- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/ 190, А/280 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо /цаашид "Хууль зүйн хороо" гэх/-ны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон Хууль зүйн хорооноос бусад байгууллагатай хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2.Хууль зүйн хорооны үйл ажиллагаанд энэ журам болон Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, захиргааны хэм хэмжээний актыг мөрдөнө.
1.3.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу аймаг, дүүргийн Засаг дарга, тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн Хууль зүйн хороог байгуулна. Сум дундын шүүх ажиллаж байгаа сумдад тус хороог байгуулж болно.
Хоёр.Хууль зүйн хорооны үйл ажиллагааны зарчим, нийтлэг чиг үүрэг
2.1. Хууль зүйн хороо үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална.
2.1.1.хүүхдийн эрх, нэр төрийг хүндэтгэх;
2.1.2.хууль, шүүхийн өмнө эрх тэгш байдлыг хангах;
2.1.3.жендерийн эрх тэгш байдлыг хангах;
2.1.4.хүүхдийн дээд ашиг сонирхлыг эн тэргүүнд хангах, хамгаалах;
2.1.5.гишүүдийн оролцоо тэгш байх;
2.1.6.гишүүдийн ажлын ачааллыг тэгш хуваарилах;
2.1.7.байгууллага болон хувь хүний нууцад хамаарахаас бусад асуудлаар Хууль зүйн хорооны үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх;
2.1.8.хүүхдийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэж, нууцыг хадгалах;
2.1.9.журам зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулах.
2.2.Хууль зүйн хороо, түүний Ажлын алба нь Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэ журамд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ хүүхдийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзаж хүүхдийн нас биед тохирсон, хүсэл сонирхолд нийцсэн зөвлөгөө, туслалцаа, дэмжлэг үзүүлж, үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг нь ухамсарлуулах, бусдад учруулсан хохирол, гэм хорыг арилгахад хүүхдийг оролцуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан нөхцөлийг арилгах, сөрөг нөлөөнөөс тусгаарлах зэрэг арга хэмжээг хууль тогтоомжид заасан хүрээнд нийцүүлэн авна.
Гурав. Хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, тэдгээрийн эрх, үүрэг
3.1.Хууль зүйн хороо нь аймаг, дүүрэгт гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж, мөрдөн шалгагдаж байгаа, эсхүл гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн хүүхдэд /цаашид "хүүхэд" гэх / үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулна.
3.2.Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны дагуу Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй хүүхдэд энэ журамд заасны дагуу туслалцаа үзүүлэн, зөвлөгөө өгч, эрх ашгийг нь хамгаална.
3.3.Хууль зүйн хорооны дарга нь тухайн аймаг, дүүргийн Засаг даргын орлогч байна.
3.4.Хууль зүйн хорооны гишүүнээр дараах алба хаагч, иргэн ажиллана:
3.4.1.аймаг, дүүрэг дэх шүүхийн Тамгын газрын дарга;
3.4.2.аймаг, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор;
3.4.3.аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга;
3.4.4.аймаг, дүүргийн хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн дарга;
3.4.5.аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;
3.4.6.аймаг, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга;
3.4.7.аймаг, дүүргийн боловсролын асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;
3.4.8.аймаг, дүүргийн эрүүл мэндийн асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;
3.4.9.аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээ хариуцсан газар /хэлтэс/-ын дарга;
3.4.10.аймаг, дүүргийн Цагдаагийн газар /хэлтэс/-ын дарга;
3.4.11.аймаг, дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хэлтэс/-ын дарга;
3.4.12 дахь заалтыг ХНХС, ХЗДХС-ын хамтарсан 2022 оны А/70, A/80 дугаар тушаалаар хүчингүй болгосон.
3.4.13.Өмгөөлөгчдийн холбооны аймаг, дүүргийн салбар зөвлөлийн дарга /зөвшилцсөнөөр/;
3.4.14.аймаг, дүүрэгт гэр бүл, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл /зөвшилцсөнөөр/;
3.4.15.аймаг, дүүргийн хүүхдийн элч /зөвшилцсөнөөр/.
3.5. Хууль зүйн хорооны гишүүн хуралдаанд биечлэн оролцох үүрэгтэй.
3.6.Энэ журмын 3.4-т заасан нэгж тухайн аймаг, дүүрэгт байгуулагдаагүй бол тухайн чиг үүргийг хариуцдаг байгууллага /нэгж/-ын дарга хариуцна.
3.7.Хууль зүйн хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нь аймаг, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга байна.
3.8.Хууль зүйн хорооны дарга дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
3.8.1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15.1-д заасан ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хүрээнд удирдан зохион байгуулах;
3.8.2.Хууль зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлох, хуралдааныг товлох, хуралдааныг даргалах;
3.8.3.хууль тогтоомж болон энэ журамд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаж, хэрэгжилтэд хяналт тавих;
3.8.4.Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөний төслийг Хууль зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэх;
3.8.5.Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, санхүүжилтийг холбогдох байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх;
3.8.6.Хууль зүйн хорооны ажлын тайлан, шаардлагатай тохиолдолд нөхцөл байдлын мэдээллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;
3.8.7.Хууль зүйн хорооны Ажлын албаны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах;
3.8.8.Хууль зүйн хорооны гишүүдийн ажил үүргийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих;
3.8.9.Хууль зүйн хорооны гишүүдийн үйл ажиллагааны талаар шаардлагатай бол томилсон дээд албан тушаалтанд мэдээлэл, шаардлага хүргүүлэх;
3.8.10.батлагдсан төсвийг хууль тогтоомжид заасан зориулалтын дагуу захиран зарцуулах;
3.8.11.Хууль зүйн хорооны гишүүд, Ажлын албаны ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах, тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх;
3.8.12.Ажлын албанд чиглэл, зөвлөмж өгөх;
3.8.13.хууль тогтоомж болон энэ журамд заасан бусад эрх, үүрэг.
3.9. Хууль зүйн хорооны гишүүн дараах нийтлэг эрх, үүрэгтэй:
3.9.1.Хууль зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын талаар санал гаргах;
3.9.2.Хууль зүйн хорооны хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тохиолдолд саналаа бичгээр Ажлын албанд урьдчилан өгөх;
3.9.3.Хууль зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг шаардах буюу гаргуулан авах;
3.9.4.Ажлын албанд Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ журамд заасан чиг үүргийн хүрээнд үүрэг, даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавих;
3.9.5.Ажлын албатай байнга хамтарч ажиллах албан хаагч, албан тушаалтныг байгууллагаасаа томилж, албан тушаалын тодорхойлолтод хариуцах ажлыг тодорхой зааж өгөх;
3.9.6.Хууль зүйн хороо, Ажлын алба үйл ажиллагаа явуулахад шаардлагатай судалгаа, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд гаргаж өгөх;
3.9.7.Хууль зүйн хорооны хуралдаанаар хэлэлцсэн хувь хүн, байгууллага, төрийн болон албаны нууц, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлалыг хангах;
3.9.8.Хүүхэд хамгааллын тухай хуулийг өөрийн хариуцсан байгууллагад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
3.9.9.хууль тогтоомж болон энэ журамд заасан бусад эрх, үүрэг.
3.10.Хууль зүйн хорооны гишүүн энэ журмын 3.9-д заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээс гадна Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд энэ журмын 3.11-3.22-д зааснаар оролцоно.
3.11.Аймаг, дүүрэг дэх шүүхийн Тамгын газрын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцож болно:
3.11.1.хүүхэд оролцсон хэргийг дагнан шийдэх шүүгчийг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эсрэг гэмт хэргийг шуурхай шийдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх;
3.11.2.хүүхэд оролцсон хэргийг хянан шийдвэрлэх явцад түүний нэр төр, эрхийг хүндэтгэн үздэг харилцаа, ёс зүйг шүүхийн орчинд төлөвшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр шүүгчийг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.11.3.хууль тогтоомжид заасан бусад.
3.12.Аймаг, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцож болно:
3.12.1.хүүхэд оролцсон хэрэгт хяналт тавих прокурорыг мэргэшүүлж ажиллуулах, хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх;
3.12.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ журамд заасан хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил гаргуулахгүй байхад анхаарч, хяналт тавих, Хүүхийн эрхийн конвенцийн 37 дугаар зүйлийн а-д "хүүхдэд эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар, нэр төрийг нь доромжлон харьцах буюу шийтгэхгүй байх, 18 насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн гэмт хэрэгт цаазаар авах буюу суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оногдуулахгүй байх", b-д "хүүхдийн эрх чөлөөг хууль бусаар буюу дур мэдэн хязгаарлаж болохгүй. Хүүхдийг баривчлах, саатуулах, хорих арга хэмжээг хамгийн богино тохиромжтой хугацаанд эцсийн арга хэмжээ болгон хэрэглэх", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно." гэж заасныг баримталж, хүүхдийг эрүү шүүлт, хүнлэг бус харилцаанаас хамгаалах;
3.12.3.хүүхдийн эрхийг хамгаалах, тухайн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах ажилд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
3.12.4.хууль тогтоомжид заасан бусад.
3.13.Аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцоно:
3.13.1.Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагааг аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах, хамтран ажиллах боломжоор хангах;
3.13.2.Хууль зүйн хорооны бодлого, чиглэлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бодлого, шийдвэр, төсөвт тусгах, үйл ажиллагааг нь уялдуулах;
3.13.3.хууль тогтоомжид заасан бусад.
3.14.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд энэ журам болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд оролцоно.
3.15. Аймаг, дүүргийн боловсролын асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэй оролцоно:
3.15.1.ерөнхий боловсролын сургуульд сурдаг энэ журамд заасан хүүхдийн талаарх мэдээллийг шаардлагатай тохиолдолд хороонд ирүүлэх;
3.15.2.ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон хувийн нууцыг хадгалах, сургалтад тасралтгүй хамрагдах, ялгаварлан гадуурхагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
3.15.3.сургуулийн нийгмийн ажилтныг хууль зөрчсөн хүүхэдтэй ажиллах нөхцөл, боломжоор хангах;
3.15.4. сургуулиас гарсан, хасагдсан, завсардсан, бичиг үсэг мэдэхгүй хууль зөрчсөн хүүхдэд боловсрол олгох ажлыг зохион байгуулах;
3.15.5. сургуулийн нийгмийн ажилтан болон багшийн ажлыг дүгнэх, үнэлэх шалгуур үзүүлэлтэд эрх нь зөрчигдсөн болон хууль зөрчсөн хүүхдийг анги хамт олонд нь нэгтгэх, хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх арга хэмжээг тусгаж, хяналт тавих;
3.15.6. хууль тогтоомжид заасан бусад.
3.16. Эрүүл мэндийн газар /нэгдэл/-ын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцоно:
3.16.1.хүүхдэд шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээрээ дамжуулан үзүүлж, хяналтад авах ажлыг зохион байгуулах;
3.16.2.хүүхдийн эрүүл мэндийн байдлын талаар шаардлагатай мэдээллийг цагдаагийн байгууллага болон Ажлын албанд шуурхай хүргэх;
3.16.3. хууль тогтоомжид заасан бусад.
3.17.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцоно:
3.17.1.хүүхдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамруулах;
3.17.2.хууль зөрчсөн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нь ажил, мэргэжилтэй болоход дэмжлэг үзүүлэх;
3.17.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан орон гэргүй хүүхэд, түүний асран хамгаалагч харгалзан дэмжигчийг нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаанд хамруулах;
3.17.4.хууль тогтоомжид заасан бусад
3.18.Хууль, эрх зүйн асуудал хариуцсан газар /хэлтэс/-ын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд Хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж оролцоно.
3.19.Аймаг, нийслэлийн Цагдаагийн газар /хэлтэс/-ын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцоно:
3.19.1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-15.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
3.19.2.хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчил болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаарх мэдээллээр хууль тогтоомжийн хүрээнд хангах;
3.19.3.хүүхэд оролцсон хэргийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг хүүхдэд ээлтэй орчинд явуулах, хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.19.4.хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлийн мэргэшлийн сургалтад цагдаагийн эрх бүхий ажилтан, мөрдөгч нарыг тогтмол хамруулах, хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, ёс зүйтэй харилцааг албан хаагч нарт төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах;
3.19.5.хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх талаар Хууль зүйн хороо, Ажлын албатай хамтран ажиллах;
3.19.6.хууль тогтоомжид заасан бусад.
3.20.Аймаг, нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /хэлтэс/, Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дарга Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцоно:
3.20.1.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
3.20.2.гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлсэн, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авагдсан хүүхэдтэй холбоотой мэдээллээр хуулийн хүрээнд хангах;
3.20.3.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхэдтэй холбоотой мэдээллээр хуулийн хүрээнд хангах;
3.20.4.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдийн эрхийг хамгаалах, эрх зүйн зөвлөгөө, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
3.20.5.хууль тогтоомжид заасан бусад.
3.21.Монголын өмгөөлөгчдийн холбооны аймаг, дүүргийн салбар зөвлөлийн дарга, гишүүд Хууль зүйн хороо, Ажлын албаны үйл ажиллагаанд дараах чиг үүрэгтэйгээр оролцоно:
3.21.1.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хууль зөрчсөн хүүхдийг төлөөлж, холбогдох байгууллагад санал, хүсэлт, гомдол гаргах, хороог мэдээллээр хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал гаргах;
3.21.2.хүүхэд оролцсон хэргийг шуурхай шийдвэрлэхийн тулд Өмгөөллийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;
3.21.3.хууль тогтоомжид заасан бусад.
3.22. Хүүхэд, гэр бүлд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл нь энэ журамд заасан хүүхдэд шаардлагатай тохиолдолд хүүхэд хамгааллын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээг мэргэжлийн түвшинд шуурхай хүргэх, холбон зуучлах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллана.
Дөрөв. Хууль зүйн хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа
4.1.Хууль зүйн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна.
4.2.Хууль зүйн хорооны дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалах боломжгүй бол төрийн захиргааны байгууллагын хууль, эрх зүйн асуудал хариуцсан нэгжийн дарга түүний бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
4.3.Хууль зүйн хорооны дарга, энэ журмын 4.2-т заасан албан тушаалтны эзгүйд Хууль зүйн хорооны хамгийн ахмад гишүүн хуралдааныг даргална.
4.4.Хууль зүйн хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ:
4.4.1.Хууль зүйн хорооны хуралдааны дэг;
4.4.2.Хууль зүйн хорооны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хэлэлцэж, холбогдох шатны Хүүхдийн төлөө зөвлөлөөр батлуулах;
4.4.3.Хууль зүйн хорооны ажил, үйлчилгээний зардал, санхүүжилтийг төсөвт тусгах;
4.4.4.энэ журамд заасан хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжийг бүрдүүлэх, сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө;
4.4.5.гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаа хүүхдийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллөөс хөндийрүүлэх зорилгоор хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө;
4.4.6.сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаад суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх, хууль зөрчсөн хүүхдэд зөв хүмүүжил олгох, хорт зуршлаас ангижрахад чиглэгдсэн боловсрол, мэргэжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаан, эрх зүйн анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулах төлөвлөгөө;
4.4.7.хууль зөрчсөн хүүхдийг хүмүүжүүлж, нийгэмшүүлэх үйл ажиллагаанд бусад байгууллагуудыг татан оролцуулах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар бусад байгууллагуудтай хамтран ажиллах шийдвэр гаргах;
4.4.8.Хууль зүйн хорооны гишүүд болон хамтран ажилладаг байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах ажлыг зохион байгуулах хөтөлбөр;
4.4.9.Хууль зүйн хорооноос баталсан хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан;
4.4.10.бусад.
4.5.Хууль зүйн хорооны гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
4.6.Хууль зүйн хорооны хуралдааны явцыг тэмдэглэлээр баталгаажуулах бөгөөд тэмдэглэлд Хуралдаан даргалагч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.
4.7.Хууль зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэж буй асуудал нь гишүүний гэр бүл, төрөл садангийн хүнд хамаарахаар байгаа бол тус гишүүн хуралдаан эхлэхээс өмнө энэ тухай бичгээр мэдэгдэж, уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэх, шийдвэр гаргахад оролцохгүй.
4.8.Хууль зүйн хорооны хуралдаанаас тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд шийдвэрийг Хууль зүйн хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
4.9.Хууль зүйн хорооны шийдвэр нь зөвлөмж, тэмдэглэл хэлбэртэй байна.
4.10.Хууль зүйн хороо улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.
4.11.Хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ.
4.12.Хууль зүйн хорооны хуралдаанд холбогдох албан тушаалтнаас гадна шаардлагатай тохиолдолд бусад төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, асуудлыг нь хэлэлцэж буй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, эсхүл эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч зөвшөөрсөн тохиолдолд тухайн хүүхдийг өөрийг нь байлцуулж болно.
4.13.Хууль зүйн хороо үйл ажиллагааны тайланг хагас жил тутам нэг удаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, жилд нэг удаа орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлд тайлагнана.
4.14.Сумын хүүхдийн эрхийн хууль зүйн хороо нь Хууль зүйн хорооны төлөвлөгөө, даалгасан чиг үүргийн хүрээнд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг аймгийн Хууль зүйн хороонд хүргүүлнэ.
4.15.Хууль зүйн хороо тайлангаа аймаг, дүүргийн төрийн захиргаа, удирдлагын асуудал хариуцсан нэгжээр дамжуулж холбогдох байгууллагад хүргүүлнэ.
Тав. Хууль зүйн хорооны Ажлын алба
5.1.Хууль зүйн хорооны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Ажлын алба нь дараах үүргийг хүлээнэ:
5.1.1.Хууль зүйн хорооны өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
5.1.2.Хууль зүйн хорооны үйл ажиллагаа болон иргэд байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, санал, хүсэлттэй холбоотой мэдээллийг шийдвэрлүүлэх;
5.1.3.Хууль зүйн хорооны хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, холбогдох баримт бичгийн төслийг боловсруулах, албажуулах, сурталчлах, хорооны албан хэрэг хөтлөлт, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих;
5.1.4.Хууль зүйн хорооны гишүүд болон хамтран ажилладаг байгууллагын албан хаагчдыг чадавхижуулах ажлыг зохион байгуулах;
5.1.5.энэ журамд заасан хүүхдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг төлөвлөх, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, тайлагнах;
5.1.6.хууль тогтоомжид заасан бусад.
5.2.Ажлын алба нь Хууль зүйн хорооны үйл ажиллагаатай холбоотой судалгаа, мэдээллийн сан бүрдүүлнэ.
5.3.Ажлын албаны дарга дараах тохиолдолд Хууль зүйн хорооны гишүүнийг нөхөн томилуулах асуудлыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
5.3.1.өөр ажилд томилогдсон;
5.3.2.үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, халагдсан;
5.3.3.гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нь шүүхээр тогтоосон.
5.4.Ажлын алба нь хууль зөрчсөн хүүхдэд дараах туслалцаа, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулна.
5.4.1.хууль зөрчсөн хүүхдийн мэдээллийг цагдаагийн байгууллага болон бусад этгээдээс хүлээн авсан даруй хууль зөрчсөн хүүхэд эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулах;
5.4.2.хүүхэд дахин хохирох, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэж үзвэл нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх тухай санал боловсруулах;
5.4.3.өмгөөлөгчөө сонгох боломжгүй, өмгөөлөгч авах төлбөрийн чадваргүй нь тогтоогдвол Өмгөөлөгчдийн холбоо болон бусад холбогдох байгууллагад хандах, өмгөөлөгч томилуулах эсхүл Хууль зүйн туслалцааны төвд хандан улсын өмгөөлөгч авах боломжоор хангах;
5.4.4.Нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хууль зөрчсөн хүүхэд болон түүний эцэг эх, хамтарсан баг, бусад оролцогчидтой ажиллах төлөвлөгөө боловсруулах;
5.4.5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэлмэрч, орчуулагч, багш, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан болон бусад ажилтантай холбоо тогтоож оролцуулахад дэмжлэг үзүүлэх;
5.4.6.хууль зөрчсөн хүүхдийн буруу зан үйлийг засах, хичээлийн хоцрогдлоо арилгах, нийгэмших, өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг тухайн хүүхдийн сэтгэл зүй, боловсрол, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээнд хамруулах;
5.4.7.Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасны дагуу хүүхдэд батлан даагч томилуулах тухай саналыг эрх бүхий байгууллагад гаргах;
5.4.8.Хэрэг хянан шийдвэрлэх явцад хууль зөрчсөн хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухай гомдол саналыг хүлээн авах, гомдлын мөрөөр эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээдийг томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авах;
5.4.9.хууль тогтоомжид заасан бусад.
5.5.Ажлын алба нь гэмт хэргийн хохирогч болсон хүүхдэд дараах туслалцаа, үйлчилгээг үзүүлэх ажлыг зохион байгуулна:
5.5.1.хохирогч хүүхдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаас авсны дараа хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчтэй уулзах уулзалтыг даруй зохион байгуулах;
5.5.2.хохирогч хүүхдийн талаарх мэдээллийг хүлээн авсан даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх;
5.5.3.сум, хорооны нийгмийн ажилтны хийсэн нөхцөл байдлын үнэлгээнд тулгуурлан хохирогч хүүхэд, түүний эцэг эх, хамтарсан баг, бусад оролцогчтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах, нийгэм сэтгэл зүйн, эрүүл мэндийн, хууль эрх зүйн болон бусад шаардлагатай үйлчилгээ, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
5.5.4.хохирогч хүүхэдтэй эвлэрэх ажиллагааг ямар хэлбэрээр зохион байгуулах, хэзээ, хэрхэн оролцуулах талаар хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, шаардлагатай гэж үзвэл тэдний хүсэлтээр өмгөөлөгч бусад этгээдүүдийг оролцуулан зөвлөлдөж, шийдвэр гаргахад нь дэмжлэг үзүүлэх;
5.5.5.зөрчил гэмт хэргийн улмаас хохирогч хүүхдэд учруулсан хохирол гэм хорыг хууль зүйн дагуу барагдуулах, зайлшгүй шаардлагатай эмчилгээ, үйлчилгээний төлбөрийг урьдчилан гаргуулах ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
5.5.6.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч сэтгэл зүйч, хэлмэрч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын ажилтан болон бусад шаардлагатай ажилтантай холбоо тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүндрэл бэрхшээлгүй шуурхай явуулахад хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг үзүүлэх;
5.5.7.хохирогч хүүхдээс мэдүүлэг авах, хохирогчийг шүүх хуралд оролцуулах тусгай нөхцөл боломжийг бүрдүүлсэн орчныг бий болгох асуудлаар цагдаа, прокурор, шүүх байгууллагатай хамтран ажиллах;
5.5.8.өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, төлбөрийн чадваргүй хохирогч хүүхдийн эрхийг хангах асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, дэмжлэг үзүүлэх;
5.5.9.гэмт хэргийн гэрч, хохирогч болсон хүүхдэд хамгаалалтын арга хэмжээ шаардлагатай тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтээр Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх талаар холбогдох туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
5.5.10.хэрэг хянан шийдвэрлэх явцад хохирогч хүүхдийн эрх ашиг зөрчигдсөн тухай гомдол саналыг хүлээн авах, гомдлын мөрөөр хүүхдийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээдийг томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авах;
5.5.11.хууль тогтоомжид заасан бусад.
5.6.Ажлын алба нь гэмт хэргийн гэрч болсон хүүхдэд дараах туслалцаа, үйлчилгээг үзүүлнэ:
5.6.1.гэмт хэргийн гэрч болсон хүүхдийн мэдээллийг цагдаагийн байгууллага болон бусад этгээдээс хүлээн авсны дараа цагдаагийн байгууллагын саналыг харгалзан гэрч болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулах;
5.6.2.сум, хорооны цагдаа болон нийгмийн ажилтан нь гэмт хэргийн гэрч болсон хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж, Хууль зүйн хорооноос гэрч хүүхдэд үзүүлж болох үйлчилгээ, зөвлөгөө, туслалцааг танилцуулж, хамтран ажиллах боломжийг санал болгох;
5.6.3.гэмт хэргийн гэрч хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон гэмт хэргийн гэрч болсон хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч энэ ажиллагаанд ямар эрх, үүрэг, хариуцлагатай оролцох талаар хууль зүйн зөвлөгөө өгөх;
5.6.4.гэмт хэргийн гэрч болсон хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, ашиг сонирхол, хувийн халдашгүй байдал зөрчигдсөн, цагдаагийн алба хаагч, прокурор, өмгөөлөгчийн зүгээс ёс зүйн зөрчил гаргасан, эрх ашгийг хохироосон зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сөрөг нөлөөллийн талаар Хууль зүйн хороонд гомдол гаргасан тохиолдолд хүүхдийн эрх ашгийг хамгаалахаар хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэх;
5.6.5.гэмт хэргийн гэрч болсон хүүхдийн эрх, ашиг сонирхол хууль ёсны төлөөлөгчтэй зөрчилдсөн нь тогтоогдсон тохиолдолд хорооноос хүүхдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах эрх бүхий этгээдийг томилуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажлыг зохион байгуулах;
5.6.6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч сэтгэл зүйч, хэлмэрч, орчуулагч, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтантай холбоо тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүүхдэд хүндрэл бэрхшээлгүй шуурхай явуулах ажлыг зохион байгуулах;
5.6.7.гэмт хэргийн гэрч болсон хүүхдээс мэдүүлэг авах, гэрчийг шүүх хуралд оролцуулах тусгай нөхцөл боломжийг бүрдүүлсэн орчныг бий болгох асуудлаар цагдаа, прокурор, шүүхийн байгууллагатай хамтран ажиллах;
5.6.8.хууль, тогтоомжид заасан бусад.
5.7.Ажлын албанаас үйлчилгээ авч буй хүүхдийн оршин суух сум, хорооны хамтарсан баг, бусад талтай хамтран төлөвлөгөө гарган ажиллаж болно.
5.8.Ажлын алба энэ журамд заасан хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн гишүүд, сургууль, хамт олонд зөвлөгөө өгч, тогтмол хугацаанд уулзалт, ярилцлага зохион байгуулж, үр дүнг тооцно.
5.9.Ажлын алба нь хууль, зөрчсөн хүүхдийн эрүү, зөрчлийн хэрэг, хувийн мэдээлэл, Хууль зүйн хорооноос үзүүлсэн үйлчилгээг агуулсан хувийн хэргийг хүүхэд бүрт нээж баримтжуулан хадгалах ба үйлчилгээ үзүүлж дууссаны дараа Хууль зүйн хорооны бүртгэл мэдээллийн санд шаардлагатай мэдээллийг оруулж, хувийн хэргээс төрийн болон албаны, байгууллагын болон хувь хүний нууцад хамаарахгүй баримт мэдээллийг түүний хууль ёсны төлөөлөгчид хүлээлгэн өгнө.
5.10.Ажлын алба нь хууль зөрчсөн хүүхдийн мэдээллийг бүртгэх, мэдээлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоож түүнийг арилгах, дахин гаргахгүй байх арга хэмжээг авах талаар орон нутаг дахь төрийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран ажиллана.
Зургаа. Хууль зүйн хорооны үйл ажиллагааны хяналт
6.1.Хууль зүйн хорооны үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл хяналт тавина.
Долоо. Бусад
7.1.Хууль зүйн хорооны үйл ажиллагаанд шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.
--- o0o ---
Текст томруулах
A
A
A