A

A

A

Бүлэг: 1979

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
2018 оны 1 дүгээр сарын 31-ний
 өдрийн 10 дугаар зарлигийн хоёрдугаар хавсралт


 

ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН

АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилт нь Прокурорын ёс зүйн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн бүтэц, чиг үүрэг, бүрэн эрх, гомдол хүсэлт, мэдээлэл /цаашид "Гомдол, хүсэлт" гэх/-ийг хянан шийдвэрлэх, шалгахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээлэл /цаашид "Гомдол" гэх/-ийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллана.

1.3. Зөвлөл нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, прокурорын ёс зүйн дүрэм болон энэ журмыг  баримтална.

1.4. Зөвлөл нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, гомдлыг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно.

1.5. Зөвлөл нь гомдол шалгах явцад гомдолд дурдагдаагүй боловч Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн байж болзошгүй баримт илэрвэл хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна.

1.6. Улсын ерөнхий прокурор нь Зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилно.

1.7. Зөвлөлийг чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцлийг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газар хариуцна.

1.8. Прокурорын ёс зүйн дүрмийг хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэнэ.

1.9. Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж явуулна.

 

Хоёр. Зөвлөлийн эрх хэмжээ


2.1. Зөвлөл нь Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

2.2. Зөвлөл нь Прокурорын ёс зүйн дүрмийн 3.2 дахь хэсэгт заасан гомдол, хүсэлт, мэдээллийг шалгасан дүнг хэлэлцэнэ.

2.3. Зөвлөл нь нэр хаяггүй гомдол, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй.
 

Гурав. Зөвлөлийн чиг үүрэг

 

3.1. Зөвлөл нь прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар явуулсан шалгалтын дүнг хэлэлцэж, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.2. Зөвлөлийн дарга нь гишүүний эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

          3.2.1. прокуророос ёс зүйн зөрчил гаргасан талаарх гомдлыг хүлээн авч танилцан энэ журмын 1.9-д заасан чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлж шалгуулах;

          3.2.2. шалгалтын материалтай урьдчилан танилцаж, нэмэлт шалгалт хийлгүүлэх;

          3.2.3. гаргасан гомдол нь прокурорын ёс зүйтэй холбогдолгүй болох нь шалгалтаар тогтоогдвол зөвлөлийн хуралдаанаас өмнө гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;

          3.2.4. шалгалтын дүнг харгалзан шалгалтын материалыг харьяаллын дагуу өөр байгууллага, албан тушаалтанд шалгуулахаар шилжүүлэх;

          3.2.5. шалгалтын дүнг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх;

          3.2.6. Зөвлөлийн хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, хуралдааныг удирдах, зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэр, дүгнэлтийн төслийг бэлтгэх үүргийг зөвлөлийн гишүүдэд даалгах, боловсруулсан төслийг хянах;

          3.2.7. Зөвлөлийн хуралдаанаас гаргасан дүгнэлтэд гарын үсэг зурж  баталгаажуулах, гомдол, хүсэлт гаргагчид хариу өгөх;

3.3. Зөвлөлийн гишүүн дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

          3.3.1. Прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлыг шалгасан дүнг хэлэлцэх Зөвлөлийн хуралдаанд оролцох;

          3.3.2. үүрэгт ажилтай нь холбогдуулж өөрт нь илэрхий болсон, эсхүл итгэмжлэн мэдэгдсэн нууцыг хугацаагүй чанд хадгалах;

          3.3.3. Зөвлөлийн хуралдаанд тухайн прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар саналаа хэлэх.         

3.4. Зөвлөлийн гишүүн дараах тохиолдолд зөвлөлийн хуралдаанд оролцохоос татгалзана:

          3.4.1. өөрөө гомдол, хүсэлтийг гаргасан болон прокурорын ёс зүйтэй холбоотой зөрчлийг илрүүлсэн бол;

          3.4.2. тухайн прокурортой, эсхүл гомдол, хүсэлт гаргасан этгээдтэй болон түүний гэр бүлийн гишүүдтэй төрөл, садан байвал;

          3.4.3. өөрөө шууд буюу шууд бусаар уг асуудалд хувийн сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа бол.

 

Дөрөв. Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн

 

4.1. Зөвлөл нь дарга, 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн дарга, гишүүдийг 3 жилийн хугацаатайгаар Улсын ерөнхий прокурор томилно.

4.2. Зөвлөл нь дадлага туршлага, ур чадвартай, мэргэжил, ёс зүйн зөрчилгүй прокуроруудаас бүрдэнэ.

4.3. Зөвлөлийн гишүүнийг өөрчлөх, хугацааг сунгах шийдвэрийг Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд гаргана.

4.4. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь прокурор байх бөгөөд түүнийг Улсын ерөнхий прокурор томилно.

4.5. Нарийн бичгийн дарга дараах үүргийг гүйцэтгэнэ:

           4.5.1. хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах, зар тараах;

           4.5.2. хуралдаанд байлцаж, тэмдэглэл хөтлөн хуралдааны үйл явцыг бэхжүүлэх, холбогдох материал, архив, албан бичиг баримтыг хадгалах, хамгаалах;

           4.5.3. Зөвлөлөөр шийдвэрлэсэн асуудлын тоо, бүртгэл хөтлөх;

           4.5.4. Зөвлөлийн шийдвэр, дүгнэлт болон мэдэгдэх хуудсыг гомдол, хүсэлт гаргагчид хүргүүлэх.

 

Тав. Прокурорын ёс зүйн зөрчлийг шалгах


5.1. Зөрчил шалгах ажиллагааг энэ журмын 2.2.1 дэх хэсэгт заасан гомдол, хүсэлтийг үндэслэн явуулна.

5.2. Зөвлөлийн нарийн бичгийн дарга гомдол, хүсэлтийг хүлээн авч, Зөвлөлийн даргад танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга нэмэлт материал шаардан гаргуулж болно. 

5.3. Зөвлөлийн дарга санал, хүсэлттэй танилцаж, шалгуулахаар Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгжид шилжүүлнэ. 

5.4. Хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий нэгж нь гомдол, хүсэлтийг шалгахаар хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зөрчлийг шалгах, нотлох ажиллагааг дор дурдсанаар шалгаж, тогтооно:

            5.4.1. гомдол, хүсэлтийг шалгах (зөрчил гарсан газар дээр нь танилцах, гомдол гаргагч, бусад этгээдээс тайлбар авах, бичиг баримт, нотлох баримтыг шинжлэн судлах, бэхжүүлж авах зэргээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийж материалжуулна);

            5.4.2. албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс нотлох баримт шаардан гаргуулах, тайлбар авах, хавтаст хэргээс хуулбар хийх, шалгалтын материалыг тухайн прокурорт танилцуулж тэмдэглэл үйлдэх, хариу тайлбар авах.

            5.4.3. тухайн зөрчилд холбогдон шалгагдаж буй прокурорт түүний буруутгаж буй баримт сэлт материалыг танилцуулах, нотолгоо баримт гаргаж өгөх боломжоор хангах, ажиллагааны явцтай танилцах, хариу тайлбар өгөх боломжоор хангах.          

5.5. Нэмэлт ажиллагаа хийх, шаардлагатай тохиолдолд шалгах хугацааг зөвлөлийн дарга нэг удаа ажлын 5 хүртэлх хоногоор сунгаж болно.   

5.6. Шалгалт хийж буй прокурор нь Прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлыг нарийвчлан шалган тогтоож, баримтжуулсан байна. Шалгалт хийж буй прокурор нь гомдол, хүсэлтийг шалгах ажиллагаа дуусмагц шалгалтын дүнгийн талаар танилцуулга бэлтгэж зөвлөлийн даргад танилцуулна.     

5.7. Зөвлөлийн дарга шалгасан материалыг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор хуралдааны товыг зарлана.

5.8. Зөвлөлийн хуралдаанаас шалгасан материалд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр бол нэг удаа 3 хүртэлх хоногоор хугацааг сунгаж шалгалтын ажиллагааг хийлгүүлж болно.           

5.9. Гомдлыг шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа 30 хоногоос илүүгүй байна.

5.10. Прокурор ёс зүйн зөрчил гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч, уг зөрчлийн шалтгаан нөхцлийн талаар бичгээр тайлбар гаргаж өгсөн тохиолдолд Зөвлөл шийдвэр гаргахдаа харгалзан үзэж болно.

 

Зургаа. Зөвлөлийн хуралдаан, шийдвэр
 

6.1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа хараат бусаар, бие даан явуулна.

6.2. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

6.3. Хуралдааныг гомдол, хүсэлт, ажлын ачааллыг харгалзан зөвлөлийн дарга товлон зарлаж, удирдан хуралдуулна.

6.4. Шаардлагатай тохиолдолд гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар зарлан хуралдуулж болно.

6.5. Зөвлөлийн даргын эзгүйд түүний эрх олгосон гишүүн хурлыг товлон зарлаж, удирдан хуралдуулж болно.

6.6. Зөрчилд холбогдсон прокурор нь Зөвлөлийн хуралдаанд оролцох үүрэгтэй ба хуралдаанд оролцоогүй нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.

6.7. Зөвлөлийн хуралдаанд нийт гишүүдийн олонхи нь оролцсоноор хүчин төгөлдөрт тооцох бөгөөд аливаа асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж дүгнэлт гаргана.

6.8. Зөвлөлийн хуралдаанаас дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

               6.8.1. прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлт;

               6.8.2. нэмэлт ажиллагаа хийлгүүлэх;

               6.8.3. харьяаллын дагуу шилжүүлэх;

6.9. Зөвлөлийн хуралдааны шийдвэр, дүгнэлтэд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.

6.10. Санал хураалтад Зөвлөлийн хуралдааны нарийн бичгийн дарга оролцохгүй ба санал хураалтын дүнг хуралдааны тэмдэглэлд тусгана. Хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна.

6.11. Зөвлөлийн дүгнэлтийг тухайн зөрчилд холбогдсон прокурорт мэдэгдэх ба энэ тухай баримт үйлдэж, шалгалтын материалд хавсаргана.

6.12. Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл дүгнэлт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй.

6.13. Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана.

6.14. Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

6.15. Зөвлөл нь хууль, эсхүл энэ журам зөрчиж дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй бол Зөвлөлийн дарга хуралдааныг дахин нэг удаа хуралдуулах талаар шийдвэр гаргаж болно. Энэ тохиолдолд хуралдаанд Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь оролцож, асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

6.16. Энэ журмын 6.15 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд зөвлөлийн дүгнэлт эцсийн байна.

6.17. Зөвлөл нь прокурор ёс зүйн зөрчил гаргаагүй нь тогтоогдсон тохиолдолд  түүний нэр төрийг сэргээх арга хэмжээ авна.

 

Долоо.Бусад

 

7.1. Зөвлөлийг чиг үүргээ хэрэгжүүлэх санхүүгийн баталгаа, үйл ажиллагааг шуурхай, үр дүнтэй ажиллах орчин бүрдүүлэхэд шаардлагатай байр, бичиг хэрэг, техникийн бусад үйлчилгээг Тамгын газар хариуцна.

7.2. Зөвлөлийн дарга, гишүүд, хуралдааны нарийн бичгийн дарга нарт Улсын ерөнхий прокурорын шийдвэрээр урамшуулал олгож болно.           

7.3. Зөвлөл нь Улсын ерөнхий прокурорын газрын тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.

7.4. Зөвлөл нь Прокурорын ёс зүйн дүрмийн хэрэгжилт, хариуцлага хүлээсэн байдал, цаашид анхаарах зүйлсийн талаар тайлан, зөвлөмжийг хагас, бүтэн жилээр гаргаж олон нийтэд мэдээлнэ.

 

 

---оОо---