A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр

Дугаар А/758, А/197

Улаанбаатар хот

Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай

Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах "Ердийн өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-г нэгдүгээр хавсралтаар, "Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээ, хугацаа"-г хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв, салбар, орон нутгийн комисс, эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг хэрэгжүүлэх талаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, Эмнэлэг хяналтын комисс, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, даатгуулагч (иргэн)-д мэдээлэл өгч, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар /Б.Буянтогтох/, Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс /П.Мөнхтулга/-т тус тус даалгасугай.

4.Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг урьд байснаар үргэлжлүүлэн мөрдсүгэй.

5.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /С.Төгсдэлгэр/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.

6.Энэхүү тушаалыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

7.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/39, А/12 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД  А.АРИУНЗАЯА

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар А/441, А/192

Улаанбаатар хот

Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт батлах тухай

Нийгмийн даатгалын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэг, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадлах, хөдөлмөр зохицуулалт хийхэд баримтлах өвчний жагсаалт"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг Эрүүл мэндийн магадлалын төв, салбар, орон нутгийн зөвлөл, эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисст тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн магадлалын зөвлөл, Эмнэлэг хяналтын комисс, холбогдох эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйгээр хангах, даатгуулагч, хүнд мэдээлэл өгч, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар /А.Өнөржаргал/, Нийгмийн даатгалын ерөнхий газар /Л.Мөнхзул/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөлд тус тус даалгасугай.

4.Өвчний жагсаалтаас хасагдсан эсхүл өөрчлөгдсөн өвчний заалтаар урьд нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагч, хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрийн хүчин төгөлдөр хугацааг дуусах хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлэг тусламж, үйлчилгээний газар /А.Өнөржаргал/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/-т тус тус даалгасугай.

6.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758, А/197 дугаар хамтарсан тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

7.Энэхүү тушаалыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ            ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА