A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 385

Улаанбаатар хот

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛСЭН ХУГАЦААГ СУНГАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.6, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсугай.

2. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, Боршоо, Гашуунсухайт, Замын-Үүд, Сүхбаатар, Ханги, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав хилийн боомтын орчимд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоож, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан болон Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн Замын-Үүд авто замын боомтод авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын "гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд" гэснийг "6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд" гэж өөрчилсүгэй.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН