- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ (2022-2025)
Засгийн газрын 2021 оны 372 дугаар
тогтоолын хавсралт
БҮХ НИЙТИЙН АНГЛИ ХЭЛНИЙ СУРАЛЦАХУЙГ
ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ
(2022-2025)
Нэг.Нийтлэг үндэслэл
Дэлхий нийтийн хөгжлийг дагаад нийгмийн харилцаа, технологийн хэрэглээ, боловсрол, сургалт, хөдөлмөрийн салбарт заавал эзэмшсэн байх ур чадварын нэг нь англи хэл болоод байна.
""Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого" болон "Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)"-д хүүхэд, залуучуудад олон улсад мэдлэг, ур чадвараараа өрсөлдөх, ерөнхий боловсролын сургуульд олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, их, дээд сургуулийн олон улсын эрэмбийг ахиулах боломжийг олгох зорилтуудыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтуудын хэрэгжилтийг хангахад англи хэлний боловсрол чухал тулгуур байх юм.
Дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай иргэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллагыг хөгжүүлэхэд англи хэлний суралцахуйг бүх түвшинд дэмжих тогтолцоог хөгжүүлэх, үндэсний чадавхыг бэхжүүлэх шаардлага үүсээд байна.
Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ нь иргэдэд амьдралын аль ч үед орон зай, цаг хугацаанаас үл хамааран англи хэлийг суралцах боломжийг олгоход чиглэх бөгөөд уг арга хэмжээг төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлнэ.
Хоёр.Арга хэмжээний зорилго, зорилт
2.1.Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний зорилго нь иргэдэд амьдралын аль ч үед нас, ялгаатай хэрэгцээ, орон зай, байршлаас үл хамааран англи хэл сурах тэгш боломжийг олгох, үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
2.2.Арга хэмжээ нь дараахь зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:
2.2.2.иргэдэд өөрийн хэрэгцээнд нийцсэн англи хэлний мэдлэг, чадвар эзэмших, түвшин ахиулах боломжийг бүрдүүлэх, хувилбарт сургалт болон бусад үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн англи хэлний ур чадварыг баталгаажуулах.
Гурав.Арга хэмжээг хэрэгжүүлэх зарчим
3.1.Арга хэмжээг хэрэгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
3.1.1.хувь хүний хэрэгцээ, шаардлагад тулгуурласан, уян хатан, нээлттэй байх;
3.1.2.иргэдийн насан туршийн суралцахуйг дэмжсэн байх;
3.1.3.төр, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа, хариуцлагад суурилсан байх;
3.1.4.мэдээлэл, харилцааны технологи, олон улсын сайн туршлагад суурилсан байх;
3.1.5.мэргэжлийн байгууллагын удирдлага, зохицуулалтын дагуу тогтвортой хэрэгжих.
Дөрөв.Арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, үйл ажиллагаа
4.1.Арга хэмжээг 2022-2025 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
4.2.Бүх нийтийн англи хэлний боловсролын тогтолцоог хөгжүүлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2022-2023 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.бүх нийтийн англи хэлний боловсролын нөхцөл байдлын судалгаа хийж, хэрэгцээг тодорхойлох;
4.2.2.бүх нийтийн англи хэлний цогц чадамжийн хүрээг олон улсын түвшинд нийцүүлэн боловсруулах (Англи хэлний цогц чадамжийн хүрээ);
4.2.3.англи хэлний багшийн стандарт боловсруулж, англи хэлний багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, түүний магадлан итгэмжлэл, төгсөгчийн мэдлэг, чадварын үнэлгээнд тусгах;
4.2.4.бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих, удирдан чиглүүлэх, зохион байгуулалтыг хангах, суралцахуйн үр дүнг баталгаажуулах чиг үүрэг бүхий мэргэжлийн институцийг бий болгож, чадавхжуулах;
4.2.5.ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын англи хэлний багш нарыг чадавхжуулах;
4.2.6.их, дээд сургуульд англи хэлний багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг чадавхжуулах, англи хэлний олон улсын шалгалтын оноотой төгсгөдөг болгох;
4.2.7.ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчдийг англи хэлний олон улсын шалгалтын оноотой төгсгөдөг болгох, англи хэлний олон улсын шалгалт өгөх боломжийг олгож, төрөөс дэмжлэг үзүүлдэг болох;
4.2.8.оюутан, суралцагч, багш нарын дунд сургалтаас гадуурх англи хэлний төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах;
4.2.9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгтэй төгсөгчдөд гадаадын шилдэг их, дээд сургуульд суралцах англи хэлний бэлтгэл сургалтад дэмжлэг үзүүлэх;
4.2.10.хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчийн англи хэлийг бие дааж, ажлын байрандаа сурч боловсрох, тэдний англи хэлний насан туршийн суралцахуйг дэмжих.
4.3.Иргэдэд өөрийн хэрэгцээнд нийцсэн англи хэлний мэдлэг, чадвар эзэмших, түвшин ахиулах боломжийг бүрдүүлэх, хувилбарт сургалт болон бусад үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлж, бүх нийтийн англи хэлний ур чадварыг баталгаажуулах зорилтын хүрээнд 2024-2025 онд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.ерөнхий боловсролын ахлах анги болон их, дээд сургуулийн зарим хичээл (сонгон судлах, байгалийн ухаан, математик)-ийг англи хэлээр заах багш нарыг мэргэжлийн англи хэлний сургалтад хамруулах;
4.3.2.ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний хөтөлбөр, арга зүй, үнэлгээг англи хэлний цогц чадамжийн хүрээнд нийцүүлэн сайжруулах, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих;
4.3.3.мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад ажлын байранд шаардагдах мэргэжлийн англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
4.3.4.ерөнхий боловсрол, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын багш, суралцагчдын англи хэлний чадамжийг хөгжүүлэх ментор сургалтад дэмжлэг үзүүлэх;
4.3.5.дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарыг англи хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд гадаадын зочин профессор, удирдагч нарыг сайн дурын үндсэн дээр ажиллуулах, судалгааны бүтээл хэвлүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
4.3.6.насан туршийн боловсролын төв болон мэргэжлийн холбоод, сайн дурын үндсэн дээр гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэн, мэргэжлийн байгууллагатай хамтран англи хэлний сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрч, баталгаажуулах ажлыг эхлүүлэх.
Тав.Арга хэмжээний зохион байгуулалт
5.1.Арга хэмжээний хэрэгжилтийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, түүний холбогдох нэгж мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллана.
5.2.Арга хэмжээний 5.1-д заасан байгууллага, түүний холбогдох нэгж нь англи хэлний албан ба албан бус сургалт зохион байгуулах, иргэдийн суралцахуйг чиглүүлэх, дэмжлэг үзүүлэхдээ мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага, олон улсын байгууллага, насан туршийн боловсролын байгууллага, англи хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо, сургалтын төв, иргэнтэй хамтран ажиллана.
Зургаа.Арга хэмжээний санхүүжилт
6.1.Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
6.1.1.улсын болон орон нутгийн төсөв;
6.1.2.гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр;
6.1.3.байгууллагын өөрийн хөрөнгө;
6.1.4.хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
6.2.Арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүжилтийн зардлыг жил бүрийн боловсролын салбарын улсын төсөвт тусгана.
Долоо.Хүрэх үр дүн
7.1.Арга хэмжээг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
7.1.1.англи хэлний боловсролын судалгаа, сургалтын мэргэжлийн институц бий болж, бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хүний болон материаллаг нөөц, сургалтын тогтолцоо бий болсон байна;
7.1.2.төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, багш, англи хэлтэй иргэдийн оролцоог хангасан бүх нийтийн англи хэлний боловсролын эко систем бүрдсэн байна;
7.1.3.ерөнхий боловсрол, дээд боловсролын 50-аас доошгүй сургууль математик, байгалийн ухааны хичээлийг англи хэлээр зохион байгуулсан байна;
7.1.4.ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн ТОЕФЛ Жуниор (TOEFL Junior) болон Duolingo платформ дээр англи хэлний шалгалтын төлбөрийн 50 хувийг төрөөс дэмжлэг үзүүлж, жил бүр ерөнхий боловсролын 12 дугаар ангийн 1800-аас доошгүй суралцагч шалгалт өгч, оноогоо баталгаажуулсан байна;
7.1.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авсан 504 суралцагчийн тодорхой хэсэг англи хэлний шалгалт өгч гадаадын их, дээд сургуульд суралцах англи хэлний болзол хангасан байна;
7.1.6.багшийн мэргэжил дээшлүүлэх цахим картаа ашиглан 1000 багш англи хэлний сургалтад хамрагдаж, англи хэлний олон улсын шалгалт өгч оноогоо баталгаажуулсан байна;
7.1.7.их, дээд сургуулийн 100-аас доошгүй багш англи хэлээр эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл нийтлүүлсэн байна;
7.1.8.бүх нийтийн англи хэлний сургалт тогтмол зохион байгуулагдаж, үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.
---о0о---
Текст томруулах
A
A
A