- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛЫН ТУЛГАР ТӨРИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСНЫ 790 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЖАР, ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛЫН ТУЛГАР ТӨРИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСНЫ 790 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН НАСАНД ХҮРЭЭГҮЙ ЭТГЭЭД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЖАР, ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫ ЭРЭГТЭЙЧҮҮДЭД ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан хоригдлыг тэдэнд шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ:
1/арван зургаан насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;
2/арван дөрвөн насанд хүрээгүй гурав ба түүнээс дээш хүүхэдтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй буюу жирэмсэн эмэгтэйчүүд;
3/өөрийн шууд асрамжинд байгаа арван зургаа хүртэлх насны хагас өнчин хүүхэдтэй буюу өрх толгойлсон эмэгтэйчүүд;
4/арван найман насанд хүрээгүй этгээд, тавин тав, түүнээс дээш насны эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд;
5/ял эдэлж байхдаа бие махбодио санаатайгаар гэмтээснээс бусад шалтгаанаар тахир дутуугийн нэг, хоёрдугаар зэрэгт орсон насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд.
2 дугаар зүйл.Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээшгүй, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээшгүй хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүдийг эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас тус тус өршөөн хэлтрүүлнэ.
3 дугаар зүйл.Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэж таван жилээс дээш хугацаагаар, гэмт хэрэг санаатай үйлдэж гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн насанд хүрээгүй этгээд, эмэгтэйчүүд, жар, түүнээс дээш насны эрэгтэйчүүд эдэлбэл зохих ялын талаас доошгүйг эдэлсэн бол үндсэн ялаас нь өршөөн хэлтрүүлэх буюу талаас доошгүйг эдлээгүй бол үлдсэн ялаас хоёр жилийг өршөөн хасна.
4 дүгээр зүйл.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн <д>, <е>, <ж>-д заасан ял шийтгэлгүй болох хугацаа, түүнчлэн ял тэнсэгдсэн, хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах, насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэнийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
5 дугаар зүйл.Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд үл хамааруулна:
1/цаазаар авах ял шийтгүүлсэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;
2/онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон, гурав, түүнээс дээш удаа ял шийтгүүлсэн;
3/Монгол ардын хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх турай БНМАУ-ын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өршөөгдсөн болон түүнээс хойшхи хугацаанд зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;
4/төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэг /Монгол улсын Эрүүгийн хуулийн 60-68 дугаар зүйл/; зандалчлах /Эрүүгийн хуулийн 73 дугаар зүйл/; бусдыг санаатай алах /Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах /Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/; хүчиндэх /Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйл/; хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 1996 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
7 дугаар зүйл.Энэ хууль 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
