.

 

2.6.Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж байгаа үед долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-109.4-т заасан нэмэгдэл хөлсийг олгоно.  

 

2.7.Ажил олгогч энэ журмын 2.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх бол ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цагийн тооцоог тухайн улирал эсхүл тухайн жилд нь багтаан хийнэ.

 

2.8.Хэрэв ажил олгогч энэ журмын 2.3-т заасан зохицуулалтыг хэрэглээгүй бол ажилтны ердийн ажлын цагаас хэтрүүлэн ажилласан цаг болон цалин хөлсний тооцоог оргил ачааллын үе дууссаны дараа сард нь багтаан хийнэ.

 

- - - oOo - - -