A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг батлагдахаас өмнө боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр болон тэтгэлгээр суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу санхүүжүүлж дуусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

(Энэ заалтыг Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

3. Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны орон тооны хязгаарыг 32 байхаар тогтоосугай.

4. Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд зөвшөөрсүгэй.

5. Дээд боловсролын сургалтын байгууллагын чанар, үр дүнг сайжруулах, төрөөс сургалтын төлбөрөөр дамжуулан олгох санхүүжилттэй уялдуулан их, дээд сургуулиудыг үндэсний хэмжээнд эрэмбэлэн, чансаа тогтоох асуудлыг судалж, санал боловсруулан 2022 оны I улиралд багтаан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

6. Хөгжлийн тэргүүлэх мэргэжлийн чиглэл болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг 2022 оноос эхлэн 2 жил тутамд шинэчлэн, 2 дахь жилийн I улиралд багтаан нийтэд мэдээлж байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Оюутны талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102, "Журам, чиглэл шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 71, "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 4, 5, 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН