A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар 249

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай ­­орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-д дараах агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 3.10 дахь хэсэг:

"3.10.Ажлын даалгаврыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулна."

2/ 3.11 дэх хэсэг:

"3.11.Энэ журмын 3.8-д заасан шийдвэр гарсны дараа төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар өмчилсөн, эзэмшсэн, ашигласан, барилга байгууламж барьсан, өргөтгөсөн, шинэчилсэн тохиолдолд тухайн шатны Засаг дарга газар чөлөөлөх арга хэмжээг Газрын тухай хуулийн 57.3, 57.4-т заасны дагуу хэрэгжүүлнэ."

3/ 4.6.11дэх заалт:

"4.6.11.төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлт бүрийн үнэлгээ;"

4/ 4.15 дахь хэсэг:

"4.15.Төсөл хэрэгжүүлэхээр сонгосон байршилд төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулах үед төсөлд оролцох санал ирүүлээгүй, сонгон шалгаруулалт 5 буюу түүнээс дээш амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, нийслэлийн орон сууцны асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ."

5/ 5.7 дахь хэсэг:

"5.7.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 5.6-д заасны дагуу тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3.в-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно."

6/ 6.11 дэх хэсэг:

"6.1Төсөлд оролцогч иргэн, хуулийн этгээд нь гэрээнд заасан хугацаанд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57.4-т заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авна."

7/ 7.1 дэх хэсэг:

"7.1.Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч иргэн, хуулийн этгээд, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнана."

8/ 7.4 дэх хэсэг:

"7.4.Төсөл хэрэгжүүлэгч нь өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас төсөл хэрэгжүүлэх эрх авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор календарьчилсан төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болоод техникийн зөрчил гаргасан, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь чөлөөлсөн газрыг төсөлд тусгагдсанаас өөр зориулалтаар ашигласан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, төлөвлөгөөний дагуу ажил гүйцэтгээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална."

9/ 7.5 дахь хэсэг:

"7.5.Тухайн шатны Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд энэ журмын 4 дүгээр зүйлийг баримтлан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг дахин зохион байгуулна."

10/ 7.6 дахь хэсэг:

"7.6.Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд орон сууцаа чөлөөлсөн иргэдийг орон байраар хангах, орон байраар хангаагүйн улмаас үүссэн хохирлыг дараагийн төсөл хэрэгжүүлэгч шалгарах хүртэлх хугацаанд тухайн төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан хуулийн этгээд хариуцна."

11/ 7.7 дахь хэсэг:

"7.7.Энэ журмын 7.4-т заасан үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгө оруулалтыг төр хариуцахгүй."

12/ 7.8 дахь хэсэг:

"7.8.Гурван талт гэрээг үндэслэн гэрээний талуудын саналын дагуу гэрээг дүгнэн, сууц өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн шилжилтийг бүртгэх үйл ажиллагааг Орон сууцны тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, журмын дагуу зохион байгуулна."

13/ 8.2 дахь хэсэг:

"8.2.Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц болохыг нь тогтоосноос хойш орон сууцанд өргөтгөл хийх, сууцны талбайг хэсэгчлэн хуваахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан тохиолдолд нөхөх олговор тооцохгүй."

14/ 8.3 дахь хэсэг:

8.3.Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан хуулийн этгээд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, холбогдох дүрэм, журам, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, иргэдийг хохироосон тохиолдолд тухайн хуулийн этгээдийг төсөл сонгон шалгаруулалтад 3 жилийн хугацаагаар оролцуулахгүй бөгөөд энэ тухай бүртгэлийг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хуулийн асуудал хариуцсан нэгж хөтөлнө.

2.Мөн журмын дараах хэсэг, заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

1/ 2.3 дахь хэсэг:

"2.3.Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь энэхүү журмын 2.2-т заасан санал, хүсэлт, өргөдлийг гаргасан эсэхээс үл хамааран орон сууцны барилгын ашиглалтын шаардлага хангаж буй эсэхийг тогтооно."

2/ 2.4 дэх хэсэг:

"2.4.Орон сууцны барилгын төлөв байдалд аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны болон барилгын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагууд хамтран инженерийн биет үзлэг хийж, дүн, мэдээг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ."

3/2.5 дахь хэсэг:

"2.5.Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь энэхүү журмын 2.2-т заасан санал, хүсэлт, өргөдлийн дагуу тухайн орон сууцны барилгад хийсэн хэмжилт, тооцоо, судалгаа, дүн шинжилгээг аймаг, нийслэлийн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ."

4/ 2.6 дахь хэсэг:

"2.6.Аймаг, нийслэлийн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь журмын энэ 2.5-д заасан хэмжилт, тооцоо, судалгаа, дүн шинжилгээг хянаж, орон сууцны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан "Орон сууцны барилга ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоох аргачлал"-ын дагуу 21 хоногт багтаан шийдвэр гаргана."

5/ 2.7 дахь хэсэг:

"2.7.Аймаг, нийслэлийн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага нь журмын 2.6-д заасан шийдвэрийг хүсэлт гаргасан этгээд болон тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад ажлын 5 хоногт багтаан хүргүүлнэ."

6/ 3.1 дэх хэсэг:

"3.1.Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16.2-т заасан шийдвэрийг хүлээн авмагц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчдөд мэдэгдэж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 14 хоногийн дотор олон нийтэд мэдээлнэ."

7/ 3.2. дахь хэсэг:

"3.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр барилга баригдаж ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд түр түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж, 3 хоногт аймаг, нийслэл, сум, дүүргийн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад хүргүүлнэ."

8/ 3.3. дахь хэсэг:

"3.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага журмын 3.2-т заасан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана."

9/ 3.4. дэх хэсэг:

"3.4.Орон сууц өмчлөгч нь Орон сууцны тухай хуулийн 151дугаар зүйлийн 151.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу орон сууцны барилгыг дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтээ энэ журмын хавсралтаар баталсан загварын дагуу гаргаж, 14 хоногийн дотор тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ."

10/ 3.5 дахь хэсэг:

"3.5.Журмын 3.4-т заасан хүсэлтийг тухайн орон сууц өмчлөгчийн 80-аас доошгүй хувь дэмжсэн тохиолдолд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг энэ журмын дагуу зохион байгуулна. Тухайн орон сууцны барилгад хоёр буюу түүнээс дээш үл хөдлөх эд хөрөнгө өмчилж, эзэмшиж буй этгээд төсөл хэрэгжүүлэх талаар саналын нэг эрхтэй байна."

11/ 3.8 дахь хэсэг:

"3.8.Орон сууц өмчлөгчийн хүсэлт, барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.6-д заасны дагуу орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих шийдвэрийг гаргана."

12/ 3.9 дэх хэсэг:

"3.9.Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлын даалгаврыг 14 хоногт боловсруулж, тухайн шатны Засаг дарга ажлын 3 өдрийн дотор батална."

13/ 4.1 дэх хэсэг:

"4.1.Журмын 3.7-д заасан шийдвэр, 3.9-д заасан ажлын даалгаврыг үндэслэн аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг 14 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна."

14/ 4.8. дахь хэсэг:

"4.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах эрх олгоно."

15/ 4.9. дэх хэсэг:

"4.9.Шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь (цаашид "төсөл хэрэгжүүлэгч" гэх) хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хүчин чадлыг хэтрүүлэхгүйгээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан төслийг боловсруулж, аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн нутгийн захиргааны байгууллагаар хянуулан батлуулна."

16/ 5.3. дахь хэсэг:

"5.3.Тухайн шатны Засаг дарга нь аймаг, нийслэл, сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллага болон газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамалд төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох талаар хүсэлт гаргана."

17/ 5.6. дахь хэсэг:

"5.6.Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчтэй төслийн бэлтгэл үе шатанд тохиролцох, ойлголцолд хүрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ."

18/ 5.8. дахь хэсэг:

"5.8.Сууц өмчлөгч, төсөл хэрэгжүүлэгч, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гурван талт гэрээ байгуулсны дараа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан Хяналтын хороог байгуулна.

19/ 7.2 дахь хэсэг:

"7.2.Төсөл хэрэгжүүлэгч нь хот, суурин газрын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж, батлуулах, барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу тухайн шатны Засаг даргаас баталсан төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ."

20/ 7.3 дахь хэсэг:

"7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна."

3.Журмын дугаарлалтын "5.7" гэснийг "5.8" гэж, "5.8" гэснийг "5.9" гэж, "7.1" гэснийг "7.3" гэж, "Долоо"-гийн "Төсөл хэрэгжүүлж, дуусгах" гэснийг "Төсөл хэрэгжүүлэх, дуусгах" гэж, "Найм"-ын "Хариуцлага" гэснийг "Бусад" гэж тус тус өөрчилсүгэй.

4.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5.Журамд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Ц.Баярбат)-т тус тус даалгасугай.

САЙД Б.МӨНХБААТАР