- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Засгийн газарт чиглэл өгөх тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр
Дугаар 153
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг. Гал түймэр, гамшгийн аюултай тэмцэх чадавхийг сайжруулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай:
1.1. Гал түймэр, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг бүрдүүлэх, зарцуулах болон тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авах, татвараас чөлөөлөхтэй холбоотой хууль тогтоомжийн зохицуулалтыг судалж, боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
1.2. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд хэрэглэж байгаа техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг стандартын шаардлагад нийцүүлэх, онцгой байдлын байгууллагыг туулах чадвар сайтай машин, холбооны хэрэгслээр хангах болон лабораторийн шинжилгээний багаж, шаардлагатай бусад тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт материалын хангамжийг сайжруулах арга хэмжээ авах;
1.3. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор гал унтраах, аврах анги, шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэх, эрсдэлт нөхцөл байдлыг эрт илрүүлэх, эрэн хайх, аврах, яаралтай тусламж үзүүлэх нисэхийн нэгж байгуулах, ой, хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад гамшгаас хамгаалах ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий албан хаагчийн орон тоог бий болгох асуудлыг судлан шийдвэрлэх;
1.4. Гал түймэртэй тэмцэх, гамшгаас хамгаалах талаарх олон нийтийн санаачилгыг дэмжих зорилгоор орон нутаг дахь ойн анги, нөхөрлөл, сайн дурын бүлгийг сурган дадлагажуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, гал түймэр, гамшиг, ослын голомтод ажилласан тохиолдолд урамшуулал олгох асуудлыг судлан, холбогдох арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;
1.5. Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, аюул тулгарсан тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, зохион байгуулалтын талаар олон нийтийг мэдээлэл, заавар, зөвлөмжөөр хангах, хүүхэд залуучуудад эх оронч, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэвлэл, мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх;
1.6. Гал түймэр, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх чиглэлээр жил бүр хөрөнгө төлөвлөж, болзошгүй эрсдэлийг бууруулах, салбар хоорондын мэдээлэл харилцан солилцох, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шуурхай удирдлагын төвийн чадавхыг сайжруулах;
1.7. Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд тооцох хариуцлагыг чангатгах.
Хоёр. Гамшиг осолгүй, аюулгүй Монгол Улсын төлөө бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх агуулга бүхий мэдээлэл түгээх, бүтээл, нэвтрүүлэг хийх үйлсэд иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг идэвхийлэн оролцохыг уриалсугай.
Гурав. Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр мэдээлж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Ерөнхий сайд У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
