A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2021 оны 347 дугаар

 тогтоолын хавсралт.                            

 

 

 

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ,

ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 
Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан "Боловсролын зээлийн сан" (цаашид "сан" гэх)-гийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

Хоёр.Сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д зааснаар боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцан удирдана.

 

2.2.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.1-д заасан дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг сангаас санхүүжүүлнэ.

 

2.3.Хууль болон Засгийн газрын шийдвэрээр тусгайлан зааснаас бусад тохиолдолд сангаас энэ журмын 2.2-т заасан суралцагчид сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох шийдвэрийг Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.

 

2.4.Боловсролын зээлийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т зааснаар Ажлын албатай байх бөгөөд Ажлын албаны орон тооны хязгаарыг Засгийн газар батална.

 

2.5.Ажлын алба нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэнэ.

 

2.6.Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, захирлыг томилж, чөлөөлнө.

 

2.7.Ажлын албаны дарга нь сангийн өдөр тутмын үйл ажиллагаа, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, төрийн захиргааны төв байгууллагын өгсөн ажил, үүргийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагчийн бүрэн эрх болон хүний нөөцийн удирдлагыг Ажлын албанд хэрэгжүүлнэ. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

2.8.Ажлын алба нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэх хүрээнд дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

 

      2.8.1.дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах;

 

        2.8.2.сургалтын төлбөр, амьжиргааны зардалд олгогдсон зээлийн эргэн төлөлт, өрийг хөнгөлөх, чөлөөлүүлэх асуудлаар санал боловсруулж боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх;

 

      2.8.3.хууль тогтоомжид заасны дагуу холбогдох тайлан, мэдээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад     хугацаанд нь ирүүлэх үйл ажиллагааг хариуцах;

 

      2.8.4.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний холбогдох шийдвэрийг үндэслэн сургалтын төлбөрийн зээлийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгох гэрээ байгуулах, сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг олгох;

 

      2.8.5.сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг авч байгаа суралцагчийн сурлага, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл болон зээл, тэтгэлгийн зарцуулалтын тайланг дээд боловсролын сургалтын байгууллагаас авах;

 

      2.8.6.эрх бүхий этгээдийн зөвшөөрснөөр сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх;

 

      2.8.7.сургалтын төлбөрийн зээл, зээлийн гэрээний биелэлттэй холбоотой дээд боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих;

 

      2.8.8.сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулж дээд боловсролын сургалтын байгууллагуудтай гэрээ байгуулах;

 

      2.8.9.сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн баталгаа бүрдүүлэх;

 

      2.8.10.сургалтын төлбөрийн зээлийн гэрээг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэл гаргах;

 

      2.8.11.сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлөхөөс зайлсхийсэн этгээдэд гэрээ болон хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

 

      2.8.12.сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэгт хамрагдах суралцагчдын бичиг баримтын бүрдүүлэлт, зээлийг эргэн төлүүлэх асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;

 

      2.8.13.сангийн үйл ажиллагааны тайлан гаргах;

 

      2.8.14.сангийн санхүүжилтээр дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын талаарх мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх;

 

      2.8.15.суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийн эргэн төлөлтийн талаарх хуулиар хориглосноос бусад мэдээллээр байгууллага, суралцагч, төр, олон нийт, ажил олгогчийг хангаx;

 

      2.8.16.хууль тогтоомжоор хориглоогүй бусад.

 

2.9.Ажлын алба нь тогтоосон журмын дагуу үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэх бөгөөд үйл ажиллагааны болон үндсэн хөрөнгийн зардлыг сангийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ.

Гурав.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт

3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.1-д заасны дагуу Төрийн сангийн тусгай дансанд байршуулна.

 

3.2.Сангийн хөрөнгө нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1-д заасан дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

 

      3.2.1.улсын төсвийн хөрөнгө;

 

      3.2.2.зээлийн хүүгийн орлого;

 

      3.2.3.хандив, тусламж;

 

      3.2.4.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого.

 

3.3.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т зааснаар дор дурдсан холбогдох зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна:

 

      3.3.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3-т заасны дагуу дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө буюу оюутны хөгжлийн зээл (цаашид "зээл" гэх);

 

      3.3.2.суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг болон сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардал;

 

      3.3.3.сургалтын төлбөрийн зориулалтаар банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, эрх бүхий гуравдагч этгээдээс батлан даалт гаргахад шаардагдах зардал, санхүүжилтийг хөнгөлөх зориулалтаар олгох буцалтгүй мөнгөн тусламж; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

      3.3.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг.

 

3.4.Сангийн санхүүжилтийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.5-д зааснаар Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.

 

3.5.Сангийн хөрөнгийг хууль, энэ журамд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

 

3.6.Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан буцалтгүй тусламж, суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэгийг Засгийн газраас баталсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам", мөн 3.3.4-т заасан тэтгэлгийг Засгийн газраас баталсан "Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам" болон "Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам"-ын  дагуу  тус тус санхүүжүүлнэ.

 

3.7.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 23.6-д зааснаас гадна Боловсролын зээлийн санд зээлийн үлдэгдэлгүй суралцагчид зээл олгоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)


Дөрөв.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг

сонгон шалгаруулах

4.1.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна. 

 

4.2.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн удирдамжид дараахь асуудлыг тусгана:

 

      4.2.1.шалгалтыг зохион байгуулах хэлбэр (цахимаар болон танхимаар);

 

      4.2.2.үнэлгээний шалгуур үзүүлэлт болон үнэлэх аргачлал;

 

      4.2.3.сонгон шалгаруулалт явуулах хугацаа;

 

      4.2.4.гомдол маргаан шийдвэрлэх зохицуулалт;

 

      4.2.5.сонгон шалгаруулалт явуулах Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг, хариуцлага.

 

4.3.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.6-д заасны дагуу сангийн Ажлын алба нь шинээр олгох зээлийн эх үүсвэрийн хэмжээ, сонгон шалгаруулалтын журам, тавигдах шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг цахим хуудсаараа дамжуулан мэдээлж, мөн хуулийн 24.7-д заасны дагуу сонгон шалгаруулалтын зар, удирдамжийг 30 буюу түүнээс дээш хоногийн өмнө цахимаар болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нээлттэй, ил тод зарлаж, зохион байгуулах арга хэмжээ авна.

 

4.4.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 25.5-д заасны дагуу сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн бус, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулна.

4.5.Энэ журмын “Дөрөв” дэх хэсэг нь дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээлд хамаарна. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмсэн)
 

 

Тав.Оюутны хөгжлийн зээл олгоход тавигдах шаардлага,

бүрдүүлэх материал

5.1.Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө буюу оюутны хөгжлийн зээлийг дараахь нөхцөлөөр олгоно:

 

      5.1.1.зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжил, боловсролын түвшин, хөтөлбөр болон сургууль тус бүрээр зээлдэгчийн хүсэлтийг харгалзан жил бүрийн 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;

      5.1.2.оюутны өмнөх улирлын хөгжлийн зээлийг тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноотой, бакалаврын хөтөлбөрт анх удаа суралцаж байгаа оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй байна; (Энэ дэд заалтад Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

     5.1.3.Оюутны хөгжлийн зээлийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагчийн сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувийг зээлээр олгоно; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмсэн)

    5.1.4.Оюутны хөгжлийн зээлийг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуульд суралцагчдад энэ журмын 5.1.1-д заасан тэргүүлэх болон эрэлттэй мэргэжил харгалзахгүй олгоно. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмсэн)
 

     5.1.6.дээд боловсролын сургалтын байгууллага нь шаардлага хангасан суралцагчийн холбогдох баримт бичгийг хянаж, зээл авах хүсэлтээ хичээлийн улирал бүр сангийн Ажлын албанд хүргүүлнэ;

      5.1.7.сан нь суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно;

      5.1.8.сангаас санхүүгийн дэмжлэг авсан суралцагч гэрээнд заасан хугацаанд багтаан эргэн төлсөн нөхцөлд зээлд дахин хамрагдаж болно.

 (Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор 5.1.3-5.1.5 дахь заалтын дугаарлалтыг 5.1.6-5.1.8 гэж өөрчилсөн)

5.2.Хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө буюу оюутны хөгжлийн зээлд хамрагдах суралцагчид хүсэлт гаргахдаа дараахь материалыг бүрдүүлж ирүүлнэ(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор хассан)

 

      5.2.1.иргэний үнэмлэхийн хуулбар;

 

      5.2.2.зээл хүссэн өргөдөл;

 

      5.2.3.элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр элсэгч);

 

      5.2.4.сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;

 

      5.2.5.дээд боловсролын мэдээллийн системийн бүртгэлтэй байх;

 

      5.2.6.тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан  жагсаалт;

 

      5.2.7.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;

 

      5.2.8.суралцагчийн ирээдүйн зорилго, нийгэмд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлж бичсэн эссэ.

 

5.3.Сангаас дараахь тохиолдолд оюутны хөгжлийн зээл олгохгүй: (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор хассан)

 

      5.3.1.сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;

 

      5.3.2.зээл авахдаа хуурамчаар баримт бичиг бүрдүүлсэн.

 

Зургаа.Зээлийн эргэн төлөлт, барьцаа

 

6.1.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрт үндэслэн мөн боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан үлгэрчилсэн загварын дагуу сангийн Ажлын албаны дарга хөтөлбөрийн шалгуур хангасан суралцагчтай зээл, тэтгэлгийн гэрээг байгуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

 

6.2.Гадаадад суралцагчийн сургалтын төлбөрийн тэтгэлэг зээлийн гэрээг гадаад валютаар хийж болно. (Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

 

6.3.Зээлийн барьцааны зүйл нь үл хөдлөх хөрөнгө байна. Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой харилцааг Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэнэ.

 

6.4.Гадаадын их, дээд сургууль төгсөгч нь сургууль төгсөж, диплом авсан өдрөөс эхлэн 8 хүртэлх, дотоодын их, дээд сургуульд суралцагч нь төгссөнөөс хойш 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана.

 

6.5.Журмын 6.4-т заасан хугацааг зээлдэгчийн хүсэлт, нөхцөл байдлыг үндэслэн 2 жил хүртэлх хугацаагаар нэг удаа сунгаж болно.

 

6.6.Суралцагч гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг Төрийн сан дахь Боловсролын зээлийн сангийн дансанд төлнө. Зээлийн гэрээнд зээлдэгчийн эрх, үүрэг, хариуцлага, зээлийн хэмжээ, эргэн төлөх нөхцөлийг тодорхой тусгана.

 

6.7.Зээлийн эргэн төлөлтөөс төвлөрөх эх үүсвэрийг зөвхөн сангаас олгох сургалтын төлбөрийн зээлийн зориулалтаар буцаан зарцуулна.

 

6.8.Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч нь сангаас зээл авсан тохиолдолд зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэнэ.

 

6.9.Сантай гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө барьцаалан гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч нь төгссөнөөс хойш 5-аас доошгүй жилийн хугацаанд мэргэжлээрээ Монгол Улсад ажилласан бол тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтад үндэслэн хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

 

6.10.Дээд боловсролын сургалтын байгууллага нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Боловсролын зээлийн сангаас суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээлийн 5 хувийг зээл бүрэн төлөгдөх хүртэлх хугацаанд холбогдох банкин дахь эрсдэлийн сангийн дансанд байршуулна.

 

6.11.Эрсдэлийн сантай холбоотой харилцааг сангийн Ажлын алба, дээд боловсролын сургалтын байгууллага хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.

 

Долоо.Сангийн хөрөнгийн санхүүжилт,

           зарцуулалтад хяналт тавих

 

7.1.Сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.5-д заасны дагуу боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хяналт тавьж ажиллана.

 

7.2.Сангийн зарцуулалтын жилийн эцсийн тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш        20 хоногийн дотор байгууллагын цахим хуудас болон шилэн дансанд байршуулна.

 

7.3.Боловсролын зээлийн сангийн Ажлын алба нь гүйцэтгэсэн ажлын үр дүн, төсвийн зарцуулалтын нэгдсэн тайланг холбогдох хууль, журамд заасан хугацаанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

7.4.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн сангийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

7.5.Сангийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжилт авсан арга хэмжээний мэдээллийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлж, тогтмол шинэчилнэ.

 Найм.Бусад

8.1.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, сонгон шалгаруулах, хяналт тавих журам зөрчсөн холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

8.2.Сангийн эх үүсвэрээр төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан холбогдох хуульд заасан журмын дагуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

 

8.3.Суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл, бусад санхүүгийн дэмжлэг олгох сонгон шалгаруулалтын явцад гарсан маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

8.4.Зээлдэгч нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас суралцах боломжгүй болсныг нотолсон эрх бүхий байгууллагын шийдвэр, холбогдох баримтыг үндэслэн зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлнө. (Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор нэмсэн)

 

 

 

 

---о0о---