A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2019 оны  05 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 104

Төрийн ордон, Улаанбаатар хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Хүний амь нас хохирохоос урьдчилан сэргийлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд У.Хүрэлсүх)-т чиглэл болгосугай.

1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд согтууруулах ундааны шошго дээрх эрүүл мэндийн анхааруулгын утга, санаа, илэрхийлэл, тайлбар, эзлэх талбайн хэмжээ, үсгийн бичвэрийн фонд, хэмжээ, харагдах байдал зэргийг нарийвчлан тусгаж нэг загварт оруулах, согтууруулах ундааны спиртийн агууламжийг бууруулах тухай зохицуулалтыг нэмж тусгахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

2. Цахим орчинд тавих хяналтын тухай хууль тогтоомжийг шинээр боловсруулж, нийгмийн сүлжээнд Харилцаа, холбооны зохицуулах хороо болон хууль сахиулах байгууллагаас хяналт тавьж, болзошгүй эрсдлээс сэргийлж, IPTV болон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернетийн сүлжээнд шаардлагатай хязгаарлалтуудыг тухай бүр хийх зохицуулалтыг бий болгох;

3. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, нормативыг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, бусад нөлөөлөх үзүүлэлтийг харгалзан шинэчлэн тогтоох, согтууруулах ундааны импортыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлд тавих хяналтыг чангатгах, энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх цагийн хуваарийг богиносгож 08.00-24.00 цаг болгох, долоо хоног бүрийн нэг өдрийг архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдан борлуулахгүй байх, 400 мл хүртэлх жижгээр савласан архи дэлгүүрээр зарахыг хориглох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

4. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох эрхийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах байгууллагад харьяалуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

5. Улсын хэмжээнд ажиллаж буй хүнсний аюулгүй байдлын лабораторуудыг олон улсын магадлан итгэмжлэлд оруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр чадавхжуулах, олон улсад ашиглагдаж буй стандартуудтай жишсэн үндэсний шинжилгээний арга, аргачлалын стандартыг шинэчлэн боловсруулах, харилцан мэдээллээ солилцох, ялангуяа хүний эрүүл мэндэд хортой бодис илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллах чиглэлээр нэгдсэн бодлого зохицуулалт хийх;

6. Болзошгүй эрсдлээс амь нас, эрүүл мэндээ хамгаалж, анхаарал болгоомжтой аж төрөх, өөрийн болон бусдын амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэхэд дор бүрнээ хариуцлагатай хандах ухамсар, төлөвшил, иргэний хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр 2019 онд олон нийтэд сурталчилгаа хийх;

7. Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;

8. Нас барагсдын нас барсан шалтгааныг шүүхийн шинжилгээгээр нарийвчлан тогтоох, тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох, шинжээч, мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох яам, агентлагуудад чиглэл өгч шат дараалсан арга хэмжээ авах;

9. Хүний биеийн эд эс болон цогцост хийх ДНК шинжилгээний сан бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх;

10. Хот суурин газрын гэр хороолол, орон сууцны хороололд гал унтраах аврах ангийн бие бүрэлдэхүүн, эмнэлгийн түргэн тусламжийн автомашин хүрэлцэн очиж үүрэг гүйцэтгэх зам гарцыг чөлөөлөх, хаягжилт, координацитай болгох ажлыг хэрэгжүүлэх;

11. Ажил олгогч, бизнес эрхлэгчид ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудыг сургаж дадлагажуулах, иргэдийг гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ажиллагаанд сургаж дадлагажуулах, амьдралын зөв дадал эзэмшүүлэх сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх;

12. Монгол улсын хэмжээнд амиа хорлох оролдлого хийсэн болон амиа хорлосон тохиолдлыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлж, холбогдох байгууллагуудын нэгдсэн сүлжээтэй болсны үндсэн дээр хүн амд үзүүлэх сэтгэлзүйн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох;

13. Иргэдийн нас баралтад нөлөөлж байгаа өвчин, эмгэгийн байдалд судалгаа хийж, өвчлөлийг бууруулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, санхүүжилтийг шийдвэрлэх;

14. Эмийн худалдаа, чанар, хадгалалт, эргэлтэд тавих хяналтыг чангатгах;

15. Бизнесийн орчинд хүүхдийн аюулгүй байдал, хамгааллыг хангах, бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, хүүхдийн эрхийг дээдэлж, дэмжсэн маркетинг, сурталчилгааг ашиглах, хүүхдэд зориулсан хүнс, хийжүүлсэн ундааны маркетингийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

16. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиудын ойр орчмын түргэн хоолны болон түргэн үйлчилгээний цэгт хяналт тавих;

17. Хүний эрүүл мэндэд нөлөөтэй эмийн бус бүтээгдэхүүн (чихэр, давс, ханасан тос ихээр агуулсан хүнс, зохицуулах үйлчилгээний хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тамхи)-ий тусгай зөвшөөрөл, бүртгэл, сав, баглаа, боодол, шошгын танилцуулга, зар сурталчилгааг зохицуулах, хянах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

Хоёр. Амьд явах, амьдрахын сайн сайхныг олон нийтэд сурталчлан таниулах, дээрх агуулга бүхий бүтээл, нэвтрүүлэг, мэдээлэлд ард иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалсугай.

Гурав. Энэхүү зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээ, үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, зарлигийн хэрэгжилтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид улирал тутам мэдээлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд У. Хүрэлсүх)-т үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ