- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр
Дугаар 46
Төрийн ордон, Улаанбаатар хот
Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай
Монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын үнэтэй бөгөөд бахархалт өв, монгол хэл, сэтгэлгээ, соёл иргэншлийн аюулгүй байдлыг хадгалан батжуулагч мөн гэж үзэж; Монгол Улсын иргэний үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж, нөхцөлийг хангах төрийн үүргийг биелүүлэх, Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх үүднээс; 2025 оноос төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага албан бичгээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангахыг удирдлага болгон, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор,
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1.1.6, 3.1.4.2, Монгол хэлний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартыг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг тусган шуурхай боловсруулж, хуульд заасны дагуу батлуулах, цаашид хөгжүүлэн тогтвортой байдлыг хангаж, цахим орчинд үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх талаар бодлого, төлөвлөгөө гарган ажиллахыг Мэдээлэл, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол хэлний тухай хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий судалгааны байгууллагад; үндэсний стандартыг боловсруулах ажилд хяналт тавьж, боловсруулсан стандартыг судалж батлах, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, монгол бичгийн цахим кодчиллын олон улсын стандартад үндэсний стандартыг хэлэлцүүлэх, батлуулах ажлыг зохион байгуулахыг Стандартчилал, тохирлын үнэлгээний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон Монгол Улсын Шадар сайдад чиглэл болгосугай.
2. Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан баталж, 2018 онд багтаан хэрэгжүүлж эхлэх; бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагч хичээлийн хөтөлбөрөөр монгол хэл, бичгийн хичээлийг судлахдаа цахим орчинд монгол бичгийг ашиглах, бичвэр боловсруулах бүрэн чадамжтай болж төгсдөг байх; монгол бичгийн хичээлээр улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулж хэвших; элсэлтийн ерөнхий шалгалт өгөх иргэнээс заавал авах монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох; монгол, хэл, бичгийн хичээлийг үр бүтээлтэй заан сургаж, амжилт гаргаж буй багш нарыг урамшуулж ажиллахыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүрэг болгосугай.
3. Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламж, гудамж, талбайн нэр хаяг, бүтээгдэхүүний шошго, бэлгэ тэмдэг, зар сурталчилгаа зэргийг үндэсний бичгээр бичиж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах; үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлж, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн уг үйл ажиллагаа, аливаа идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжиж, урамшуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагуудад чиглэл болгосугай.
4. Энэхүү зарлигт дурдсан ажлуудад болон монгол хэл, бичиг үсгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар идэвх санаачилга гарган ажиллахыг иргэд олон нийт, эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны ба хэвлэл мэдээллийн байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудад уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A