A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

1

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 376

Улаанбаатар хот

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЭЦ, АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 54.2, 54.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тооноос хамааруулан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 8, Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 10, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 12 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоосугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан сумд (аймгийн төвийн болон 6000-аас дээш хүн амтай)-ын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 4 хүртэл, бусад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны орон тооны хязгаарыг 3 хүртэл байхаар тогтоосугай.

3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба нь дарга, 2 хүртэл хэлтэстэй байхаар тогтоосугай.

4. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны цалингийн санг тогтоохдоо Засгийн газраас баталсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалт, төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг тус тус мөрдөж ажиллахыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

(Энэ заалтад Засгийн газрын 2022 оны 487, 488 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2023-1-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

5. "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалын дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны чиг үүргийн шинжилгээг хийж, чиг үүргийн давхардал, хийдэл үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөмж болгосугай.

6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржид даалгасугай.

7. Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.НЯМДОРЖ