- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр
Дугаар 09
Төрийн ордон, Улаанбаатар хот
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай
Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах монгол түмний чин хүсэл, олон арван жилийн тэмцлийн үр дүнд харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон, түүхт төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинаа зарлаж, үндэстний сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололт, амжилтыг үеэс үед дурсан бахархаж, үйл хэргийн зорилгыг өнө мөнхөд ухамсарлан сахиж, аливаа түвшинд үл огоорон дээдэлж, хором бүрдээ хүндэтгэн, хянаж хичээвээс зохилтой.
Үүний тулд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг тэргүүлэн удирдсан, манлайлан оролцсон, амь биеийг үл хайрлан зүтгэсэн баатарлаг эх орончид, төр нийгэм, шашны зүтгэлтнүүд, хүнд цаг үед зориг ухаан, тэсвэр хатуужил, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, тууштай тэмцсэн эгэл ард, иргэдийн түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн, тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах ухамсрыг цэгцлэн төлөвшүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүн мөн.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын баатарлаг түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, бодитоор мөнхлөн алдаршуулахын чухлыг онцолж байгаа түүхч эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.
2.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх хүрээнд дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
a) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны ордон, музейн дэргэд /орчимд/ байгуулах;
б) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
в) наймдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх;
г) наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхэтгэл бүтээх.
3.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг угтаж санаачлан сэдэх, бүтээн туурвих, ахих дэвжихийн идэвх гаргаж, бүх нийтийн ариун үйлс өрнүүлэн ажиллахыг ард иргэд, албан байгууллага бүрд уриалсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх