A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 367

Улаанбаатар хот

"ЭРДЭНЭС МОНГОЛ" ХХК-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 5, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 59.2, 62.1.1, 62.1.7, 62.1.16-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр "Эрдэнэс Монгол" ХХК-ийг тогтоосугай.

2. "Дүрэм шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн дүрмийн 8.5 дахь заалтын "… даргыг …" гэсний дараа "… Монгол Улсын Ерөнхий сайдын санал болгосны дагуу …" гэж нэмсүгэй.

3. Мөн дүрмийн 8.2, 8.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"8.2. Төлөөлөн удирдах зөвлөл 9 гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн гуравны нэгээс доошгүй нь хараат бус гишүүн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг хувьцаа эзэмшигчийн хурал томилно.

8.3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хувьцаа эзэмшигч холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тогтооно."

4. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлуулах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрмийн дагуу 2021 оны IY улиралд багтаан зохион байгуулж, ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.6 дахь заалтад "… оролцоотой …" гэснийг "… оролцоотой "Эрдэнэс-Тавантолгой" ХК …" гэж, ""Эрдэнэс Монгол" ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаар тогтоолын "... Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж байхыг ..." гэснийг "... Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр гүйцэтгэх захирал шийдвэрлэж байхыг ..." гэж тус тус өөрчилсүгэй.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 245 дугаар тогтоолын 2, 3, 4, 6 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ