A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 386

Улаанбаатар хот

ХИЛИЙН БООМТЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор олон улсын агаарын замын "Чингис хаан" боомтоос бусад хилийн боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасугай.

2. Энэ тогтоолын 1 дэх заалт дараахь иргэнд хамаарахгүй байхаар тогтоосугай:

2.1. Дипломат төлөөлөгчийн газрын алба хаагч, дипломат болон албаны виз бүхий иргэн;

2.2. Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй Оросын Холбооны Улсын иргэн болон Оросын Холбооны Улсад оршин суух зөвшөөрөлтэй Монгол Улсын иргэн;

2.3. Монгол Улс, гадаад улсад суралцах виз бүхий оюутан.

3. Хилийн боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгасантай холбогдуулан Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талд дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 172 дугаар тогтоолын 3 дахь заалтын "2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэснийг "2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 67

Улаанбаатар хот

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын хилийн тухай хуулийн 21.2, 28.2, Улсын онцгой комиссын саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалсантай холбогдуулан "Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 386 дугаар тогтоол, "Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай" Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ шийдвэрийг Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад дипломат шугамаар мэдэгдэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт, тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн)-т даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН